niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 00:33 UTC Эх: https://news.mn/r/2835590/ 3a93c2c026ae88b8… ← niitlelch.mn руу буцах

М.Бадамсүрэн: ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсэн асуудлыг судална

Хуучирсан мэдээ: 2025.11.24-нд нийтлэгдсэн

М.Бадамсүрэн: ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсэн асуудлыг судална

М.Бадамсүрэн: ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсэн асуудлыг судална
Төрийн ордон, Улаанбаатар. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр нь дэвшсэн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр /2025.11.24/ сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ “Дархан-Уул аймаг руу нүүсэн яамны асуудлыг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулна” гэлээ.

Энэ талаар тэрбээр “Шинэ парламент байгуулагдсаныхаа дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах үед зарчмын зөрүүтэй санал гарч, нэгхэн гишүүний дэмжлэгээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу нүүлгэн шилжүүлнэ гэдэг заалт дэмжигдсэн байдаг. Урьдчилсан байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 70 хувь нь Дарханд, 30 хувь нь Улаанбаатар хотод байдаг гэсэн мэдээлэл бий. Хэрвээ салбарын сайдаар томилогдвол ажилтан, албан хаагчдын амьдрал, ахуй нөхцөл нь ямар байгаа юм гэдгээс эхлээд танилцана, судална. Дараа нь УИХ, Засгийн газарт асуудлыг танилцуулна” гэлээ.

Л.Оюун-Эрдэнийн танхим Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудыг нийслэлийн төв хэсгээс нүүлгэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хотын захиргааг Яармаг руу нүүсэн.

Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийг яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Яамыг нүүлгэн шилжүүлэх ажил гурван үе шаттай хийгдэнэ. Энэ ондоо багтаж бүрэн шилжинэ. Гадаад харилцаа, хуулийн хэлтэс зэрэг УИХ, Засгийн газартай хамтарч ажилладаг бүтэц Улаанбаатарт үлдсэн байгаа. Яамны 70 орчим хувь нь төвийн бүс дээрээ ажиллах шаардлага байгаа.

Миний хувьд долоо хоногтоо 2-3 өдөр нь Дархан-Уул аймагт яаман дээрээ ажиллах бол мөн 2-3 хоногт Улаанбаатар хотод байж, УИХ, Засгийн газар дээрээ ажиллана. Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар явахад 1.30-2.00 цагийг л зарцуулдаг бол Улаанбаатар хот руугаа ороход их цаг зарцуулж байгаа.

Төв, Дархан,Сэлэнгэ бол газар тариалангийн гол бүс. Хөнгөн хүнсний боловсруулах үйлдвэрийн 90 гаруй хувь энэ бүсэд төвлөрч байна. Нийт газар тариалангийн гол цөм бүс нь төвийн бүсэд мөн оршдог. Төвлөрлийг сааруулах том зорилт бидний өмнө байгаа. Хүн амын 60 хувь, мөнгөний нийлүүлэлтийн 80 гаруй хувь, нийт аж ахуй нэгжүүдийн 75 хувь Улаанбаатар хотод төвлөрч байна. Хэт их төвлөрлөөс болж, Улаанбаатар хотод байнгын түгжрэл, бухимдал үүсэх болсон. Засгийн газар төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны байгууллагыг бүсүүдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. ХХААХҮЯ бүсэд шилжиж байгаа эхний яам болж байна. Хөдөөг хөгжүүлж байж иргэд орлоготой болж, амьдралын чанар нь сайжирна.

Дархан-Уул аймагт ХХААХҮЯ шилжин суурьшсанаар дагаж 100 мянга гаруй иргэний шилжилт хөдөлгөөн хийгдэх тооцоо гарсан” гэж байр сууриа илэрхийлж байв.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж