NEWS агентлаг энэ долоо хоногийн VS буландаа хаврын морин уралдааныг сэргээх асуудлаар УИХ-ын гишүүдийн эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. УИХ-ын гишүүн, хуулийн төслийг санаачлагч У.Отгонбаяр "Өвөл хавартаа хүүхдийг Өвөр Монгол руу аваачиж морь уралдуулж, тэнд хүүхэд амь насыг эрсдэлд оруулж, хүүхэд бэртэж гэмтэж байна. Тийм учраас хуулийн зохицуулалттай болох шаардлага байна гэж үзэн хуулийн төсөл санаачилсан" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Өвлийн хүйтнээр хүүхдээр морь унуулаагүй гээд устаж үгүй болдог хэврэг ёс заншил уламжлал байхгүй. Өвлийн хүйтнээр хурдан морины уралдаан хийх бол насанд хүрсэн хүнээр морио унуулъя" гэдэг байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын чуулганаарҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
Г.Лувсанжамц
УИХ-ын гишүүн
-Өвлийн хүйтэн, хаврын хавсарганаар жаахан хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй. Хүүхэд 14 нас хүрлээ гээд хүйтэнд мориноос унаж бэртэх, амь нас нь хохирох эрсдэл арилахгүй. Үндсэн хууль зөрчсөн төслийг чуулганаар хэлэлцээд суух нь хэр зохистой юм бэ. Арваннэгдүгээр сарын 20-н бол Дэлхийн хүүхдийн өдөр. Уламжлалыг тээж, өвлүүлж авч явах нь бидний үр хойч. Тэднийхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарч улсын бодлого хууль тогтоолыг батлаад тэргүүн эгнээнд хүүхдийн эрхийг хамгаалах ёстой хүмүүс нь Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд та бид. Хүүхдийн эрхийн тухай хуульд “төр иргэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг энэ тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах ёстой гэдэг хууль баталсан, мөрдөгдөөд явж байгаа.
Энэ өргөн барьсан хуулиар арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах гэж байна.
Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Гэтэл өнөөдөр Боловсролын сайд нь хаврын морин уралдааныг хичээлийн амралттай зохицуулж болно гээд яриад зогсож байх. Хүүхдэд ямар ээлгүй юм бэ. Багш хүрэлцэхгүй, сургууль нь хүрэлцэхгүй байхад хурдан морь уралдуулна гээд сайд нь яриад явах. Зарчим хаана байна вэ. УИХ-ын Тамгын газраас асууя. Яагаад ийм хуулийн төсөл УИХ-д ороод ирэв. Засгийн газрын тэмдэглэл дээр байна, НҮБ ын Хүүхдийн эрхийн конвенци Үндсэн хууль, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, Хөдөлмөр эрхлэлтийн талар мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гээд тодорхой бичсэн байна. Гэтэл яагаад УИХ-ын босго даваад ороод ирэв.
Энэ хуульд зааснаар хурдан морины уралдаан өвөл, хавар болох нь. Хүүхдийн амь нас эндвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Уяач хүлээх үү, эцэг эх үү, морины эзэн үү, төсөл санаачлагч хариулна уу?
У.Отгонбаяр
УИХ-ын гишүүн
-Хуулийн төслийг боловсруулахдаа хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүнд тавьсан. Хэдийгээр манайд тодорхой саруудад хурдан морины уралдааныг хориглосон боловч 330 гаруй суманд хаврын морин уралдааныг хийдэг. Морин уралдааныг харчихаад хараагүй юм шиг яваад байж болохгүй байна.
Өвөл хавартаа хүүхдийг Өвөр Монгол руу аваачиж морь уралдуулж, тэнд хүүхэд амь насаа эрсдүүлж байна, хүүхэд бэртэж гэмтэж байна. Тийм учраас хуулийн зохицуулалттай болох шаардлага байна гэж үзэн хуулийн төсөл санаачилсан.
Утасны сүлжээгүй, гуу жалганд аваачиж уралдааныг хийдэг. Тийм учраас хуулийн зохицуулалттай болгох шаардлага бий гэж үзсэн.
3,607.57





















































Холбоотой мэдээ