Үндсэн хуулийн цэцэд зарга мэдүүлсэн шалтгаанаа иргэн Л.Галбаатар “Хуулийн зорилго нь гэм буруутайг шийтгэх бус, шүүмжлэгчийг чирэгдүүлэхэд чиглэж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна” хэмээн мэдүүлсэн юм. Мөнөөх гэм буруутайг шийтгэх бус иргэдийн амыг хамхих зорилгоор өргөнөөр ашиглагдах болсон хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл билээ. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллээр Эрүүгийн хуулийн 13.14-өөр шалгагдсан нийт хэргийн 95-96 хувь нь хэрэгсэхгүй болсон байна. НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбар №34-т “Гүтгэх үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохыг зогсоох ёстой” гэж тодорхой заасныг Л.Галбаатар мөн дурдав.
Энэ нь гүтгэх доромжлохыг сайшаасан утга бус гагцхүү иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах ариун зорилгоор бамбай хийж байгаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд халдах хэрэгсэл болгосныг Цэцэд хандсан арван иргэн хуралдааны үеэр онцлон дурдаж байлаа.Мэдээлэл гаргагч иргэн, сэтгүүлч Ж.Баттуул бүр “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэн үгийг сэтгүүлчийнхээ хувьд дамжуулсныхаа төлөө би шүүхээр явж байгаа” гэж ярьсан шүү.
Саяхан нүүрсний хулгайчийг зарлаж , шүгэл үлээн, ардын баатар болохоо шахсан Б.Энхбаяр сайд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, энэ удаа арван иргэний эсрэг талд ганцаар сууж, ганц дайчин ганцаардахгүйг харуулав. Тэрбээр хурлын завсарлагаанаар нөгөөдүүлтэйгээ яриа хөөрөө өрнүүлж, “Номынбаясгалаан, чи Цэц дээр хэдэн удаа ялалт байгуулсан бэ. Би бол УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр долоон удаа орж, нэг удаа л ялагдсан. Бусдад нь ялсан шүү дээ” хэмээн “онгирч” амжив. Эрхэм гишүүний нэр цохсон С.Номынбаясгалан нь орчин үеийн иргэн Ламжав хэмээн тодотгож болохуйц цэцэд олон удаа ялалт байгуулаад буй залуу хуульч.
Гэсэн ч энэ удаа эрхэм гишүүн ялагдал хүлээх болно.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг хүчингүй болгуулахаар урт хугацааны тэмцэл өрнүүлсэн сэтгүүлчид энэ удаа Цэцэд олуулаа хандсан бөгөөд мөнөөх С.Номынбаясгалангаас гадна хуульч Л.Галбаатар, Д.Оросоо, Т.Сумъяабазар нар хүч нэмж, хүний үндсэн эрхийг хамгаалан тун чамбай “үзэлцэж” байв.
Цэцад хандсан иргэдийн нэг сэтгүүлч А.Баярмаа арван боть цагаан ном тэвэрч зогсох агаад Цэцийн дунд суудлын хуралдаантай холбоотой баримт материалуудын эмхэтгэл аж. Хэрэгтэй гэж үзсэн хэсэгтээ элдэв өнгийн цаас нааж, тэмдэглэл хийн, тун ч нухацтай бэлдсэн бололтой шүү.
Л.Галбаатар: Ахиад УИХ-ыг хүлээх шаардлагагүй учраас Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтыг Цэцэд хандаж хүчингүй болгохыг хүссэн

Хурал завсарлах зуур хуульч, судлаач Л. Галбаатартай таарч гурван асуултад хариу авч амжив.
