niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:32 UTC Эх: https://news.mn/r/2839223/ 3e2f41c576f1e908… ← niitlelch.mn руу буцах

"Ирэх онд эдийн засаг, улс төрийн хүнд сорилтууд хүлээж байна"

"Ирэх онд эдийн засаг, улс төрийн хүнд сорилтууд хүлээж байна"

"Ирэх онд эдийн засаг, улс төрийн хүнд сорилтууд хүлээж байна"

Эдийн засагч А.Энхбаттай  2025 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Оны сүүлийн саруудад төсвийн орлого төлөвлөгдсөн хэмжээнээс тасарч, үүний улмаас төрийн албан хаагчдын цалин, хөлс тэтгэвэр тэтгэмж хугацаандаа олгогдохгүй байх, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсох зэрэг асуудлууд бий болсон. Энэ талаар эдийн засагч хүний хувьд та юу гэж харж байна?

-Таны асуултад хариулахын тулд эхлээд макро эдийн засгийн хэд хэдэн тоо баримт хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт 2025 оны III улирлын хувьд 5.9 хувьд хадгалагдаж, макро орчин ерөнхийдөө тогтвортой байна. Оны эцэст эдийн засгийн өсөлт ойролцоогоор 5.4 хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн таамаглалтай байна. Оны эхний III улирлын байдлаарх тоо мэдээг үзэхэд эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар болон уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөлсөн дүр зураг харагдаж байна. Гадаад валютын албан нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, инфляцийн түвшин 9.2 хувь, төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөг, экспортын хэмжээ 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2  тэрбум ам. доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам. доллар байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл В1,ВВ, В+ тогтвортой байна.

Үүнээс харахад гадаад валютын нөөц нэмэгдсэн, зээлжих зэрэглэл сайжирсан зэрэг Монголын эдийн засаг макро түвшинд харьцангуй тогтвортой мэт харагдаж байгаа ч дотоод бүтцийн эмзэг байдал хэвээр байна.

Монгол Улсын эдийн засагт бүтцийн асуудал давамгайлсаар байна. Эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзэл, ялангуяа гадаад эрэлтийн өөрчлөлт байгаа ч, эдийн засгийн гол асуудал нь уул уурхайд хэт хамааралтай, дунд болон ур хугацааны хөгжилд тулгардаг бүтцийн гажуудалд оршиж байна.  Үүнд, аж үйлдвэржилт дутагдалтай, дэд бүтцийн хөгжил муу, хүний нөөцийн чадавхи сул, төрийн менежментийн үр нөлөө бага байгаатай холбоотой. Эдийн засгийн өсөлт уул уурхай, ялангуяа нүүрсний үнийн уналтаас эдийн засаг ихээхэн хамааралтай, харин өрхийн бодит орлого, амьжиргаанд үзүүлэх эерэг нөлөө сул байна. Төсвийн орлогын бүтэц эрсдэлтэй хэвээр байгаа. Нүүрсний орлого буурснаар татварын орлого шууд тасарч, төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн нь орлогын нэг төвлөрлийг тод харуулж байна.  Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаарх төсвийн гүйцэтгэлийн мэдээг харахад нэгдсэн төсвийн орлого 29,499.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдөж байсан боловч, гүйцэтгэлээр 27,616.5 тэрбум төгрөг орлого төвлөрч, 93.6 хувийн гүйцэтгэлтэй буюу  6.3 хувийн орлого тасарсан. Татварын орлого 25,594.4 тэрбум төгрөг байхаас 23,510.1 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан, үүнээс Орлогын албан татвар 11.5 хувиар, онцгой албан татвар 19.2 хувиар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг орлогууд нь төлөвлөгдсөн хэмжээнээс 5.3 хувиас 7.3 хувь хүртэл хэмжээгээр тасарсан байдалтай байна.

Төсвийн нийт зарлагыг харахад 28,195.5 тэрбум төгрөг байхаас гүйцэтгэлээр 27,378.8 тэрбум төгрөг болж 97.1 хувь буюу 2.9 хувиар тасарсан байна. Үүнээс урсгал зардал 97.2 хувийн гүйцэтгэлтэй буюу 21,471.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 94.4 хувь буюу 5,767.3 тэрбум төгрөг байна.

