niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:00 UTC Эх: https://news.mn/r/2838798/ 7136b53e73723e1d… ← niitlelch.mn руу буцах

Намууд санхүүгийн тайлангаа бодитой гаргаж байж, төсвөөс санхүүжилт авна

Намууд санхүүгийн тайлангаа бодитой гаргаж байж, төсвөөс санхүүжилт авна

Намууд санхүүгийн тайлангаа бодитой гаргаж байж, төсвөөс санхүүжилт авна

Улс төрийн намуудад төрөөс олгож эхэлсэн санхүүжилт, санхүүгийн тайлангийн талаар Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар намууд санхүүжилтээ ил тод болгох үүрэг хүлээж байгаа.  Энэ шаардлагыг улс төрийн намууд биелүүлж чадаж байна уу. Мөн улс төрийн намуудад төсвөөс санхүүжилт олгож байгааг буруутгах хэсэг бий? 

-Улс төрийн намуудад төрөөс яагаад санхүүжилт олгож байна вэ гэдэг үзэл баримтлалаас эхлэх нь зөв гэж бодож байна. Үндсэн хууль, ардчиллыг хамгаалж байгаа гол институци бол улс төрийн намууд юм. Улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр шууд институци болдоггүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой, үзэл баримтлал нь олон нийтэд ил тод байх ёстой, ямар чиг баримжаатай нам гэдгийг ард түмэн мэдэх бололцоог бүрэн хангасан байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, нам нь дотооддоо ил тод байдлыг хангах шаардлагатай. Мөн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахаас гадна санхүүжилээ хаанаас бүрдэж байгаагаа олон нийтэд мэдээлэх ёстой. Төсөв мөнгөө намын гишүүдээс бүрдүүлж байна уу, өөрсдийн төсөв мөнгөөр бүрдүүлж байна уу, эсвэл төрөөс олгож байгаа дэмжлэгээр явуулж байгаа нь тодорхой байх ёстой байдаг. Энэхүү агуулгын хүрээнд СЕХ шинэ хуулийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хууль. Өмнө нь улс төрийн намуудад төрөөс дэмжлэг олгодог байсан.

Гэхдээ өмнө нь олгож байхдаа төсвөөс өгсөн санхүүжилтийг юунд зарцуулах, зарцуулсан төсөв мөнгөний тайлан хэзээ гарах ёстой, олон нийтэд танилцуулах орчин нь ил тод байгаагүй учир анх удаагаа улс төрийн намуудад төрөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлж байгаа мэтээр ойлгоход хүрсэн. Энэ нь мэдээллийн зөрүү, эрх зүйн орчин тодорхой бүрдээгүй байсантай холбоотой юм. СЕХ-ны хувьд зөвхөн тоо бодож араас нь хяналт тавихаас илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх юм.

Улс төрийн нам  нь Үндсэн хуульд заасан ардчиллыг бэхжүүлэх институци болж чадах уу гэдэг дээр анхаарч намуудтай хамтарч ажиллаж байна. Сонгуульд оролцдог намуудын үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр улс төрийн намууд үйл ажиллагааг тогтмол явуулдаг байх ёстой. Тиймээс энэ тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлага байна. Энэ талын туслалцаа дэмжлэг дутагдаж байсан учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй зарим намуудыг иргэд олон нийт мэдэхгүй байна.

Харин парламентад суудалтай, үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг намын талаарх мэдээллийг иргэд сайн мэддэг. Улс төрийн 37 нам ямар үзэл баримтлал, ямар үйл ажиллагаа явуулдгийг иргэд төдийлөн мэддэггүй учир мэдээллийг ил тод болгох, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхой байх ёстой. Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намд дэмжлэг олгох үндсэн шалгуур нь ард түмнээс дэмжлэг авч чадаж байна уу гэдэг шалгуурыг хамгийн түрүүнд тавьдаг.

УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын нэг хувийн дэмжлэг авч чадсан нам бол төсвөөс дэмжлэг авах босгыг давж байна гэсэн үг.

Тухайн намын үйл ажиллагаа ил тод, санхүүгийн тайлангаа үзэн зөв өгч байна уу, гишүүдийн дэмжлэгээр татвараа бүрэлдүүлсэн эсэх нь чухал. Нөгөөтэйгүүр, дан ганц татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг нягталж үзсэний үр дүнд  санхүүжилтийг олгохоор хуульчилж өгсөн байдаг. Нэгдүгээрт, ард түмний дэмжлэг байх ёстой, хоёрдугаарт, намууд үйл ажиллагаагаа тодорхой явуулдаг байх ёстой буюу санхүүгийн тайлангаа гаргаж өгснөөс хамаарч төрөөс олгож буй  дэмжлэгийг олгодог.