-Сая УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гүтгэх, худал мэдээлэл тараах хэргийг Эрүүгийн хуулиар шалгасан нь дээр гэлээ. Хуулчийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Үүнтэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн эрх зүйн уламжлалд гүтгэхийг гэмт хэрэг болгож байсан гэсэн зүйл ярьсан. Уламжлал болгон дэвшилтэт бус. Уламжлал нэрээр ардчилалд харшилсан зүйлсийг хэвээр нь үлдээж болохгүй. Тухайлбал өмнөх нийгэмд дамын наймаа хийх нь гэмт хэрэг байсан. Эрүүгийн хуулиар шалгахдаа алдаа мадаггүй зөв шалгадаг, хүнийг хэлмэгдүүлэх эрсдлийг буулгадаг гэсэн үндэслэл яригдсан. Бодит байдал дээр ийм зүйл байхгүй. Прокуророос нийт шалгасан хэргийнхээ 5 орчим хувийг шүүхэд шилжүүлж байгаа. Бусад нь хэрэг биш учраас шүүхэд өгч чадахгүй. Шүүхэд өгсөн хэргийн талыг нь шийдвэрлэдэг. Шүүх ч бас алдаа гаргадаг. Дээд шүүх Эрүүгийн хуулийн 13.14-өөр 2024 онд хоёр хэрэг шийдсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь хуулиа буруу тайлбарлаж хэрэглэж байна. Хэрэглэсэн шийдвэр нь хууль ёсны биш, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн байдаг. Дээд шүүх албан ёсоор энэ 13. 14-өөр анхан ба давж заалдах шатны шүүх буруу шийдээд байна шүү гэсэн тогтоол бий. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр гишүүний хэлсэн шиг алдаа мадаггүй эрүүгийн процесс явагддаг гэдгийг үгүйсгэж байгаа юм л даа. Зөрчлийн хуулийн алдааг шүүхээр засуулж болно. 2015 онд Зөрчлийн хуульд орсон гүтгэхтэй холбоотой асуудлаар шүүхэд давж заалдахад тал нь хүчингүй болж байсан. Шүүх алдаа гаргадаг. Үүнийг нь Дээд шүүх ч зөвшөөрч тогтоолдоо дурдсан байдаг. Эрүүгийн хууль олон ноцтой үр дагавартай. Ажилд ороход, виз авахад саад болно. Алдаа гаргаж байгаа практик үйлчлээд байгаа нь хүний эрхийг улам хязгаарлаж байгаа юм. Үндсэн хуульд нэр төр алдар хүндийг заавал Эрүүгийн хуулиар хамгаал гээгүй. Иргэний шүүхэд нэг тэрбумыг нэхэмжилдэг, эрүүгийн хуулиар шалгадаг гэдэг нь хүнийг залхаан цээрлүүлэх буюу үндсэндээ тухайн хүнийг ахиж дуугаргахгүй байхад чиглэж байдаг. Ийм байж болохгүй гэж ЮНЕСКО дуугарсан байдаг.
Иргэний процессын хууль буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар талууд нотлох баримтаа гаргаж өгнө. Иргэний шүүх нэр төр алдар хүндийг сэргээх илүү боломжууд бий.
–Сэтгүүлчдээс гадна иргэдийн хувьд ч ямар нэг мэдээлэл хуваалцсаныхаа төлөө эрүүгийн хэрэгтэн болсон тухай яригдсан. Тийм тохиолдол хэр олон байгаа вэ?
-Иргэд шейр хийснийхээ төлөө шийтгүүлсэн тохиолдол хэд хэд бий. Нэг хэсэг төрийн ордны хашааг ногооноор будсан. Ерөнхийлөгчийн зураг эвлүүлсэн хүмүүсийг хүртэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр торгох ялаар шийтгэсэн. Энэ бүхэн хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, чөлөөт үзэл бодол шүүмжийг дарах зорилгоор ашигладгийн тод жишээнүүд.
Иргэд үнэхээр айдастай байх нь аргагүй. Бодит байдалд үнэхээр тийм байдлаар шийтгэж байгаа. Эрүүгийн хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх процесс хүнд төвөгтэй. Заавал өмгөөлөгч авах шаардлага тавьдаг. Өмгөөлөгчийн зардал гарна. Мөрдөгчийн дуудсан цагт очих ёстой.. Хоцорч очвол дуудсан цагт ирээгүй гэдэг үндэслэлээр цагдан хоригдох эрсдэлтэй. Эрүүгийн хуулийн 13. 14-өөр буруутгасан 19 хүнийг цагдан хорьсон талаар ерөнхий прокурорын газрын албан бичигт дурдсан. Шалгагдах явцдаа хүртэл цагдан хоригддог үр дагавартай.
-Арван өргөдөл гаргагч иргэн яагаад Үндсэн хуулийн цэцэд хандав?
-Сая УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн заалтын томьёоллууд алдаатай болсон, сайжруулах шаардлага байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ алдааг засахаар гишүүд анхаарч ажиллаж байсан юм билээ. Б.Энхбаяр нарын гишүүд 2022 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Түүнийг нь хэлэлцээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаагүй. Жилийн өмнө Ч.Лодойсамбуу нарын 19 гишүүн мөн энэ 13.14-ыг хасах хуулийн төсөл өргөн барьсан ч хэлэлцээгүй. Энэ жил мөн Х.Тэмүүжин гишүүн 13. 14-т нэмэлт өөрчлөлт хийх төсөл өргөн барих гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ заалтыг өөрчлөх хасах асуудлыг гишүүд санаачилж өргөн барьдаг ч босго давдаггүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтдаггүй. УИХ-ыг бид үндсэндээ таван жил хүлээсэн байна. Ахиад хүлээх шаардлагагүй учраас Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтыг Цэцэд хандаж хүчингүй болгохыг хүссэн юм гэлээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үеэр илтгэгч гишүүн асуулт асууж, илтгэл дүгнэлт танилцуулан, гол үүрэгтэй оролцдог юм байна. Л.Өлзийсайхан гишүүний зарим асуултад мэдээлэл гаргагч иргэд болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрхэн хариулсныг онцлон хүргэж байна.