Төсвийн нийт тэнцэл буюу алдагдал төлөвлөгдсөнөөр 718.5 тэрбум төгрөг байх байтал 1,773.7 тэрбум төгрөгт хүрээд байна. Төсвийн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Монгол Улсын эдийн засаг макро үзүүлэлтийн хувьд тогтвортой байгаа мэт харагдавч, төсөв, санхүүгийн төлөвлөлт алдаатай байгааг харуулж байна. Засгийн газрын түвшинд макро эдийн засгийн төлөв байдал, гадаад, дотоод орчин, үүсэж болох эрсдлийг дутуу дулимаг төлөвлөж, тооцоолсноос шалтгаалан жилийн төсвийн төслийг бэлтгэх боловсруулахдаа хийдэл ихтэй төсвийн төслийг гаргаж, УИХ-ын түвшинд түүнийг хэлэлцэж батлахдаа хэт их Засгийн газар, Сангийн яамны боловсруулсан төсвийн тоо баримтанд итгэж баталдаг, ингэснээр хөөсөрсөн төсөв нь амьдралд хэрэгжихдээ үр дүнгүй, орлого нь тасарч, алдагдал нь төлөвлөснөөс ихсэж, оны дундуур тодотгох нөхцөл байдлыг бий болгож байна. Муу боловсруулагдаж батлагдсан төсөвт хичнээн сайн тодотгол хийж сайжруулах гэж оролдсон ч хожимдсон байдгийг практик харуулж байна. Энэ оны төсвийн хувьд оны эхний 3 сард багтаан төсөвтөө тодотгол хийж өөрчилсөн байсан бол оны эцэст өнөөгийн нөхцөл байдалд арай бага хохиролтой гарах байсан болов уу. Энэ талаар миний бие хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2025 оны эхний өдөр хэлж сануулж байсан боловч анхаараагүй.

Нүүрсний үнэ төлөвлөж байсан 105 ам.доллараас 60-70 ам.доллар хүртэл уначихсан, биет хэмжээ буурсан, эдийн засаг агших нь гадаад дотоод нөхцөл байдлаас тодорхой болчихсоноос хойш зургаан сарын дараа долдугаар сард төсвөө тодотгосон нь алдаа байсан.

Харин муу төсөв боловсруулж, түүнийг хэлэлцэж, баталж хэрэгжүүлсэн субьектүүд ямарч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо үйлчилсээр л байна. Монгол Улсын эдийн засгийн 2025 оны нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл макро түвшинд тогтвортой дундаж өсөлттэй, гэхдээ эрсдэлийг их хэмжээгээр дотроо агуулсан, ядуурал, ажилгүйдэл хэвээр, иргэн, аж ахуйн нэгжийн хувьд татварын дарамттай, өр төлбөртэй, төсвийн хувьд өөрчлөлт шинэчлэлтгүй, цаашдаа улс орны хөгжил дэвшил бий болох боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн жил болж өнгөрсөн гэж хувийн зүгээс дүгнэхээр байна.

 "БАЯЛГИЙН ХАРААЛД НЭРВЭГДСЭН УЛС ОРОН БАЙГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ"

-Та түрүүн яриандаа бүтцийн болон мөчлөгийн асуудлын талаар хэллээ. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал мөчлөгийнх үү, эсвэл бүтцийнх үү?