-Улс төрийн намын хамгийн чухал зүйл бол намын гишүүд байдаг. Намууд гишүүдээсээ татвар авч санхүүжилтээ бүрдүүлдэг. Тэгвэл улс төрийн намууд намын гишүүдээс дэмжлэг авах, төрөөс дэмжлэг авсан хэдэн нам, эвсэл байгаа вэ?

-УИХ-д суудалтай таван нам төрөөс санхүүжилт авч байгаа бөгөөд үүнээс гадна парламентад суудалгүй нам хүртэл байгаа. Үүнд, Үнэн ба зөв нам санхүүжилт авах босгыг хангасан гэж ойлгож болно. Нам үйл ажиллагаагаа ил тод, зорилго мөрийн хөтөлбөрийг гишүүддээ танилцуулж, ил тод байдлыг хадгалах тусам үзэл санаагаар дэмжих, үзэл бодлоор нэгдэх иргэд дэмжигчид гарч ирнэ. Энэ агуулгаар намын гишүүд нэмэгдэх бөгөөд намын гишүүдэд оногдох татварын хэм хэмжээг тухайн нам дүрмээрээ тогтоодог. Нөгөө талаараа намын гишүүн болохгүй байсан ч намын үйл ажиллагааг  дэмжих буюу хандив өгч болдог бөгөөд хандивын  хэмжээг хуулиар маш сайн тодорхой тусгаж өгсөн байдаг.

Тухайлбал, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын хууль нь харилцан адилгүй учир сонгуулийн үед хувь иргэнээс 5 сая төгрөг, хуулийн этгээд 30 сая төгрөгийн хандив өгөх бүрэн эрхтэй.

Улс төрийн намын тухай хуульд мөн хандив авахыг хориглосон этгээдийг зааж өгсөн байдаг. Үүнд, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд, насанд хүрээгүй иргэн, гадаад улсын иргэнээс улс төрийн нам хандив авч, сонгууль болон улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглож өгсөн. Хандив авсан тохиолдолд тухайн хандивыг буцаан шилжүүлэх арга хэмжээг авдаг.

Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулдаг газар учир хуулиар хэн нэгэн хүнд хариуцлага тооцох, мөрдөн шалгах, гэмт хэргийг шалгаж тогтоодог чиг үүргийг хэрэгжүүлдэггүй. Тиймээс Сонгуулийн хуульд зааснаар хандив авахыг хориглосон этгээдээс хандив авсан тохиолдолд буцаан шилжүүлэх ёстой. Хэрэв буцаан шилжүүлэлт хийгдээгүй үед Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулдаг. Тэр торгуулийг хэн оногдуулах нь зөрчил шалган шийдвэрлэх хуулиар маш тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд эрүүгийн хэргийг шүүх шалгасны хүрээнд зөрчил гарсан үед торгууль ногдуулдаг байгаа. СЕХ-нд аль хүртэлх хугацаанд хамааралтай нь нэр дэвшиж байх үедээ зөрчил гаргасан нь хяналтын байгууллагаар тогтоогдсон бол тухайн нэр дэвшигчийн нэрийг хасах эрх нь СЕХ-нд бүрэн байдаг. Тогтоогдох нь харилцан адилгүй байдаг тул эрх бүхий байгууллага нь шалгаж, шийдвэр гаргасан байх, тухайн шийдвэр нь хуулиар хүчин төгөлдөр байх шаардлагатай юм.

-Энэ он дуусахаас урьтаж, улс төрийн намууд санхүүгийн тайлангаа үнэн зөв тайлагнаж, мөн намын дүрмээ шинэчлэн Улсын дээд шүүхээр баталгаажуулах ёстой. Одоогоор хэдэн нам дүрмээ шинэчлэн баталгаажуулсан бэ?

-Энэхүү хууль 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас намуудаас тайланг нь анх удаа авах гэж байна. Өмнөх тайлангууд нь хууль хэрэгжихээс өмнөх тайлан байсан гэж ойлгож болно. Харин одоо шинэ хуулийн дагуу санхүүжилт болон бүх шаардлагыг тавьж, ирэх оны хоёрдугаар сараас авч эхлэх гэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд өмнө нь улс төрийн намуудыг үйл ажиллагаа, ил  тод байдал нь хангадаггүй байсан юм. Тухайлбал, улс төрийн нам зөрчил гаргавал ямар хариуцлага тооцож байгаа нь тодорхой бус байсан бол энэхүү хуульд заасан зохицуулалтаар бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Хэрвээ аль нэг нам зөрчил гаргавал түүнд ногдуулах арга хэмжээг бодиттой хүлээлгэдэг байх ёстой юм. Хүлээлгэсэн хариуцлагыг олон нийтэд ил тод мэдээлэх гэх зарчмыг баримталж ажиллахаар төлөвлөж байна.