Д.Оросоо: Шейр хийсэн, комент бичсэн хүн ч цагдаад дуудагдаж байгаа
Мэдээлэл гаргагчийн өмгөөлөгч Д.Оросоо: Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхүүдийг Эрүүгийн хуулийн 13.14 хэд хэдэн үндэслэлээр зөрчиж байгаа. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан. Чөлөөтэй гэдэг нь ямар нэг шахалт дарамт айдасгүйгээр илэрхийлэх эрхтэй л гэсэн санаа. Эрүүгийн хуулийн 13.14 зүйл орж ирснээр чөлөөтэй байх зарчим алдагдсан. Үндсэндээ айдас хүйдэст автсан, дарамт шахалтад өртсөн. Яг хулгай дээрмийн хэрэг шалгаж байгаа юм шиг үзэд бодлоо илэрхийлсэн иргэд Эрүүгийн хуулийн 13.14-өөр цагдаад дуудагдаж байгаа юм.
200-300 хэрэг үүсгээд 10-20 нь л шүүх рүү явж байна. 80-90 хувь нь хэрэгсэхгүй болж байна. Энэ бол дарамт шахалт болсныг харуулж байгаа юм. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт хууль зүйн техникийн хувьд ноцтой алдаатай. Худал мэдээллийн гурван хэлбэр бий. Эдгээрийг бүгдийг оруулсан учраас шейр хийсэн, комент бичсэн хүн ч цагдаад дуудагдаж байгаа.
Энэ заалт Эрүүгийн хуультай ч харшилж байгаа. Эрүүгийн хуульд хүнийг итгэл үнэмшил үзэл бодлынх нь эсрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Гэтэл мэдээлэл дотор итгэл үнэмшил үзэл бодол бүгд явдаг. Үзэл бодол итгэл үнэмшлийнхээ төлөө цагдаад дуудагдаад шалгагдах нь дарамт шахалт үүсгэж Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхээ эдлэх баталгааг төр хангах ёстой.
Л.Галбаатар: Ялимгүй алдаатай мэдээллийн улмаас эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа
Илтгэгч гишүүн Л.Өлзийсайхан: Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд заасан илт худал мэдээлэл гэдгийг хэрхэн ойлгож байгаа вэ. Аливаа мэдээллийг худал гэж тодорхойлох ямар шалгуур байгаа вэ?
Мэдээлэл гаргагч Л.Галбаатар: Илт худал мэдээлэл гэдэг дээр манай хууль тогтоомжоор албан ёсны тайлбар байхгүй. Бусад улсын энэ чиглэлийн ойлголтыг авч үзэх шаардлага гардаг. АНУ зэрэг хүний эрх хангах хууль тогтоомж сайн гэж тооцогддог улсуудын хувьд 90-ээс дээш хувийн худал дээр илт худал мэдээлэл гэж хэлдэг. Тухайн мэдээлэл шүүмжийн ялимгүй хувь нь худал бол илт худал мэдээлэл гэж үзэхгүй хэмээн ойлгож болохоор байдаг. Шүүхээс шийдсэн кэйс дээр тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шүүмжилсэн постыг хүн шейр хийгээд, Эрүүгийн ял авсан байдаг. Түүнд гурав дөрвөн өгүүлбэр бичсэн байдаг. Шүүх тухайн үед дүгнэлт хийхдээ энэ хэдэн өгүүлбэрийн аль нь худал, аль нь үнэн гэдэг дээр дүгнэлт хийгээгүй байдаг. Бусад шүүхийн шийдвэрийг ч харахад алийг нь илт худал эсвэл үнэн гэж үзэж байгаагаа дүгнэхгүй явж байгаа. Хэрэв дүгнэдэг бол миний сая хэлсэнчлэн 70-аас дээш хувь нь худал байна уу гэдэг асуудал яригдах ёстой. Худал мэдээллийг ангилдаг гурван ангиллаар үзэхэд манай Эрүүгийн хуулийн уг заалт disinformation (хуурамч мэдээллийг ) хэлээд байгаа юм шиг ойлгогддог. Хуралдааны тэмдэглэл харахад энэ талаар ямар нэг тайлбар хэлсэн, асуусан зүйл байдаггүй. Тэгэхээр практикт misinformation (ташаа мэдээлэл) буюу мэргэжлийн алдаа ч үүнд хамрагдах эрсдэлтэй. Жилийн өмнө ХЗДХЯ-наас боловсруулсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөлдөө илт худал мэдээлэл гэдгийг тайлбарласан байдаг. Энд ор үндэсгүй худал мэдээлэл гэдэг зүйл хэлсэн. Үндсэндээ 100 хувь худал байх тухай тэр хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Харамсалтай нь бодит байдал дээр ялимгүй алдаатай мэдээллийн улмаас эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа.