–Би өмнө нь хэлсэн, аль аль шинж ажиглагдаж байна. Богино хугацаанд түүхий эдийн үнийн мөчлөг нөлөөлж байгаа ч урт хугацаанд институцийн сул тал, эдийн засгийн төрөлжилт дутмаг байдал зэрэг бүтцийн асуудал давамгайлж байна. Хэрвээ томоохон хэмжээний суурь шинэчлэлтийн бодлого, өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол энэ байдал дунд болон урт хугацаанд үргэлжлээд явна. Тийм учраас аль болох уул уурхайн салбарыг богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгоход ашиглах нэмэртэй ч бид дунд болон урт хугацаанд уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлэх, түүнд төрийн бодлогыг чиглүүлэх ач, холбогдол өгөх хэрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд дараахь хэд хэдэн тогтолцооны шинэчлэлтийг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээрт, аж ахуйн нэгж, хүн ам, нэмэгдсэн өртөг, үл хөдлөх хөрөнгийн татварын асуудлуудыг хамруулсан татварын цогц шинэчлэлтийн бодлогыг хийж хэрэгжүүлж эхлэх, Хоёрдугаарт, албан журмын даатгуулагч болох ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тэтгэвэр, тэтгэмжийн өнөөгийн байдал болон аж ахуйн нэгж, иргэн, өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхтэй уялдуулан нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэн өөрчлөх, гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог эрс өөрчлөн, эрүүл мэндийн салбарыг сэргээх, дөрөвдүгээрт, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үйл ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоотой уялдуулах, шаардлагатай бол зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн хөрөнгө, санхүүжилтийг үе шаттайгаар олон нийтийн оролцоотойгоор хяналтанд хувьцаа хэлбэрээр шилжүүлэх, тавдугаарт, төрийн албаны үр ашиггүй өнөөгийн тогтолцоог зогсоох, захиргааны төрийн албан хаагчдын тоог багасгах, төрийн хүнд суртлыг бодитойгоор бууруулах, яамдын тоог цөөрүүлэх, Үндсэн хуулиар яамдын тоо, нэрийг хатуу тогтоож өгөх, зургадугаарт, төрийн бүх шатанд үүрэлсэн авилгал, хулгайг зогсоох, хариуцлагыг ил тодоор ногдуулдаг байх, Авилгалтай тэмцэх газар, Үндэсний аудитын газрыг бодитоор улс төрөөс хараат бус, мэргэжлийн байгууллага болгох, шаардлагатай бол Үндсэн хуулийн байгууллага болгох, Аудитын дэргэд төрөлжсөн шүүхтэй болох зэрэг асуудлуудыг хийх хэрэгтэй байна.

-Монголын өнөөгийн эдийн засгийг тайлбарлахад ямар онолын хүрээ илүү тохиромжтой вэ?

-Монголын эдийн засгийг тайлбарлахад жижиг нээлттэй эдийн засаг, баялгийн хараал, мөн институцийн эдийн засгийн онолуудын хослол илүү тохиромжтой. Цэвэр нэг онолоор тайлбарлах боломж хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл хүн ам цөөн, эдийн засгийн багтаамж жижиг, газар нутгийн байрлал, далайд гарцгүй, хоёр том гүрний дунд орших зэрэг онцлог шинжтэй. Нөгөө талаар 2000-аад оны дунд үеэс эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбарын эзлэх байр суурь ихэссэнтэй холбоотойгоор төсвийн орлого болон эдийн засгийн өсөлт нь түүнээс хэт их хамааралтай болж ирсэн. Төсвийн орлого нь газрын доорхи эрдэс баялаг болох нүүрс, алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ болон олборлолт, гадаад зах зээлийн эрэлт нэг худалдан авагчтай байдгаас ихээхэн хамааралтай, төсвийн зарлага нь төсвийн орлогын өсөлт бууралтаас үл хамаарсан хэт их тэлэлттэй, халамжийн тогтолцоог хөхүилэн дэмжсэн, авлигал ихтэй, төрийн хүнд суртал дамвамгайлсан, төрийн өмчийн болон орон нутгийн компаниуд нь хулгайчдаар дүүрсэн, үүнээс хамаарсан үрэлгэн эдийн засгийн бүтэц бүхий баялгийн хараалд нэрвэгдсэн улс орон байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн түүнчлэн институци талаас нь авч үзвэл тогтворгүй, сайн засаглал дутмаг, хэт улс төржсөн, зөвхөн улс төрчдөд үйлчилдэг яам, агентлагуудын бүтэцтэй, шүүхийн ил тод, нээлттэй байдал сул, авилгал, хулгайтай тэмцэх хууль хүчний байгууллагууд нь сул дорой, чадваргүй, тууштай биш, улстөрчдийн халаасанд орсон байгууллагуудтай болсон.

Энэ бүгдийг өөрчлөн сайн засаглалтай, ил тод, нээлттэй, иргэдийн хяналт оролцоотой, шудрага шүүхийн тогтолцоотой, авилгалтай эрс тэмцдэг, хуулийг хатуу чанд мөрдөж хэрэгжүүлдэг байдлыг бүхий л шатанд мөрддөг ийм институцийн тогтолцоо ус, агаар шиг хэрэгтэй байна.

