Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдлын асуудал дэлхийн нийтийн анхаарах шаардлагатай гол сэдэв болдог. Гэхдээ агаарын бохирдол зөвхөн өвлийн улиралд бус жилийн аль ч үед анхаарал хандуулах шаардлагатай болоод удаж байна. Монгол Улсад утаа ихсэж, бүх хүний эрүүл мэндэд аюул учруулж буйтай адил Энэтхэгийн Дели ч мөн агаарын бохирдолтой тэмцэх дорвитой алхам хийж чадахгүй байна. Тус хотын хортой утаа бүрхэж, гол хохирогч нь мөн л адил хүүхдүүд болжээ. Делигийн ойролцоох Ноида дахь хүүхдийн эмнэлэгт эцэг эхүүд ханиалгаж, найтааж, амьсгалахад хүндрэлтэй болсон хүүхдүүдтэйгээ дараалалд зогсож байна. Ихэнх нь агаар маш бохирдсон аравдугаар сараас эхлэн өвдөж эхэлжээ.
Дели хотод агаарын бохирдол өвөл болгон улам дорддог. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Салхи сулрах, үйлдвэрийн утаа, машины яндан, хүйтэн цаг агаар, ойролцоох мужуудад тарианы сүрэл шатаах зэрэг. Сүүлийн нэг сарын турш Дели хотын Агаарын чанарын индекс (AQI) 300–400-ийн хооронд байсаар байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 20 дахин их юм. "AQI" 400-гаас давбал эрүүл хүмүүс ч өвдөх аюултай бөгөөд хүүхэд, ахмад настнууд хамгийн их нэрвэгддэг. Эмч нарын хэлж буйгаар утаанаас үүдэлтэй өвчлөл хүүхдүүдийн дунд эрс нэмэгджээ.
Зарим хүүхдийн эмчид үзүүлэхээр ирж буй өвчтөнүүдийн 50–70 хувь нь утаатай холбоотой хүнд өвчтэй байна.
"PM2.5 нь хүүхдийн дархлаанд нөлөөлдөг. Ялангуяа хүүхдийн дархлааны систем хөгжиж байгаа үед аюултай. Дархлаа үүний эсрэг тэмцэж чадах хэмжээний сайжраагүй байдаг. Утаанаас болж өвдөх хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд арав дахин нэмэгдсэн. Агаарын бохирдол ихэссэн улиралд өвчтэй хүүхдийн тоо 50-70 хувь хүртэл өсдөг" гэж орон нутгийн эмч Бхатнагар хэлж байлаа. Засгийн газар жил бүр барилгын ажлыг зогсоох, утаа ихтэй машиныг хориглох зэрэг арга хэмжээ авдаг. Энэ жил бүр үүл тариалж хиймэл бороо оруулахыг оролдсон. Гэвч бохирдлын асуудал бодитойгоор буураагүй хэвээр байна. Тиймээс Дели хотын 20 сая орчим хүн, ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хорт утаанаас болж ихээхэн түгшүүр дунд амьдарч байна.

Дели хотын оршин суугч 31 настай Хушбу Бхарти арваннэгдүгээр сарын 13-ны шөнө нэг настай охин Самайрагаа яаралтай тусламжийн өрөөнд хүргэх шаардлагатай болсон тухайгаа санах бүртээ дагжин чичирдэг гэжээ. "Охин минь зогсолтгүй хүчтэй ханиалгаж, хэд хэдэн удаа бөөлжсөн" гэжээ. Тэрбээр гэртээ ханиалга намдаах бүх л төрлийн арга ашигласан боловч нэг нь ч үйлчилгээ үзүүлээгүй байна. Улмаар шөнө дунд эмнэлэг явахаас өөр арга, зам үлдээгүй байна. Бхарти үргэлжлүүлэн, "Эмнэлэг хүрэх хүртэл Самайра ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Охин минь их сэргэлэн цовоо. Гэхдээ тэр орой зүгээр л нозоорч, хаашаа ч харахгүй байсан. Толгойгоо ч өргөж чадахааргүй байсан. Энэ л миний амьдралын хамгийн муухай үе" гэжээ. Эмнэлэгт очсоны дараа Сарайрад хүчтэй стероидын шүршигч эмчилгээ хийж, хоёр өдөр хүчилтөрөгчийн дэмжлэг үзүүлсэн. Хожим нь түүнийг уушгины хатгалгаатай болсон гэж оношилжээ.
Эл үеэс хойш Бхарти үргэлж түгшүүртэй байдаг болжээ. "Хэдхэн удаа ханиалгасан ч гэсэн би айж сандардаг" гэж Бхарти хэлсэн юм.
Хэдийгээр Сарайра эдгэрсэн ч ээж нь бусад эцэг эхийн адил хортой утаа үр хүүхдэд нь эргэлт буцалтгүй гүн хохирол учруулсан байж болзошгүй гэж эмээж байна. Тэдний нэг нь Гопал бөгөөд хоёр настай охин Рену нь өнгөрсөн долоо хоногт цээжний бөглөрөлтөөс болж засгийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болжээ. Годал хэлэхдээ, "Эмч нар охиныг минь тодорхой хугацаанд амьсгалын аппаратад оруулах ёстой гэж хэлсэн" гэв. Дэлхийн олон оронд хүүхдийн эрүүл мэнд агаарын бохирдлоос болж хохирч байгааг төрөл бүрийн судалгаа харуулж байна.
Ялангуяа агаарын бохирдол хөгжлийн саатал, дархлаа сулрал, танин мэдэхүйн чадвар буурахад хүргэдэг.
Кэмбрижийн их сургуулийн 30 сая орчим хүний мэдээллийг нэгтгэсэн саяхны судалгаагаар, тодорхой бохирдуулагч бодист өртөх нь Альцгеймерийн өвчин зэрэг янз бүрийн зөнөгрөл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэхүү өсөн нэмэгдэж буй эрсдэлүүд нь Бхарти шиг олон эцэг эхчүүдийг Дели хотоос нүүх талаар бодоход хүргэсэн. "Миний охин аюулгүй амьсгалж ч чадахгүй хотод амьдрахын утга учир юу вэ? Миний нөхрийн бизнес Делид байдаг тул бид бүх зүйлээ орхиод явж болохгүй. Гэхдээ боломж гармагц бид нүүх болно" гэж тэрбээр хэлж байна.

Одоогийн байдлаар, Дели хотын захиргаа хүүхдүүдийн гадаа хийх аль ч төрлийн спортын тэмцээн, хичээлийг хойшлуулж, бага ангийн хичээллэх хуваарийг холимог горимд шилжүүлэх арга хэмжээ авсан. Амьжиргааны түвшин дээгүүр айлын хүүхэд агаарын бохирдлоос болж өвдөх нь бага байдаг ч ажилчин ангийн гэр бүлд төрсөн, замын хажууд эсвэл ядуусын хороололд амьдардаг хэдэн зуун мянган эдийн засгийн хувьд ядуу айлын хүүхэд "уушгиараа хохирч байна" гэж Керала мужийн уушгины эмч доктор А Фатхахудин "BBC"-д ярьжээ. Давчуу орчинд амьдардаг хүүхдүүд ч мөн хохирч байна.
Гэр дотор хоол хийхэд ашиглах түлшнээс авхуулан замын хөдөлгөөн, агааржуулалт муу зэргээс үүдэлтэй бохирдолд хүүхэд илүү өртөмтгий байдаг. Үүнтэй зэрэгцэн гадаах хортой агаар нь нөхцөл байдлыг улам дордуулдаг аж.
"Эдгээр хүүхдүүд байнга өндөр түвшний бохирдолд өртдөг тул уушгины хамгаалалтын систем нь буурдаг. Хэрэв та ийм хүүхдийн халдварыг эмчлэхгүй бол уушгинд байнгын гэмтэл учирч болзошгүй" гэж доктор Фатхахудин хэлэв. Тэрбээр хэд хэдэн судалгаа явуулж, бага насандаа агаарын бохирдолд удаан байсан хүний уушги хожим архаг бөглөрөлт, амьсгалын замын өвчинтэй болох магадлал маш өндөр хувьтай байгааг тогтоожээ. Энэ нь архаг тамхичдын дунд ажиглагддагтай адил юм.
Доктор Фатхахудин хэлэхдээ, хүмүүс боломжтой бол хүүхдүүдээ гэртээ байлгаж, өрөө тасалгааг хангалттай чийгшүүлж, гадаа байхдаа бохирдуулагч бодисыг 95 хувь шүүдэг "N95" маск зүүх хэрэгтэй гэж зөвлөж байна. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ хэр удаан байлгаж чадах вэ гэдэг нь асуудал хэвээр. "Тэд өсөж том болж, тоглох зай хэрэгтэй бөгөөд байгальд богино хугацаанд цагийг өнгөрөөдөг. Бид одоо тэднийг зогсоохоос өөр аргагүй болж байна. Тэд заримдаа эсэргүүцдэг ч бидэнд ямар сонголт байна вэ? Бид бие махбодын үйл ажиллагаа хэр чухал болохыг мэддэг ч энэ хортой агаарыг амьсгалах нь аюултай гэдгийг тайлбарлаж, ойлгуулах бэрхшээлтэй" гэж доктор Фатхахудин хэлж байна.
3,607.57






















































Нэргүй 2025-11-28 66.181.189.31
манай УБ ч ялгаа алга доо. Манайхан бол ичмээр ш дээ 3.5 сая хүнтэй асар их байгалийн баялагтай гээд бгаа бж агаар хүүхдийн өвчлөл нь дэлхийн хамгийн их хүн амтай тэрбум давсан хүн амтай улсын асуудалтай бна гэдэг. Мөнгө идэх авилгалаа устгах хэрэгтэй бнаа.