МУИС-ийн Археологи, антропологийн тэнхим байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тус ойн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн Бямба гаригт /2025.11.22/ “Хүннүгийн дүрслэх урлагийн ерөнхий асуудлууд ба шинээр илэрсэн зураасан зураг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Энэ үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Д.Түмэн, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нараас байр суурийг нь тодруулсан юм.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Д.Түмэн:
-Манай тэнхим 30 жилийн хугацаанд маш их өргөжиж ирсэн. Модтой зүйрлэвэл анх үндсийг нь тавьсан мод минь салаалан мөчирлөж өргөжин тэлж байна. Монгол Улсдаа археологи, антропологийн чиглэлийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх тэнхимийг байгуулсандаа бид бүхэн үнэхээр бахархаж байна. Үе үеийн төгсөгчид маань төр, нийгэм, боловсрол, хувийн хэвшлийн олон байгууллагад мэргэжил мэдлэгээрээ түүчээлэн ажиллаж байгаа шавь нараараа бахархаж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 орчим төгсөгч бэлтгэсэн. Үүнээс шинжлэх ухааны байгууллага болон их дээд сургуульд ажиллаж байгаа шавь нар маань эрдмийн зэргээ хамгаалж, эрдэмтэн багш болж буй нь манай тэнхимийн бас нэгэн бахархал юм.
Мөн олон төгсөгч маань АНУ, Герман, Монако, Хятад, Солонгос гэх мэт гаднын олон оронд дипломын дараах сургалтад хамрагдаж, эрдмийн зэрэг цолоо дээшлүүлэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаа.
Анх гурван багш тулгын чулуу тавилцаж байсан бол одоо манай тэнхим өсөн тэлж таван төрлийн хөтөлбөртэй, био археологийн, археологийн судалгаа шинжилгээний хоёр лабораторитой.
Мөн манай тэнхимийн дэргэд “МУИС-ийн харьяа Нүүдэлчдийн соёл иргэншлийн археологийн хүрээлэн” байгуулагдсан. Саяхан Юнескогийн ивээл дор “Жендэр судлалын төв” байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнд манай төгсөгч Жаргалын нөр их хүч хөдөлмөр шингэсэн. Үе үеийн төгсөгчид маань биднийхээ түүчээ, залгамж холбоо болж байгаад талархдаг. Археологи, антропологийн судалгааны гол үр дүн бол Монголчуудын өв соёл гэж юу вэ, бидний өвөг дээдэс хэн байсан юм бэ,, ямар үүх түүхтэй вэ? гэдгийг түүхэн сурвалж бичиг, археологийн эд өлгийн зүйлс, оршуулгын дурсгалын зүйлсэд тулгуурлан түүхийн бодит үнэнийг байгаль шинжлэлийн аргаар археологи, антропологийн аргаар тайлбарладаг. Археологи, антропологийн шинжлэх ухааны хамгийн чухал ач холбогдол нь Монголчуудын түүхийг улам бүр баяжуулж, нарийвчлан дэлгэрэнгүй судалдгаараа онцлогтой гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Археологи, антропологийн тэнхим байгуулагдаад 30 жилийн ой болж байна. Манай тэнхимийн багш, судлаач, оюутнууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд бэлтгэгдэж байгаа. Шинжлэх ухааны салбарын амжилтыг олон улсын сэтгүүлд өгүүлэл, нийтлэлээ хэр хэмжээгээр хэвлүүлсэн гэдгээр нь нь хэмждэг. Намайг 10 гаруй жилийн өмнө тэнхимийн эрхлэгч хийж байх үед манай тэнхим МУИС-ийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд авч үзэхэд, салбартаа хамгийн өндөр түвшний олон улсын сэтгүүлүүдэд олон өгүүлэл, эрдэм шинжилгээний ажил хэвлүүлсэн амжилтыг гаргаж байсан. Одоо ч энэ амжилт үргэлжилж байгаа. Үүний тод жишээ бол манай төгсөгчид дэлхийн шилдэг их сургуулиудад сурч байна. Мөн багш, судлаачдын хувьд олон улсын түвшинд бүтээлүүд нь үнэлэгдэж байна.
Тухайлбал, Л.Мөнх-Эрдэнэ багшийн Монголын түүхийн чиглэлийн хоёр бүтээл гадаадынхны анхаарлыг татаж, эшлэгддэг.
Антропологи, археологийн гаднын улсын сургуулиуд сургалтын хөтөлбөртөө оруулж ашигладаг гэх зэрэг. Өнгөрсөн 30 жилийг дүгнэхэд манай хөтөлбөр бүс нутагтаа төдийгүй олон улсад Монголын археологи, антропологийн боловсрол хүлээн зөвшөөрөгдөж байна. Монголын археологи, антропологийн чиглэлээр судалгаа хийж байгаа гаднын ямар ч эрдэмтэн манай судлаачдын бүтээлийг үзэж судлахгүй бол цааш алхах боломжгүй ийм түвшинд хүрсэн. Товчоор бидний судалгааны бүтээл, тоймыг алгасаж алхах боломжгүй. Цаашид харин бид өөрсдийн амжилтаа бататгах. Нэгдүгээрт, эрдэм шинжилгээний бүтээлээ олон улсын түвшинд илүү ихээр хэвлэн нийтлүүлэх. Хоёрдугаарт төгсөгчдөө чадавхжуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн болгох алхмыг бүрдүүлэх гэсэн зорилго байгаа. Энэ тал дээр тодорхой хэмжээнд ажлууд хийгдэж эхэлсэн. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлж, дэмжих хэрэгтэй гэв.

Н.ЦОЛМОНБААТАР
3,607.57






















































Холбоотой мэдээ