С.Номынбаясгалан: Эрүүгийн хуулийн 13.14-ийн зорилго 2015 оны Эрүүгийн хуулийнхаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой нийцэхгүй байна. Уг заалтыг анх хууль тогтоогч хуульчлан батлахдаа хэрэгт авагдсан тэмдэглэлүүдийг үзэхэд мэдээлэл асар дутмаг байсан. Хуралдааны тэмдэглэлүүд дээр энэ нь тодорхой харагдаж байна. Нөгөө mis, dis, mal эднүүс тодорхой зүйл заалтыг эрүүжүүлэхдээ нэгдүгээрт мэдээ мэдээлэл дутмаг байсан. Аль эсвэл гүтгэх гэмт хэргээс гадна худал мэдээлэл тараахтай холбоотой шинэ гэмт хэрэг бий болгож байгаа болохоор худал мэдээлэл гэсэн ойлголтод багтдаг mis, dis, mal гэсэн ойлголтуудыг авч үзээгүй болов уу. Хууль зүйн хувьд худал мэдээлэл гэдгийг ингэж тодорхойлно гэсэн албан ёсны тодорхойлолт байхгүй. Өнөөдөр судлаачид худал мэдээлэл гэдгийг mis, dis, mal гэдгээр ойлгодог. Холбогдох хууль тогтоомжид суулгах ёстой юм болов уу гэж дүгнэж байна. Mis, dis, mal гурвын аль нь эрүү дээр яваад байгаа, аль нь бусад салбарын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа нь тодорхойгүй байна.
Ж.Баттуул: Түрүүн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэг хүний лоббигоор ингээд хийсэн юм” гэж хэллээ. Нэг хүн ийм заалт оруулчих гэхээр УИХ нь оруулчихдаг бол үнэхээр харамсалтай байна. Тэр нь Үндсэн хуулийн зөрчилтэй. Үр дагавар нь хэрцгий бөгөөд залхаан цээрлүүлсэн нөхцөл байдалтай яваад харамсаж байна.
Э.Хүрэлбаатар: Бид бололтой ч гэж бичих боломжгүй болсон
-Хувь хүний болон компанийн үйл ажиллагааны талаар баримттай мэдээлэл гаргаж ирээд тавихадтухайн мөрдөн байцаагч, прокурорт баримтаа гаргаад өгөхөөр “Гэмт хэргийн шинжгүй байна” гэдэг. Улстөрчид томоохон албан тушаалтнуудтай холбоотой асуудлуудыг бид тавьдаг. Нэр төрд нь халдсан юм байхгүй. Баримт л гаргаж ирж тавьдаг. Энэ хоёр хүн хамааралтай, ийм компани эзэмшиж байсан, эзэмшиж байгаа компани нь төрөөс тендер аваад байна, эрх ашгийн зөрчилтэй юм биш үү гэсэн асуудал дэвшүүлж тавьсаныхаа төлөө эрүүгийн хэрэгтэн болоод байна. Монголд анх удаа эрхлэгчид нь хэрэг үүсгэж шалгаж байгаа тохиолдол гарсан. “Энэ мэдээллийг хэвлэн нийтлэх эрхийг нь байгууллагын эзэн өгсөн байна” гээд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн.
“Үгүй ээ, би баримтыг нь мэдэхгүй шүү дээ” гэж мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд хэлээд нэмэр байхгүй. Манай “Эргэлт”-ийн Д.Чанцалдулам сэтгүүлч “Сэлэнгэ аймгийн шүүгч энэ хэрэгт холбогдсон бололтой” гэж мэдээлсэн. Шалгагдаж байгаа хэрэг дээр бид бололтой гэдэг үгийг ашигладаг. Үүнийхээ төлөө бас хэрэг нь шүүх дээр явж байгаа. Энэ баримтыг шалгаад өгөөч. Манай баримт үнэн гэж хэлээд ч тухайн баримтыг огт шалгахгүй мөртлөө “Нэр төрд нь халдаж, гутаан доромжилсон байна” гээд яагаад доромжилсон гэж үзсэнээ ч тайлбарлахгүйгээр биднийг хэрэгтэн болгож байна. Энэ байдлыг зогсоох боломжгүй байна. Зохих байгууллагад гомдол мэдүүлэхээр ганц нэг хэргийг буцааж байна. Томоохон нэр нөлөө бүхий улстөрчид Эрүүгийн хуулийн энэ заалтыг маш их ашиглаж байна. Үүнээс болоод бид бололтой ч гэж бичих боломжгүй болоод байна.