Үүний дараа л бид хөгжлийн тухай, орлоготой өрх, иргэн, аж ахуйн нэгжтэй, шинэ технологи, инноваци, шинжлэх ухаан мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийн тухай ярих боломж бүрдэнэ.

-Эдийн засгийн мөчлөгт тааруулсан төсөв, мөнгөний бодлого 2025 онд хэрэгжүүлж чадсан гэж харж байна уу?

-Макро эдийн засгийн удирдлагын тогтолцоонд мөнгөний бодлого ба төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн хоёр гол хэрэгсэл болж байгаа. Эдгээр бодлогуудын зорилго, хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь өөр боловч нэг нийтлэг зорилготой буюу эдийн засгийн өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэх, инфляцийг хяналтад байлгах, ажилгүйдлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Тиймээс эдгээр бодлогын үр нөлөө нь тус тусдаа хэрэгжихээсээ илүү уялдаа холбоо, харилцан зохицолтой хэрэгжих үед илүү хүчтэй, үр дүнтэй болдог. Мөнгөний бодлого нь төв банкны зүгээс мөнгөний нийлүүлэлт, хүүгийн түвшин, зээлийн нөхцөлд нөлөөлөх замаар эдийн засгийн идэвхжилийг зохицуулдаг бол төсвийн бодлого нь засгийн газрын орлого, зарлага, татварын бодлогын өөрчлөлтөөр дамжин нийт эрэлтийг удирддаг. Эдгээр бодлогын хоорондын зохицол тааруу байх, эсвэл зорилго нь зөрчилдөх тохиолдолд эдийн засагт эрсдэл үүсэж, инфляци өсөх, зээлжих нөхцөл хүндрэх, өсөлтийн цикл савалгаатай болох зэрэг сөрөг үр дагавар гардаг. Иймээс мөнгөний бодлого ба төсвийн бодлогын уялдаа холбоо, хамаарал, нийцтэй байдлыг шинжилж судлах нь макро эдийн засгийн үр ашигтай засаглал, тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын эдийн засгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төсөв болон мөнгөний бодлого нь төрийн эдийн засгийн бодлогын гол арга хэрэгсэл бөгөөд эдийн засгийн нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг үр дүнтэй явуулахад төрийн байгууллагын бүтцийн болон албан хаагчийн тогтворгүй байдал, эдийн засгийн шийдвэр гаргах процессод улс төрчдийн нөлөө их байсан нь сөргөөр нөлөөлсөөр байна.

Макро эдийн засгийн бодлогын хувьд төрийн оролцоо, төсөв дамвамгайлан тогтож байгаа тул инфляцийг бага түвшинд тогтвортой барих мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төсөв болон мөнгөний бодлогыг тэнцвэртэй, харилцан уялдаатай хэрэгжүүлэхэд хүндрэл учирсаар байна. Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болох Монголбанк болон Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, бусад холбогдох байгууллагууд хоорондоо харилцан мэдээлэл солилцож хоорондоо уяалдаатай байх, харилцан ойлголцож, хамтран шийдвэр гаргах, төрийн эдийн засаг, төсөв давамгайлсан бодлого хэрэгжиж байгааг анхаарч мөнгөний бодлогын шийдвэрт эдийн засгийн өсөлт дэмжсэн гол зорилгын төлөө улс төрөөс хараат бус шийдвэр гаргах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд улсын гадаад өр болон төсвийн алдагдал нэмэгдэж байхын зэрэгцээ инфляци болон зээлийн хүү өндөр байгаа нь урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангах төсөв, мөнгөний бодлогын уялдаатай байдал, түүнийг тэнцвэртэй зохицуулалт хийх талаар Засгийн газрын түвшинд арга барилаа шинэчлэх шаардлагатай.

Энэ оны эхний хагас жилд явуулсан төсвийн бодлого нь эдийн засгийн мөчлөгийн үед төсвийн зарлагын хувьд тэлэх хандлагатай байсан нь инфляцын дарамтыг хадгалж үлдсэн. Харин мөнгөний бодлого хожуу, хязгаарлагдмал нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болно.

