Нийслэл ирэх 2026 оны төсвөө энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс урьтаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал/НИТХ/-аар батлуулах ёстой. Тэгвэл НИТХ-аар өнөөдөр /2025.11.28/ нийслэлийн 2026 оны төсвийг хэлэлцэнэ.
УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг батлахдаа нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөгөөр баталсан юм.
Тиймээс нийслэлийн төсвийн орлогын 2026 оны төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орлогын нэр төрөл бүрээр тооцооллыг хийж, боломжит эх үүсвэрийг дайчлахаар төлөвлөсөн гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолсон.
Нийслэлийн төсөвт 2026 онд 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Мөн нийслэл томоохон төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төслүүдээ 2024-2028 он, 2024-2030 онд хэрэгжинэ гэж тооцсон юм. Тодруулбал, метро, Хүннү хот, Сэлбэ 20 минутын хот, Туулын хурдны зам, Дүүжин тээвэр болон нийт 24 мега төслүүд багтаж байна. Иймд ирэх онд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн мэдээлийг багцлан хүргэе.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ
Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15-30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11-25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10-25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5-17 хувиар буурна. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна.
Төслийн нийт өртөг 1.9 их наяд төгрөг.
Туулын хурдны зам нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм. Мөн Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконг зэрэг улсад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлжээ.
МЕТРО
“Метро” байгуулах төсөл нь Толгойтоос Амгалан хүртэлх чиглэлд 19.4 км үргэлжилнэ. Нийт 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болох аж. Нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашиг хүртэх тооцоолол гарчээ. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150’000 ажлын байр шинээр бий болно. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Зогсоол хоорондын зай 1.3 км.
Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой. Метроны барилгын ажил 2027 онд багтаан дуусгаж, 2028 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.
Төслийг хэрэгжүүлэхэд нийт 2,445.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/758 дугаар захирамжаар Метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн зохих хувийг олон улсын эх үүсвэрээс шийдвэрлэх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж ажиллахыг Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-д даалгасан. Мөн олон улсын санхүүжүүлэгчийн тавьсан шаардлагыг хангах бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний хүрээнд БНСУ-ын “Иноген ХХК” болон Монгол улсын “Эко Натур” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.
Төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлж байна. Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжинд 200 инженер бэлтгэхээр төлөвлөсөн. Төмөр замд суурилсан их багтаамжийн нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чиглэлд ШУТИС-д тогтмол хүний нөөц бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор багш, ажилчдыг дунд, урт хугацааны хөтөлбөр (магистр, докторын хөтөлбөр)-т хамруулах, хос диплом олгох 2+2 хамтарсан хөтөлбөр мөн хэрэгжүүлэх юм.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг "Сэлбэ-20 минутын хот" бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн байдаг. Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм.
Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн.
Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.
Багц-1” төсөлд 20 блок бүхий орон сууцны барилга баригдана. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хоёр дахь металлурги групп корпораци” ХХК шалгарсан. Харин Багц-2 төслийн 26 блок орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Барилгын зургаадугаар инженерийн товчоо” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Нэг болон хоёрдугаар багц ажлын хүрээнд зарим блокын бетон цутгах ажил хийгдэж байна.
“Багц 3”-ын хүрээнд 37 блок бүхий орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол, “Багц 4”- ийн хүрээнд 22 блок бүхий орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барина. Энэ хүрээнд тендэрийг тав хуваан задалж зарласан бөгөөд дотоод, гадаадын компаниуд шалгараад байгаа билээ.
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-V ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны IV цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. 1983 оноос хойш 42 жил дулааны цахилгаан станц баригдаагүй. Тиймээс нийслэлээс эрчим хүчний төслүүдэд анхаарч, Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөлд ТЭЦ-V, тархмал эх үүсвэр төслийг тусгасан.
Энэ хүрээнд Дулааны цахилгаан станц V-ыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барихаар төлөвлөсөн юм.
Уг станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Тус станц нь 2×150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.
ДЦС-V төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна.
Тодруулбал, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглагдаж буй зарим станцтай харьцуулахад бага байна.
Эргэлтэд буцлах үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрнэ.
Түүнчлэн станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэх юм.
Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах тооцоололтой. Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй Дулааны цахилгаан станц-5” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болно гэж тооцож байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй анхны цогц шийдэл болж байна.
Төслийг “Митайм Интернэйшнл” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан юм. “ДЦС-5” төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлнэ гэж тооцож байна.
3,607.57






















































Хусаж өгөх нь дээ 2025-11-28 91.75.106.78
Даргууд баяжих нь
Дээ
Баяраа 2025-11-28 124.158.104.9
нямкагийн сн муу ажилж бгаа нь бидний амдралаар хэмжигдэнэ! амдрал сжирвал бид өөрсдөө бшингаа бариад,бордюраа солчихно! бшин барих,бордюр солих бол хир цусалж бгаагийн шинж!