Мэдээлэл гаргагчийн өмгөөлөгч Д.Оросоо: Сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага өдөржин мэдээллийн араас л хөөцөлдөж явдаг онцлогтой ажил мэргэжил. Үндсэндээ Эрүүгийн хуулийн 13.14 заалтаас болоод сэтгүүлчийн ажил мэргэжил бүхэлдээ эрүүгийн эрх зүйн обьект болчихлоо. Энэ нь эрх баригч нар, шийдвэр гаргач нарт ашигтай. Хамгийн гол нь энэ мэдээлэл үнэн худал эсэхийг иргэний шүүх дээр мэтгэлцээний үндсэн дээр шийдэх боломжтой. Гэтэл эрх баригч шийдвэр гаргагчдын томилдог албан тушаалтан мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтална гэдэгт л асуудал бий. Хууль зүйн сайд, сайдын харьяанд байдаг цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн мэдээллийн үнэн зөвийг тогтоож байгаад л асуудал байна.
Т.Сумъяабазар: Худал, үнэн мэдээлэл эсэхээс үл хамаараад тухайн мэдээллийг хэн өгсөн бэ гэдгийг олж тогтоох зорилгоор Эрүүгийн хуулиар шалгуулдаг
Илтгэгч гишүүн Л.Өлзийсайхан: Орчин үед цахим орчин, нийгмийн сүлжээ зэрэг мэдээлэл хайх түгээх арга хэрэгслүүд улам бүр нэмэгдэж байна. Үүнийг дагаад худал мэдээлэл тараах зэргээр хүний нэр төр алдар хүндэд халдах эрсдэл нэмэгдэж байгаа. Ийм нөхцөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зохицуулалтаас өөр ямар аргаар хүний нэр төр алдар хүндийг хамгаалах нь зүйтэй гэж мэдээлэл гаргагч нар үзэж байгаа вэ?
Мэдээлэл гаргагч Т.Сумъяабазар:
-Яагаад энэ асуудлыг Эрүүгийн эрх зүйгээр бус бусад салбар эрх зүйгээр шалгаж болно гээд байгаа юм бэ гэхээр хоёр зүйл онцолъё. Зөрчигдсөн эрхийг сэргээх гол байдаг. Гэтэл энэ зөрчигдсөн эрхийг Иргэний эрх зүйгээр сэргээдэг. Иргэний хуулинд хамгаалалтын аргууд байдаг. Иргэний эрх зүйд хүний нэр төр эдийн бус баялаг гэж үздэг. Эрүүгийн эрх зүйгээр бол шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл нэр хүнд нь хохирсон этгээдийн нэр төрийг яаж сэргээх юм бэ гэдэг асуудал үлддэг. Эрүүгийн хэргийн шүүх уучлал гуйхыг даалгаж шийддэггүй. Гэтэл энэ төрлийн маргааныг Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргаад, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэр төрд халдсэн үйлдэл эсэхийг тогтоож, уучлал гуйхыг даалгаж, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай гээд шаардаж шийдээд явж байгаа. Мэдээлэл гаргагчийн зүгээс өмгөөлөгчөөр хэрэг маргаанд оролцохдоо энэ төрлийн маргааныг шийдэж болоод байгаа юм. Гэтэл эрүүгийн эрх зүйн маргаанаар гэм буруутайд тооцсугай, шийтгэл ногдуулсугай гээд шийддэг. Хамгаалагдах гээд байгаа эрх ашиг хэрхэх нь тодорхойгүй үлддэг. Эрүүгийн эрх зүйгээр шийдэгдэхэд мэдээлэлтэй тэмцээд байдаг. Түүнээс биш гүтгэлэгт санаатай хүсэл зориг байгаа эсэхийг тогтоодоггүй. Зарим тохиолдолд тухайн мэдээлэл үнэн зөв эсэхийг мэдэх боломжгүй байдаг. Мэдээллийн байгууллагыг яллагдагчаар татдаг. Тараасан гэдгээр нь тухайн мэдээллийг устгуулах, дахин тараалгахгүй байх зорилгын үүднээс Эрүүгийн эрх зүйгээр шалгаад байна. Эрүүгийн эрх зүйгээр шалгахаар сэтгүүлчийг мэдээлэгчээ заавал илчлэхийг шаарддаг. Гэтэл иргэний эрх зүйгээр мэдээлэгчээ илчлэхгүйгээр үнэн зөв мэдээлэл гаргасан гэдгээ нотолж болдог. Энэ асуудлыг Эрүүгийн эрх зүй рүү оруулж шалгаж байгаа нь худал, үнэн мэдээлэл эсэхээс үл хамаараад тухайн мэдээллийг хэн өгсөн бэ гэдгийг олж тогтоох зорилго агуулдаг. Сэтгүүлчийг мэдээлэгчээ илчил гэж байгаа нь дахиж сэтгүүлчээр ажиллахгүй шүү гэсэн дарамт шахалтад оруулж байгаа хэрэг.
Д.Оросоо: Манай улс худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарлаж байна
Мэдээлэл гаргагчийн өмгөөлөгч Д.Оросоо: Бүх л улс оронд худал мэдээлэл явж байгаа. Тэд худал мэдээлэлтэй тохиромжтой аргаар тэмцдэг. Мэдээллийг нягтлах буюу худал мэдээллийг ялгах ур чадварыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадаа зааж байна. Тэд бас мэдээллийн технологийн компаниудтай хамтарч ажиллаж байна. Худал мэдээллийн талаар баримтлах төрийн бодлого боловсруулж ажиллаж байна. Худал мэдээлэлтэй тэмцэх аргаа бусад улсууд олсон байна. Манай улс бол зөвхөн Эрүүгийн хуульдаа худал мэдээлэл тараах зүйл заалт оруулаад эрүүгийн хуулиараа шийдэхээр оролдох нь боломжгүй. Харин ч манай улс худал мэдээлэлтэй тэмцэх ямар ч бодлого байхгүй, ямар ч арга хэмжээ хэрэгжүүлээгүй. Улс орнууд үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын тулд худал мэдээлэлтэй тэмцэж байна. Манай улс худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарлаж байна. Шүүмжлэлт дуу хоолойг хорих давхар зорилго бас яваа.
Мэдээлэл гаргагч С.Номынбаясгалан: Манай улс гүтгэхийг гэмт хэрэгт тооцож ирсэн уламжлалтай. Гүтгэх болон худал мэдээлэл тараах гэдэг хоёр гэмт хэрэг бол ялгаатай гэдгийг практикаар нотолсон байдаг. Эрүүгийн хуулийн 13.14 бол гүтгэх гэмт хэргээс агуулгын хувьд эрс өөр. Үндэсний эрүүгийн хууль тогтоомжид тавигдах Үндсэн хуулийн шаардлагыг яах аргагүй Эрүүгийн хуулийн 13.14 бол хангахгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх хүлээн авах эрхийг зөрчсөн зохицуулалт.
“Ташаа мэдээлэл” гэдэг тэмдэглэгээтэй мэдээллийн тархалтыг Фэйсбүүк хумьдаг
Мэдээлэл гаргагч Л.Галбаатар: Эрүүгийн хуульд заахгүйгээр бусад байдлаар худал мэдээлэлтэй тэмцэх, хүний нэр төрийг хамгаалах гурван төрлийн арга бий. Мэдээлэл гаргагч Т.Сумъяабазар дэлгэрэнгүй тайлбарласан Иргэний хэргийн шүүхийн процесс байгаа. Талууд нь ижил тэгш эрхтэйгээр оролцдог. Талуудад нотлох баримт байхгүй бол Иргэний хэргийн шүүх өөрөө нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг. Хилийн чанадад ч нотлох баримт бүрдүүлдэг онцлогтой. Цахим орчны цаана цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой алдаатай буруу мэдээлэл явахад залруулах арга хэмжээг тухайн редакц өөрөө авна. Хоёрдугаарт хэвлэл мэдээллийн зөвлөл буюу өөрийн зохицуулалтын байгууллагад ханддаг. Тухайн зохицуулалтын байгууллага буюу мэргэжлийн ёс зүйн хороо нь хурлаа хийж, холбогдох баримтаа цуглуулаад, тухайн сэтгүүлч мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн байвал дүгнэлт гаргаж, холбогдох талуудад мэдэгдэж, алдаагаа залруулах арга хэмжээ авдаг. Гурав дахь арга технологийн шийдэл.