Төсвийн зарлагын нийт өсөлтийн хэмжээ нь мөнгөний бодлогыг сулруулах боломжийг бүрдүүлэхгүй байсаар байна. Энэ нь эргээд бодит эдийн засагт нөлөөлж, зээлийн хүүгийн түвшин болон аж ахуйн нэгжид олдох хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байх нөхцлийг бүрдүүлж байна.  Төсвийн зарлагын хувьд урсгал зардлыг ДНБ-тэй харьцуулсан харьцааг бууруулсан хэдий боловч, зарлагын үр ашигтай байдал, бүтээмжгүй байх асуудал хэвээр оршсоор л байна. Хөрөнгийн зардал буюу хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөл, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн жил ирэх тусам нэмэгдэж байна. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй, техник эдийн засгийн тооцоо судалгаа хийгдээгүй төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж байгаа нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах үндэслэлийг бий болгож байна.  Манай эдийн засагт бодит эдийн засгийн өсөлтийг бий болгох, нэмэгдүүлэх зорилгыг хангах мөнгөний болон төсвийн бодлогын орон зай жил бүр хумигдаж, үгүйлэгдсээр байна.

"БАЯЛАГТАЙ УЛС ОРНУУДАД ТОХИОЛДДОГ БЭРХШЭЭЛ, СОРИЛТУУД ЭЭЛЖ ДАРААТАЙГААР БИДЭНД ТУЛГАРСААР БАЙХ БОЛНО"

 -Монгол Улсын уул уурхайн салбарын орлого нь эдийн засгийн тогтвортой байдалд яаж нөлөөлж байна бэ?

–Богино хугацаанд валютын урсгал, төсвийн орлогыг дэмжсэн ч урт хугацаанд эдийн засгийн төрөлжилтийг сааруулж, эрсдэлийг ихээр хуримтлуулж байна. Тухайлбал энэ оны нүүрсний экспортыг аваад үзэхэд 2025 оны эхний арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 4.897.3 сая ам.долларын 73.818.6 мян.тн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 3.156.2 (-30.2%) сая ам.доллар, биет хэмжээгээр 209.2 мянган тонн (0.3%) буурсан. Эндээс харахад нүүрсний биет хэмжээний экспортын  бараг адилхан боловч үнийн дүнгээр 3.1 тэрбум ам долларын орлого буурсан байна. Нүүрсийг 100 хувь Хятад руу экспортолсон. Зэсийн баяжмалын экспортын хувьд авч үзэхэд 2025 оны эхний арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 5.067.0 сая ам.долларын 2.040.9 мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 2.129.8 (72.5%) сая ам.доллар, биет хэмжээгээр 526.7 (34.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Зэсийн баяжмалыг 100 хувь Хятад руу экспортолсон байна. Харин алтны экспортын хувьд 2025 оны эхний арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 981.$ сая ам.долларын 8.927.4 кг алт экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 135.3 сая ам.доллароор өсч, биет хэмжээгээр 2.096.0 (18.7%) кг-аар буурсан байна.

Арваннэгдүгээр сарын байдлаар аваад үзэхэд дөнгөж 73.8 сая тонн нүүрс экспортолсон байгаа бөгөөд төлөвлөгөөгөөр 85 сая тоннд хүргэх зорилтыг хангаж чадахааргүй байна. Мөн зэс болон алтын биет хэмжээ төлөвлөж байснаас доогуур гүйцэтгэлтэй гарах нь тодорхой болж байна. Үүнээс шалтгаалан төсвийн орлого, тэр дотроо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурснаар төсвийн орлого талд эрсдэл үүсэж, улмаар эдийн засгийн тогтворгүй байдалд шууд нөлөөлж байна.

– Ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг та юу гэж харж байна бэ.Мөн ойрын 2–3 жилд Монгол Улсын эдийн засагт учрах  хамгийн том эрсдэл юу вэ?

–Ирэх онд дэлхий нийтээр түүхий эдийн үнэ буурах, гадаад орчны доргилт, дотоод бодлогын тогтворгүй байдал давхцвал манай улсын эдийн засаг огцом агших эрсдэл бодитой байна. Эдийн засгийн бодлогыг богино хугацааны өсөлтөөс илүү бүтээмж, институцийн чанар, тогтвортой байдлыг зорьсон байдлаар дахин чиглүүлэх шаардлагатай. Учир нь өсөлт өндөр бүтээмжтэй, гэхдээ ажил эрхлэлт бага шаарддаг салбаруудад төвлөрч байна. Мөн инфляци нь бодит орлогын өсөлтийг “идэж” байна.

Төсвийн хувьд энэ оны сүүлийн эдийн засгийн засгийн төлөв байдлаас болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын гаргасан прогнозоос харахад түүхий эдийн ялангуяа нүүрсний үнэ ойрын 2-3 жилийн хугацаанд сэргэхгүй байх хандлагатай байна.

Тийм учраас бидний өмнө оны эхний улиралд багтаан орлогоо дахин тодотгож бууруулах энэ хэмжээгээр зардлыг бууруулах, төрийн албанд томоохон бүтцийн өөрчлөлт хийх, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн оролцоотой хяналттай нээлттэй хувьцаа хэлбэртэйгээр шилжүүлэх, татвар болон зарлагын томоохон реформыг хийх, нийгмийн хамгааллын тогтолцоонд дорвитой шинэчлэлт хийх, гадаадын хөрөнгө оруулалтын бодитойгоор орж ирэх нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон ажлуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Ирж байгаа цаг хугацаа биднийг сорих сорилтууд улам ихээр хуримтлагдаж байна. Угаасаа газрын доорхи эрдэс баялаг, түүхий эдийн баялагтай улс орнуудад тохиолддог бэрхшээл, сорилтууд ээлж дараатайгаар бидэнд тулгарсаар байх болно. Ирэх онд эдийн засаг, улс төрийн хувьд илүү хүнд сорилтууд бидний өмнө хүлээж байна.

-Эцэст нь таниас асуухгүй байж болохооргүй нэг асуудал нь саяхан Оюутолгойн ордын ашиглалтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсголыг эдийн засагч, санхүүч мэргэжлийн хүний зүгээс юу гэж дүгнэж харж байна бэ?

-УИХ-аас зохион байгуулсан Оюутолгой төслийн ашиглалтын талаархи хяналтын сонсгол нь Монгол Улсын хамгийн том, хамгийн чухал стратегийн хөрөнгө оруулалт болохын хувьд энэ төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын асуудлыг Парламентын түвшинд нээлттэй хэлэлцсэн нь маш чухал. Энэ сонсголоор энэхүү төслийн талаарх санхүү, үйл ажиллагаа, орлого, татвар төлөлт, гэрээний хэрэгжилт зэрэг мэдээллүүд болон тухайн төсөл яригдаж байх үеийн улс төр, эдийн засгийн орчин, гэрээ, хэлэлцээрийг хэрхэн байгуулсан зэрэг олон асуудлыг төслийн хэлэлцээрийг гадаад талтай гардан байгуулсан гэрчүүдийн оролцоотойгоор иргэд олон нийт мэдэж авсан нь давуу талыг бий болгосон.

Харамсалтай нь энэ төслийн хувьд Монголын талд ирэх үр өгөөж өнөөдрийг хүртэл байхгүй, хүүгийн төлбөрт нь түүнээс гурав дахин илүү төлбөрийн дарамтанд орчихсон байдал нь улам хүндэрсэн байдлыг харуулж байна.

Монгол Улс газрын доорхи эрдэс баялагаа гадаадын компанид ашиглуулсныхаа төлөө их хэмжээний хэдэн арван тэрбум ам.долларын өрөнд орчихсон байгаа нь баялагийн хараалын нэг шинжээр тодорхой тод томруунаар харуулж байна. Иргэд, олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон тал болж хуваагдах, улс төрийн маргаан болж хувиргах, хэн нэгнийг буруутгах, үүнээс популистууд өөрсдийгөө дөвийлгөн харуулах боломж болгон ашиглах, улс төрийн хонжоо хайх, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах зэрэг бэрхшээлүүдийг энэ сонсголын дараагаар эцэс төгсгөлгүй үргэлжлэх хандалагатай болж байна. Хэрвээ ийм байдал удаан үргэлжилбэл монголчуудад ирээдүйд илүү хохирол учрах нь тодорхой.