БАЯР АЙХАН 2025-11-28 202.9.46.208
МА НА ЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ҮЗДЭЭ БИ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА Х Я АДЫН ТУСЛАЖААР БОЛ БҮТНЭ ТҮҮНЭЭС МА НАМЫНХАН ИХ ИДНЭ САНХҮҮГИЙ НЬ ХЯ ТАДУУД БАРИХ ХЭРЭГГТЭЙ ДЭЭ МАНГАСУУДЫГ ХОЛ БАЙЛГА
Нэргүй 2025-11-28 202.126.91.39
Сайхан мэдээ байна.
Нэргүй 2025-11-28 66.181.176.36
150000 ажлын байр биш 1500
Нэргүй 2025-11-28 124.158.126.132
Барилгачдын талбай дээр барьсан нэг заваан байгууламжийг зайлуулаад тэр талбайг цэвэрлээд аятайхан болгочихмоор байна хотын даргаа.
иргэн 2025-11-28 202.9.46.120
Муу хэлүүлж байгаа ч гэсэн Нямбаатар шиг бүтээлч хотын дарга сүүлийн 35 жилд байсангүй. Түүний бүтээн байгуулалтын ачаар УБ хөлдөхгүй, даарахгүй өвөлжиж бна. Үлгэр мэт яригддаг байсан метро, дүүжин тээврийн асуудлыг ажил хэрэг болгож байна гэх мэтээр хийсэн ажлын урт дарааллыг нэрлэж болно. . Би энэ хүнийг огт танихгүй, гэхдээ хийж байгаа ажлыг нь үнэлж байна. Нямбаатарыг конторт биш ажлын талбар дээр хардаг гэж иргэд ярьж байгаа нь үнэн. Хотод ийм дарга хэрэгтэй.
Дэмжиж байна. 2025-11-28 59.153.87.54
улс хөгжихийн тулд уул уурхайгаа сайн ашигла, гадны хөрөнгө оруулалт тат. өөр арга үгүй. Хөвсгөл, Увс гэх аймгууд алийн болгон Өмнөговь аймгаар тэжээлгэж амьдрах гэсэн юм бэ. Ичээч та нар.
Болио 2025-11-28 202.9.46.151
Олон юм худлаа шоудалгүй сүүлийн хэдэн жилд сөнөөж хаясан явган замын хавтан, автозам эвлэж хэмхчин байж хийсэн хулгай шахаа цавчааны боржууруудаа буцааж янзалж хэвэнд нь оруул. Бүтэн байсан юмыг эвдэж хэмхчин байж хуулж хогонд ачсан явган хавтан, хугархай хэмхэрхий боржууруудаа гэр хорооллууд руу явдаг явган шороон замыг эвлүүлж тавьж бүтээлч юм хий, нийслэлийн төсөв ба хотын гадаад дотоод зээлийн эргэн төлөлтөө өөрсдөө хийгээрэй хулгайчуудаа!
Нэргүй 2025-11-28 202.70.43.34
Худлаа ТЭЗҮ-тэй эсвэл огт ТЭЗҮ-гүй Төслүүд их хийх вмаа энэ МАН
зочин 2025-11-28 103.212.116.141
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ТҮЦ АЖИЛЛУУЛААД ЭХЭЛЖЭЭ СУМЬЯАБААТАР ДАРГАА.
ХЭН НЬ ТҮЦ АЖИЛЛУУЛЖ БОЛДОГ ХЭНИЙ ТҮЦИЙГ ӨЧИГГҮЙ АЧААД ЯВДАГ БОЛЖ БАЙНА.
ЭНЭ ЧИНЬ ХАРИН ЖИНХЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙГАА ХЭРЭГ БИШҮҮ.
ТӨР ИРГЭДДЭЭ ТЭГШ ШУДАРГА ХАНДАХ ЁСТОЙ БАЙХАА.
Зочин 2025-11-28 202.179.18.186
Сумьяабазарын дүүжин тээвэр хэрэггүй шүү хүний аминд хүрсээр л байгаа тэрний оронд сургууль цэцэрлэгийнхээ сандал ширээг нь авч ашиглаж чадахгүй байгаа цэцэрлэг сургуулиа ашиглаж эхлэх хэрэгтэй.
Зочин 2025-11-28 59.153.87.54
Сургуулиуд нэг үеэ бодоход өөр болсон шүү.Ширээ сандлаа сольж байгаа. Хуучнууд нь хашаагаар нь нэг хэвтээ байна. Харин дүүжин тээвэр нэгэнт эхэлсэн ажил. Зогсооно гэж юу байдаг юм, жаахан багцаатай бурна байгаа
иргэн 2025-11-28 66.181.171.252
Нүдээ аниад дайраад хийхээс өөр арга зам алга даа,
Нэргүй 2025-11-28 103.57.92.215
Нянгар юм хийгээд байхын. Занданшатар Чойжилсүрэн хоёр Эрчим хүчний ганц төсөл хөдөлгөж чадахгүй хаяагаа манаад байна уу. ТТ цахилгаан станц яасан…ТЭЦ-5 ыг нь Нянгар явуулахаар болчихсон уу.
Нэргүй 2025-11-28 66.181.160.31
Дүүжин тээвэр гэж балай юм аа болио найзуудаа, үнэндээ мөнгөний гарз шүү
зочин 2025-11-28 103.57.95.89
Эхлээд хэрэгжүүлсэн ажилд бүү саад бол