Улс орнууд алгоритмын ил тод байдлыг хангахад анхаарч байгаа. Ялангуяа Фэйсбүүкийн жишээг харахад тэд ямар мэдээллийг их үзүүлэхээ алгоритмаар
шийддэг. Тухайлбал ковидын үед манай Засгийн газар эрүүл мэндийн санамж зөвлөгөөг хамгийн их харуулдаг байлгахаар Фэйсбүүктэй яриад ийм байдлаар хийж байсан. Хэрэв өөр төрлийн мэдээллийг хамгийн их гаргаж ирэхээр Засгийн газар захиалбал хортой үр дагавартай. Ямар мэдээлэл хамгийн их түгээж байгаа алгоритмаа ил тод болгооч гэдэг шаардлага тавигдах болсон. Энэ чиглэлээр ЮНЕСКО-гийн олон зөвлөмжүүд байдаг.
Өөр нэг зүйл нь баримт шалгах төвүүд улс орнуудад байдаг. Монголд ч Монголын Баримт шалгах төв Фэйсбүүктэй хамтарч ажилладаг. Уг төвөөс “Ташаа мэдээлэл байна” гэдэг тэмдэглэгээ хийчихвэл тухайн мэдээллийг Фэйсбүүк алгоритмаараа тархалтыг нь хумьдаг. Үзэгдэлтийг нь багасгах арга хэмжээ авдаг. Худал мэдээлэлтэй тэмцэх ийм боломжууд бий.
Манай Эрүүгийн хуулийн процесс удаан явдаг. Энэ тохиолдолд худал мэдээлэл тархаж, үнэн мэт ойлгогдсон байдаг. Хугацааны хувьд ч эрүүгийн процесс энэ хэрэг дээр оновчгүй байгааг харуулж байгаа юм.
Б.Энхбаяр: Худал мэдээллийн цаана төр, ард түмний итгэлцэл хамт нурж байдаг
ҮХЦ-ийн илтгэгч гишүүн Л.Өлзийсайхан: УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя. Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд хүний нэр төр алдар хүндээс гадна хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэдэг ойлголтыг хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон Улстөрийн эрхийн олон улсын практикт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг онцгойлон авч үзсэн. Үүний сацуу уг эрх чөлөөний хязгаарлалтад тавих шаардлагыг нэрлэн тоочин заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд үүнд хамаарахгүй хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэх ойлголтыг хамааруулсан нь ямар үндэслэл хэрэгцээ шаардлагатай байсан бэ?
УИХ-ын итгэмжлэгдсөн төлөөлөгч Б.Энхбаяр:
– Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний үндсэн эрх болон салшүй эрхийг зааглан тодорхойлсон. Энд тавигдах хязгаарлалт гэдэг бол үндсэн үүрэг болон журамт үүргийг хэлж байгаа юм. Үүрэг бол нөгөөталдаа хүний эрхийн хязгаарлалт гэж болно. Ямар хүрээ хязгаарт ямар зорилгын хүрээнд хуулиар хязгаар тавьж болох вэ гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийн энэ үзэл санааг Иргэний болон Улс төрийн эрхийн тухай пактад заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавьж болох хязгаарлалтын үзэл санаатай нийцэж байна гэдгийг хэлье. Олон улсын пактад нийгмийн ёс суртахууныг хамгаалах зорилгоор хязгаарлалт тавьж болно гэж байгаа юм. Нийгмийн ёс суртахуун гэж юуг хэлээд байна вэ. Өөрөөр хэлбэл хүний эрхэмсэг оршихуй хүн хүнтэйгээ хүн шиг хандах, хүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандах үзэл санааг хамгаалах гэдэг бол төрийн ч, Үндсэн хуулийн ч, ердийн хуулийн ч хэрэгцээ шаардлага юм. Тухайн хүний хөндөгдсөн эрхийг хамгаалах, нэр төр эрхэмсэг оршихуй Иргэний хуулиар хамгаалагдаж байгаа юм. Эрх нь хөндөгдсөн, эмзэг нэр төрд халдсан тохиолдлыг шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэх асуудал Иргэний хуулиар зохицуулагдана. Эрүүгийн хууль юу хамгаалаад байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн үндсэн зорилго бол нийтлэг эрх ашигт, нийгмийн ёс суртахууныг эвдэж нийгмийн оюун санааг бузарлаж байгаа санаа зорилготой гүжир гүтгэлэгүүдийг тараах нь нийгмийн оюун санааг эвдэж байна гэж үзэж байгаа юм. Тухайн хүн хохирогч болохоос гадна нийгмийн олон давхарга хохирогч болж байна гэж үзэж байгаа юм. Тухайлбал миний биеийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед цагдаагийн дөрвөн албан хаагч бүлэглэн насанд хүрээгүй охиныг хүчиндсэн гэх мэдээлэл түгээгдсэн. Олон нийт мэдээж маш их бухимдсан. Тодорхой төрлийн гэмт хэрэг шалгагдаж, нэг цагдаагийн албан хаагч гэм буруутай нь тогтоогдож, бусад гурван албан хаагч гэмт хэрэг үйлдээгүй хэмээн цагаадсан байдаг. Гэхдээ хууль сахиулах ёстой төрийг төлөөлж байгаа институтц маш хүнд байдалд орсон. Нэр хүнд дархлаа авах юм байхгүй болсон. Энэ нь хууль дээдлэх хуулийн хэрэгжилтийг сахиулах системд давхар цохилт өгсөн. Худал мэдээллийн цаана төр ард түмний итгэлцэл хамт нурж байдаг. Ингэж үндэсний аюулгүй байдлын дархлаа сул болж байх жишээтэй. Нийгмийн ёс суртахууныг Эрүүгийн хууль хамгаалагч байдаг. Эрүүгийн хууль тэр чигээрээ ёс суртахуун. Хүн алж болохгүй. Худлаа ярьж болохгүй, хүнийг залилж болохгүй, гэмтээж болохгүй гэсэн хууль. Энэ дотроо илүү ноцтой, хор уршиг ихтэй, цааш нь түгээх нь хор аюултай гэсэн ноцтой үйлдлүүдийг Эрүүгийн хуулиар зохицуулж хамгаалж байдаг. Тийм учраас гүжир гүтгэлэгийг Эрүүгийн хуулиар зохицуулахгүй байх нь илүү хор аюултай. Жишээлбэл Америкын тагнуулын байгууллагын конгрест өгсөн тайланд тухайн улсын ерөнхийлөгчийн сонгуульд гадны улсын тусгай албад цахим орчинд сошиал тролл байдлаар нөлөөлсөн гэдэг мэдээлэл ил болсон. Энэ юу хэлж байна гэхээр засгийн эрх мэдлийг өөрсдөө мэдэх, илүү зөв хүн, ард түмний дуу хоолой болох санал өгөх боломжид хүртэл худал мэдээлэл нөлөөлж байдаг. Энэ үйл ажиллагааг системтэй хийж байгаа юм. Тийм учраас ҮХЦ яг энэ цахим орчны худал түгээлт, зохион байгуулалттай үйл ажиллаганы талаар мэдээлэл аваасай гэж хүсэж байна. Ажил хэргийн нэр хүндийн тухайд Эрүүгийн хуулиар хамгаалагдвал зохих үйлдэл байдаг. Ажил хэргийн нэр хүнд гэдэг төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдийн хувьд ямар ч эд зүйл мөнгө хөрөнгөөр үнэлж болшгүй капитал. Ялангуяа арилжааны банк хадгаламж эзэмшигчдийн итгэл дээр явж байдаг. Аливаа бизнес итгэл дээр явж байдаг. Худал мэдээлэл бизнесийн байгууллагын ашиг үйл ажиллагаа бүх зүйлд нөлөөлж дампуурахад ч хүргэдэг. Тийм учраас заавал Эрүүгийн хуулиар хамгаалагдах шаардлагатай. Өрсөлдөгчөө намнахын тулд захиалга өгч худал мэдээлэл түгээх нь бизнесийн байгууллагын өрсөлдөөнд байдаг. Мөн улстөрийн намуудад ч байдаг гэв.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хоёр өдөр үргэлжилсний эцэст Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Цэц 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм.
Б.Янжмаа
3,607.57





















































Нэргүй 2025-11-26 43.242.242.59
Хүнийг гүтгэж доромжлох нь гэмт хэрэг мөн. Сүүлийн үед бүр хирээс хэтэрч нийгмийн ёс зүйг булингартуулж байна. Тийм учраас бага дээр нь энэ зүй бус үйлдлийг таслан зогсоох нь зөв. Эс тэгвээс оройтож хүний эрх нэрээр анархизм цэцэглэж тайван амар амьдарч чадахгүй болно. Танхайчууд, ёс зүйгүй иргэд л хүний эрх нэрээр хайцаалж бусдыг гүтгэж доромжилж өөрийн бохир зорилгодоо хүрдэг. Капиталист нийгэм ийм л юм.
ККК 2025-11-26 202.9.46.196
БОЛОЛТОЙ ТИЙМ БАЙЖ МАГАДГҮй гэж бичиж болох ёстой гэж бодож байна