Иймд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс, УИХ, Засгийн газрын зүгээс, улс төрийн намуудын түвшинд Оюутолгой төслийн талаар Үндэсний нэгдмэл нэг ойлголт, үзэл баримтлал, зарчимыг нэн яаралтайгаар тодорхойлох, Рио тинтогийн талтай маш хурдан яриа хэлэлцээнд орж төслийг монголчуудад өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг эргүүлж олж авах, ирээдүйд монголын хөгжилд үр өгөөжтэй байлгах хувилбарыг шийдэхийг уриалж байна.Өөрөөр хэлбэл бид ирэх 2026 оныг Оюутолгой төслийн үр өгөөжийг монголд авчрах он болгох зорилтыг тавибал илүү ач холбогдолтой болохыг дурьдахыг хүсэж байна. Мэдээж хүнд хэцүү бэрхшээл сорилтуудыг даван туулах нь тодорхой боловч, нийтээрээ үүнд зүтгэвэл баялагаа монголдоо авч үлдэх боломж байгаа гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Монгол улсааа гэж 2025-12-15 202.70.43.34

Ард Иргэдийнх нь Сэтгэл санаа нь Бусдыг үзэн ядсан, гадуурхсан, Бусдын Хэрүүл тэмцэлийг сонирхсон, Авгай нөхөрийн хэрүүл, Бусдын хийж бүтээсэнд атаархсан, мөчөөрхсөн, шүүсэн шүүмжилсэн гэх гэх мэт ….. мөнхийн Сэтгэлийн Хөөрөл, Уналтанд автаж явдаг болохоор түүгээр нь Нйигэм Улс орны аж амьдрал нь бүтээгдэж өнгө төрх нь тодорхойлогдож бүтээгдэж бх вмдоо

Avatar

Нэргүй 2025-12-15 103.57.94.152

Зардал тасарсан гэх бус хэмнэсэн гэдэг юм.

Avatar

Нэргүй 2025-12-15 66.181.191.42

хүний ярьсныг аятайхан найруулж бичиж сурах хэрэгтэй. редактор бну энэ сайтуудад

Avatar

Иргэн 2025-12-15 66.181.176.138

Мэргэжлийн, туршлагатай хүний хувьд асуудлыг маш зөвөөр харж байна гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2025-12-15 103.212.119.88

ha

Avatar

Нэргүй 2025-12-15 66.181.182.34

Баялагийн х****л гэж байдаггүй юм. Ёс зүй, зохион байгуулалтын муу байдал гэж байдаг юм

Avatar

сдаөс 2025-12-15 103.168.34.239

Оюун Эрдэнийн гар хөл математикийн багш Ууганбаатарын дэргэд мэргэжлийн хүн байна даа

Avatar

Буруу 2025-12-15 202.9.46.60

Худлаа мэдээ өгч байна.

Avatar

Нэргүй 2025-12-15 43.242.242.59

АН болон МАН-ын хоорондын тэмцлийн үр дүнд улс орны эдийн засаг доройтож иргэдийн амьдрал хүндэрч байна. Нам байсан цагт тэмцэл байсаар байна. Намын үүрэг ролийг байхгүй болгож Ерөнхийлөгчийн засаглалтай болох юм бол монгол улс хөгжих боломтой. намдагасан хүмүүсийг цалинжуулах гэж Засгийн газар зовж байна.

Avatar

Нэргүй 2025-12-15 203.91.115.48

2026 оны төсвийн нийт орлого, зардлыг 28 их наядад барих хэрэгтэй. 5-6 их наядаар танах.

Avatar

Нэргүй 2025-12-15 103.229.121.169

Лиценз, зөвшөөрлийг хялбарчлах

Avatar

Нэргүй 2025-12-15 103.229.121.169

Боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын дэд бүтэц

Avatar

Иргэн 2025-12-15 66.181.171.98

Зөв зүйтэй, ийм хүний үгийг сонсохгүй хүлээж авдаггүй малнууд их байна, энэ баян малчдын НДШ-ийг төсөв дээр авахаа болимоор юма, бас Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийг баян малчид, зээл авах шаардлагагүй хүмүүст өгдөгөө болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж