МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.24/ хуралдаж УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлж дэмжжээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нь МАН-ын дарга, УИХ-ын дарга болсон тул Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх шаардлага үүсээд байгаа юм.
Эдийн засаг, хөгжлийн сайдад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг нэр дэвшүүлснээр мөн тус яаманд шинэ сайд томилох шаардлага үүссэн. Тэгвэл энэ албанд УИХ-ын 2024 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлээд байна. Тэрбээр аймгийн Засаг даргаар 9 жил, удирдлагын багт 11 жил ажиллажээ.
Харин Эдийн засаг хөгжлийн сайдад нэр нь дэвшсэн Ж.Энхбаяр сайдын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан.
Үндсэндээ УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа гэж хэлж болно. Энэ хугацаанд Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.
2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, иргэдийн боломжийг хулгайлсан гэх асуудалд нэр холбогдсоноос өнжсөн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болж байв.
Засгийн газар өнөөдөр 15:00 цагаас ээлжит бусаар хуралдана. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ээлжит хуралдаанаа өнжсөн, тэгвэл түүнийгээ нөхөж өнөөдөр хуралдахаар болсон гэх мэдээллийг албан эх сурвалж өгсөн. Тэгвэл Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг томилох асуудал мөн өнөөдөр хэлэлцэгдэж мэдэхээр байна.
3,607.57


















































Холбоотой мэдээ