Сүхбаатарын талбайд мөсөн хот урлаж буй мөсөн сийлбэрчин Х.Солонготой цөөн хором ярилцлаа. Түүний хувьд мөсөн урлалын тэмцээнээс олон шагнал хүртэж байсан юм.
-Өвлийн улирлыг мөсөн урлалгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Шинэ жилийн уур амьсгал орсон энэ үед иргэд мөсөн хотхоныг ашиглалтад орохыг хоног тоолон хүлээж байна. Мөсөн хотхоны бүтээн байгуулалт хэзээ бүрэн дуусах вэ?
-Төв талбайд жил бүр мөсөн хотхон байгуулдаг болсон. Энэ жилийн хувьд 20 гаруй сийлбэрчин хамтран, улсынхаа төв талбайд мөсөн хотхон урлаж байна. Бид мөсөн урлалаа энэ сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Миний хийж байгаа мөсөн гулгуур өндөр нь дөрвөн метр. Тиймээс хүүхэд гэлтгүй томчууд хүртэл гулгах боломжтой. Түүнчлэн энд өөр олон төрлийн бүтээл хийж байгаа учраас иргэд уйдах завгүй цаг мөчийг өнгөрүүлнэ гэж итгэж байна.
Энэ жилийн хувьд нийслэлийн дүүрэг бүрт мөсөн урлал сүндэрлэн босож байгаагийн нэг нь төв талбай дахь мөсөн хот юм. Сүхбаатарын талбайд гэхэд 12 жил, метро, хоёр төрлийн өндөр гулсуур хийж байна. Мөн өөр олон мөсөн урлал босно. Бид нарыг ажлаа хийж байхад хажуугаар өнгөрч байгаа иргэд мөсөн хотыг маань хараад "хэзээ дуусах уу, дуусах болж байгаа юм уу" гэх асуултаас нь мөсөн хотыг хоног тоолон хүлээж байгаа нь анзаарагддаг. Үүнээс харахад өвлийн улирлыг мөсөн урлалгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ гэж би боддог.

-Та хэзээ хамгийн анх мөсөөр сийлбэр хийж эхэлсэн бэ?
-Миний хувьд 2004 оноос хойш мөсөн урлал хийж эхэлсэн. Хамгийн анх оюутан байхдаа ангийнхантайгаа хамт төв талбайд мөсөөр урлал хийж байсан. Тухайн үед дүүрэг бүрийн сийлбэрчдийн дунд мөсөөр бүтээл хийх уралдаан зарлагдаж байлаа. Тухайн жилдээ анги хамт олноороо нэгдүгээр байр эзэлж байсан.
Тэр үеэс эхэлж сийлбэр заавал мод байх ёсгүй мөс ч байж болох юм байна гэж бодсон. Үүнээс хойш Монголд мөсөн урлал хөгжсөн гэж боддог.
Харин одоо улам бүр хөгжиж олон улсын тэмцээн уралдаанд монгол сийлбэрчид оролцдог болсон. Ингээд бодохоор би л гэхэд 20 орчим жил тасралтгүй мөсөн урлал хийж явна. Сийлбэрийг ихэвчлэн модоор хийдэг байсан бол мөсөн урлалын хувьд материалын хувьд өөр учраас зориулалтын багаж хэрэгсэл хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, мөсөн урлалыг ихэвчлэн өвлийн улиралд хийдэг учраас хамгийн наад зах нь маш дулаан хувцаслах хэрэгтэй. Тэгээд дээр хэлсэн зориулалтын багаж хэрэгслээ ашиглана.
Хүмүүс мөсийг маш хатуу гэж төсөөлдөг боловч үнэндээ модноос ч зөөлөн. Мод хатуу учир сийлбэр хийхэд ажиллагаа их шаарддаг.
-Сүүлийн жилүүдэд монголын сийлбэрчид гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байна. Таны хувьд олон улсын тэмцээнд хэдэн жил дараалан оролцож байна вэ?
-Монголын сийлбэрчид олон тэмцээнд амжилт үзүүлэх болсон. Хамгийн анх манай ангийнхан Харбин хотод зохиогдсон тэмцээнд оролцож, анхны гараагаа нээсэн. Тэрнээс хойш жил бүр тасралтгүй олон улсын тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байна
Тухайн үед анхны тэмцээн учраас бид ур чадвар, мэдлэг дутмаг байсан. Тиймдээ ч шагнал авахаасаа илүүтэй туршлага хуримтлуулж ирсэн.
Ингээд дараа дараагийн тэмцээндээ оролцож, богино хугацаанд ахиц дэвшил гаргаснаа тэмцээний үеэр харуулсан. Монголын баг тамирчид жил бүр зохиогдох олон улсын тэмцээнд төрөл хамаарахгүйгээр оролцож байгаа. Жишээлбэл, мөсөн урлал, цасан урлал, элс болон жимсээр урлах гэх мэт олон төрлөөр тив дэлхийн сийлбэрчидтэй ур чадвар, авьяас билгээ уралдуулж байна. Миний хувьд анх 2011 онд олон улсын тэмцээнд оролцож байсан. Одоо Словак улсад зохиогдох тэмцээнд нөхрийн хамт бэлдэж байгаа. Олон улсын тэмцээнүүд хэдэн сарын өмнө сэдэв өгч, сэдвийн дагуу эскиз гаргаж, шалгарсан сийлбэрчин тэмцээнд орох эрхээ авдаг онцлогтой.
Олон улсын тэмцээн учраас сэдэв, агуулга нь өргөн цар хүрээтэй байдаг. Мөсөөр урлал хийхэд цаг хугацаа нэлээдгүй шаардагддаг учир богино хугацаанд хийж гүйцэтгэх ёстой болдог. Зарим тэмцээн найман цагийн турш үргэлжилдэг бол зарим нь 3-4 өдөр дараалан зохиогдох тал бий.

-Мөсөн урлал хийхдээ үйлдвэрээс зориулалтын мөс авдаг уу. Эсвэл уран бүтээлч өөрөө мөсөө бэлдэж тэмцээнд оролцдог уу?
-Мөсийг тэмцээн зохион байгуулж байгаа газраас гаргадаг. Мөсний хэмжээ нь 50х100 хэмжээтэй буюу стандарт байх ёстой. Тэрхүү мөсөөр сийлбэрчид сэдвийн дагуу урлалаа хийдэг. Монголд мөсөн урлал илүү хөгжих боломж бий. Яагаад гэвэл мөсний хувьд тунгалаг, өвөл нь хүйтэн учраас сийлбэр хийхэд давуу талтай.
Сүхбаатарын талбай дээрх мөсөн хотхоны мөсөө бид Биокомбинатаас татаж авчирч байгаа. Тиймээс мөс нь тунгалаг, зузаан ирж байгаа.
Заавал мөсний компаниас мөс захиалах шаардлагагүй болж байгаа юм. Монголд мөсөн сийлбэрийн тэмцээн зарласан үед мөсийг байгалиас шууд авчирч болж байна. Гадаадад бол заавал стандарт хэмжээтэй мөсийг үйлдвэрээс авч урладаг. Харин Монголд ямар хэмжээтэй мөс хэрэг болохоос хамаарч тэр хэмжээгээр нуураас авах бүрэн боломжтой. Нуурын мөсөөр хийсэн сийлбэр удаан хадгалах боломжтой. Мөн цаг агаар хүйтэн байх тусам бүтээл удаан оршин тогтоно. Гадаадад бол мөсөн урлал 2-3 хоногийн хугацаатай байдаг. Тэгээд л хайлна. Мөсөөр урлал хийж байхдаа маш няхуур хандах шаардлагатай. Мөс доргилт мэдэрвэл хагарах, цууралт үүсэх эрсдэлтэй. Хэрэв бүтээл хийх явцад хагарч цуурсан үед мөсний үйрмэг хэсгээр нааж болдог.
-Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Үүнээс хамаарч Монгол Улсад олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломж ямар байдаг вэ?
-Монголд олон улсын тэмцээн зохион байгуулах ажил яригдаж байгаа. Өнгөрсөн жилд Монгол Улсад мөсөн урлалын тэмцээн зохион байгуулсан. Энэ үеэр хүрэлцэн ирсэн гадаадын баг бүрэлдэхүүн анх удаа байгалийн мөсөөр урлал хийж байгаагаа дурдаж байсан. Мөн Хөвсгөл аймагт болдог "Хөх сувд"-ны баярт оролцож байсан удаатай. Гадаадын баг бүрэлдэхүүний хамгийн их асуудаг асуулт бол "Яагаад мөс зузаан байна. Мөс ийм тунгалаг байдаг юм уу" гэх мэтээр гайхдаг.
-Таны хувьд "Хөх сувд 2025" тэмцээнд оролцож байсан удаатай. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Миний хувьд жил бүр оролцдог. Дуртай баярын маань нэг гэж хэлж болно. 2025 онд зохион байгуулагдсан "Хөх сувд 2025" тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн. Энэ жилийн сэдэв нь "Монголын бахархал" байсан бөгөөд сэдвийн дагуу сийлбэрчид оюун санааны бүтээлээ биет болгож гаргасан.
Миний хувьд тухайн сэдвийнхээ хүрээнд номонд гардаг үлэг гүрвэлийг онцлохоор болж, хүүхдүүдэд зориулж мөсөн сийлбэрээ хийсэн.
Ном уншсанаар түүхээ мэддэг болно гэсэн санааг давхар шингээхийг хүссэн. Анх зохион байгуулж байхад нь нөхрийн хамт оролцож байсан түүхтэй. Нөхөртэйгөө хамт нэг бүтээл гаргана гэдэг сайхан зүйл. Нөхөр маань хамжаад, дэмжээд хийдэг болохоор сэтгэлд сайхан байдаг. Үүнээс гадна Хөвсгөл далай дээр мөсөн урлал хийх нь өөрөө маш онцлог. Бүтээлээ хийж байхад үед нуурын мөс цуурах гэж байгаа мэт чимээ гаргах нь олонтой.
Цэнгэг мөсөн дээр зогсож байгаад мөсөөр бүтээл урлана гэдэг цаанаасаа гоё мэдрэмж төрдөг.
Мөсөн урлалын холбооны зүгээс өвлийн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах дээр ач холбогдол өгч ажиллаж байна. Гэвч гадаадын томоохон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцоход Засгийн газар болон салбар яамнаас дэмжлэг үзүүлдэггүй. Өнөөдрийг хүртэл хувь уран бүтээлч өөрийн мөнгөөр тэмцээн уралдаанд оролцож ирсэн.












3,607.57




















































sdfadsf 2025-12-19 202.70.46.20
Нэргүй 2025-12-19 202.9.46.239
Хайран хүч хөдөлмөр