Улс төрийн намын тухай хууль хоёр том бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт, улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаа, ил тод байдал тусгагдсан. Харин хоёрдугаарт хэсэг нь санхүүжилтийн ил тод байдал хамаардаг. Улс төрийн намын тухай хууль батлагдсанаар дагаж мөрдөгдөх ёстой журмын тухай хууль батлагдсан.

Энэхүү хуульд улс төрийн намууд дүрмээ нийцүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дотор нийцүүлж Улсын дэд шүүхэд хүргүүлэх ёстой. Тиймээс энэ оны туршид улс төрийн намууд дүрмийн шинэчлэл хийх ажлыг хүргүүлж байгаа. Улсын дээд шүүхийн мэдээллээр Иргэдийн оролцооны нэгдэл нам өнөөдрийн байдлаар шинэ хуульдаа нийцүүлж хүргүүлсэн. Дотоод зохион байгуулалтай холбоотой асуудлаар дүрмийн шинэчлэл бүртгүүлсний дараа харьцуулж харах боломжтой гэж үзэж байгаа.

-Улс төрийн долоон намд төрөөс дэмжлэг олгохоор болсон. Гэтэл Үнэн ба зөв нам төрөөс санхүүжилт авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тус нам төсвөөс санхүүгийн дэмжлэг авахаас татгалзсан шалтгаан нь юу юм бол?

-Үнэн ба зөв нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцоод нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авч, шалгуурыг давсан. Тиймээс төсвөөс санхүүжилт авах эрх нь үүссэн. Гэхдээ санхүүжилт авахын тул дахин шалгуурт тэнцэх ёстой. Тэр нь намын үйл ажиллагаа ил тод байдал, намын санхүүгийн тайлангаа бодит гаргаж өгсөн үү гэдэг асуудал тулгарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, нам тайландаа тусгасан орлого нь бодит орлогоос бүрдэж байгаа нь хамаардаг. Үнэн ба зөв нам СЕХ-д хүсэлтээ гаргаж өгсөн. Тэрхүү хүсэлт нь улс төрийн намуудад олгож байгаа санхүүжилт авахаас татгалзаж байна гэх хүсэлтээ мэдэгдсэн. Улс төрийн намуудад олгож буй санхүүжилтийг авахын тулд тухайн намын тайланд тусгагдсан хандивын орлогын хэмжээнээс шууд хамаардаг. Тиймээс санхүүжилт авах шаардлыг Үнэн ба зөв нам хангаагүй учраас олоогүй. Энэ нь зөвхөн 2025 оны тухайд юм. Ирэх 2026 онд үйл ажиллагааны тайланг илүү тодорхой гаргаж гишүүдээс авсан татварын хэмжээг тусгаж өгвөл дахин санхүүжилт авах эрх нь үүснэ.

-Улс төрийн намуудын илгээж буй тайлан ил тод, үнэн зөв эсэхэд хэн хяналт тавьж ажиллах вэ. Шинэчилсэн хуульд тайлангийн асуудал тусгаж өгсөн болов уу?

-Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар бол нам өөрийн тайланд хувийн аудитын газрыг сонгож дүгнэлт гаргадаг зохицуулалтай байсныг өөрчилсөн. Нэгдүгээрт, хувийн хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах ёстой, гэхдээ ямар хуулийн этгээд байх болон хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлж сонгох эрхийг СЕХ-нд өгсөн байдаг. Иймд, СЕХ аудитын гаргасан тайлан дээр дахин хяналт хийхээр болсон. Ингээд аудитлагдсан тайлан дээр хяналт хийсний дараагаар Үндэсний аудитын газар дахин хяналт хийнэ. Нэг үгээр улс төрийн намын тайланг гурван шатлалаар аудит оруулж байгаа ч олон нийтийн хяналт хамгийн том хүчин зүйл юм. Тийм учраас тайлангийн үйл явц мэдээллийг ил тод хангах нь олон нийт хяналт тавих боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа.

СЕХ намын мэдээллийн ил тод байдлыг хангах 16 мэдээллийг хуульчилсан байгаа. Энэ 16 төрлийн мэдээлэлд дотор бүх төрлийн мэдээлэл байгаа. Тиймээс улс төрийн намуудын ил тод байлгах чиглэлээр намуудтай хамтарч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

НДШ 2025-12-11 202.9.47.52

МАН нам НДШ-ийн хуримтлагдсан өр 950 сая төгрөгөө төлөөчээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж