Хэнтий аймаг, Чингис хот. Хөх тэнгэрийн дор цасан ширхэгүүд хуйсганан гялтганаж, өглөөний нарны хүйтэн туяанд богинохон сүүдэр үүсгэнэ. Холын бараанаас адууны амьсгал замхарсан утаа шиг сэвэлзэн цайрч, хонхор хотгор бүрээс давхилдан ирэх мэт мэдрэмж төрнө. “Би морин дээр гарч байж л уур уцаар, бухимдлаа мартдаг. Морьтой хүн ганцаарддаггүй”. Зөөлөн боловч гүн үг. Тал нутагт хүний гомдол, баяр, айдас, хүсэл мөрөөдөл юу ч байсан адуу л хамгийн түрүүнд анзаардаг гэнэ.
Орчин үеийн залуучуудын амьдралын хэв маяг өөр өөрийн онцлогтой. Хотын залуус ихэвчлэн мотоцикл, машин, дугуйгаар зорчиж, хурд, тав тухыг эрхэмлэдэг бол Хэнтийн залуучуудын амьдрал уламжлал, соёлтой салшгүй холбоотой байдаг.
Хотын төвөөр ч морьтой, дээлтэй явж буй залуустай тааралдах нь бий. Хэнтий аймгийн зүүн хязгаарт орших Чингис хот нь Монгол орны түүх, соёл, орчин үеийн хөгжлийг нэгтгэсэн шинэ төв юм. Энэ хот нь Чингис хааны нэрээр нэрлэгдсэн нь зөвхөн нэр төдий бус, Монголын агуу удирдагчийн өв соёл, эрхэм зорилгыг өнөө цагт дамжуулах бэлгэдэл болжээ. Хотын бүтээн байгуулалт нь орчин үеийн шаардлагад нийцсэн дэд бүтэц, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүдийг хамарсан бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн. Чингис хот нь байгальтайгаа зохицсон төлөвлөлт, ногоон байгууламж, амралт чөлөөт цагт зориулсан талбай, цэвэр агаартай орчин бүрдүүлсэн нь хотын онцлогийг тодотгодог.
Мөн Чингис хот нь аялал жуулчлалын чухал цэг болон хөгжиж байна. Уудам тал хөндий, наран шаргал хөх тэнгэрийн өнгө нь жуулчдын сонирхлыг татдаг бол түүхэн дурсгал, эртний зам мөрүүд нь өнгөрсөн үеийн үнэт өвийг харуулдаг. Хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө нь боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг нэгтгэсэн иж бүрэн төв бий болгох зорилготой аж. Энэ хотод ирсэн хүн бүр зөвхөн шинэ хотын амьдралтай танилцах биш, Монголын аугаа түүх, байгалийн үзэсгэлэнг нэгэн зэрэг мэдрэх боломжтой юм байна.

Хотын хорин давхар барилга хүртэл өчүүхэн санагдах уудам тал руу хэдэн зуун машин цувжээ. Өглөөг угтан мордсон хүмүүсийн царайд хүйтэн жавар, догдлол хоёр зэрэгцэнэ. Адууны тоос ханхлах газарт очих гэж яаран гэлдэрч, дулаахан хувцсаа шамлан, цаснаас халтирсан гутлын мөрөө үлдээн алхана. Баярын уур амьсгал сүржин биш хэдий ч түмэн адууны баярын өглөөг угтах тал нутаг тийм ч амгалан бус. Шөнөжин буусан хяруу газраас хөх туяа татуулж, хүйтэн салхи хацрыг халихаас илүү сэрээхийн тулд үлээх аж.
Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан Талын түмэн адуу наадам нь уламжлал, түүхийн хувьд чухал ач холбогдолтой.
Наадмын оролцогчид Монголын өнцөг булан бүрээс ирсэнээс гадна, олон улсын жуулчид ч хүрэлцэн ирж, нүүдэлчдийн өвөрмөц амьдрал, адууны соёлыг биеэрээ мэдэрсэн нь онцлог болов уу. Талын цагаан дэвсгэрийг туулан давхих морьдын сүр жавхлан, морьтон залуусын авхаалж самбаа, уяачдын ур чадвар нь олон хүний амьдралд мартагдашгүй дурсамж үлдээсэн нь гарцаагүй. Жил бүрийн наадамд 10 000 орчим хүн оролцдог хэмээн зохион байгуулагчид мэдээлсэн бөгөөд ирээдүйд улам өргөжин тэлэх боломжтой гэдгийг тэмдэглэж байв.
Гэвч баярын орчин зөвхөн уламжлалдаа түшиглээд зогсохгүй. Адууны давхилтыг дроноор тольдож, талын цагаан дэвсгэрийг хаана ч давтагдашгүй дүрээр хадгалж үлдэх нь орчин үеийн онцлог гэлтэй.

Морь бүр өөрийн онцлогтой. Зарим нь эрч хүчээрээ, зарим нь уян зөөлнөөрөө ялгарна. Морьтой давхиж буй унаачид ч мөн адил онцгой. Дээлний ханцуй, ташаанд боосон бүс, гутал, боолт, малгай нь тун чиг ганган. Нарны гэрэлд гялтганасан эдлэлүүд, ороосон торгон утас, гоёл чимэглэл нь морьтны сүр хүчийг улам тодотгоно. Монголын үндэсний хувцас буюу монгол дээл нь түүх, соёл, цаг агаар, монголчуудын амьдралын хэв маягтайгаа салшгүй холбоотой.
Дээлийн урт, зах, мөрний хэлбэр, бэлхүүсийг бүслэх арга нь хүний биеийн хөдөлгөөнийг хөнгөвчлөхөөс гадна нийгмийн байр суурь, нас насны ялгааг илтгэх үүрэгтэй.
Материалын хувьд дээл нь хөвөн, торго, ноос болон тэмээ, адууны ноос зэрэг байгалийн гаралтай эдлэлээр хийдэг ба өвлийн хүйтэн, зуны халуун цаг агаарын нөхцөлд зохицсон байдаг. Дээлийг бүсэлдэг бүс нь зүгээр чимэг төдийгүй, биеийн хэлбэрийг тодруулж, хувцасны хэлбэрийг тогтвортой барьдаг ба зарим бүс нь мөнгөн товч, хадаас, хээ угалзаар гоёж, эзнийхээ нас, нийгмийн байр суурийг илэрхийлдэг. Түүнчлэн малгай нь монгол дээлний салшгүй нэг хэсэг бөгөөд өвлийн малгай нь хатуу, ноосон доторлогоотой, чих, чөмөг, хүзүүг хамгаалах зориулалттайгаар хийдэг бөгөөд малгайд мөнгөн болон алтан чимэглэл, хээ угалз, заримдаа үнэт чулуу ашиглаж гоёдог нь монголчуудын гар урлалын уламжлалын харуулдаг аж. Мөн нэхий гутал өвлийн хүйтэнд тохирсон, тансаг чимэглэлгүй ч тухтай байдлыг илэрхийлдэг гэдгийг "ганган морьтнууд" онцлож байлаа.
Харин адууны гоёл нь монголчуудын хувьд морь нь зөвхөн тээврийн хэрэгсэл биш, баяр ёслол, тэмдэглэлт өдөрт ашиглагддаг чимэглэл бөгөөд хазаар, хүзүүвчийг нь арьс, торгон материалаар хийж, мөнгөн болон алтан чимэглэлээр гоёдог, бүрээ, эмээл нь гар урлалын хээ угалз, мод, арьс, металл зэрэг хосолсон гоёлтой байдаг. Түүнчлэн морьны уяаг хурд, хүчийг нь тэмдэглэх зориулалттайгаар гоёж, эзэн, морь хоёрын нэгдлийг илэрхийлдэг ажээ.

Энэ удаагийн наадамд зөвхөн адуу ч биш, тал нутгийн биет бус соёлын өв гэж нэрлэгддэг “тайга нохой”-нууд ч хүрэлцэн иржээ. Тайга нохой нь Монгол орны өргөн уудам тал нутагт анчидтай хамт ажиллаж, мал сүргийг хамгаалах, ан агнахад туслах зориулалттай. Тайга нохой их ганган суурин газар ч тэжээх боломжтой харагдана.
Гөрөөчдийн хэлснээр "гөлгөн нохой ихэвчлэн жижиг амьтан агнадаг бол том тайга нохой нь үнэг, чоно зэрэг том амьтныг ч андахгүй өндөр сонсолт, хурц нүд, хурдан хөдөлгөөнөөрөө ялгардаг. Тиймээс малчин, анчны өдөр тутмын ажилд үнэтэй туслагч болгодог" гэлээ.
Энэ удаагийн наадамд тайга нохойнуудыг олон нийтэд танилцуулан, тэдний чадвар, зан араншин, хүмүүстэй харьцах арга барилыг сонирхуулав. Монголд хоёр уугуул нохой байдаг гэж үздэг бөгөөд нэг нь монгол банхар, нөгөө нь тайга нохой. Аман яриагаар тайга нохойг Хубилай хааны үед ан авд хөтөлдөг байсан гэдэг. Монгол эрчүүд эрт дээр үеэс намар малд чоно орох нь элбэг тул нохойгоо дагуулан морддог байсан бөгөөд тайга нохойг тэжээхэд их нарийн арчилгаа шаардлагагүй бөгөөд идэш тэжээлийг зөв тааруулж өгөхөд л болдог гэнэ.
Мөн эзэндээ үнэнч, сахилга баттай тул хүүхэд болон бусад амьтантай ч зохицдог. Харин сургахдаа юун түрүүнд өөртөө дасгах нь хамгийн чухал аж.





Түүнчлэн монгол анчны соёлд шонхор шувуу чухал байр суурь эзэлдэг. Эдлэг шонхорыг зөвхөн зэрлэг байгальд амьдардаг шувуу гэж харахаас гадна, эзэндээ дасаж, сургаж ан хийхэд ашиглах боломжтой “амьд туслах” гэж үздэг байна. Том биетэй, хүчирхэг далавчтай энэ шонхор нисэх үедээ 80 км/цаг орчим хурдлах чадвартай бөгөөд дайралт хийхдээ ан амьтныг гүйцэх хурдтай байдаг нь монгол анчны өдөр тутмын ажлыг хөнгөвчилдөг.
Эдлэг шонхор нь ан хийхдээ маш ухаалаг бөгөөд хурц хараатай тул янгир, туулай, үнэг зэрэг зэрлэг амьтны байрлалыг өндөртөөс ажиглаж, ан хийх үедээ хүч чадлаа бүрэн ашигладаг. Мөн эзэндээ үнэнч, сахилга баттай тул сургалтанд амархан дасч, хүнтэй харьцахдаа эв найртай байдаг нь түүнийг зөвхөн анчны туслах төдийгүй гэрийн орчинд ч зохицож амьдрах боломжтой болгожээ.
Түмэн адууны баярт хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын зочид монгол адууны сүр хүч, ганган морьтнуудын явдал, өв уламжлалаа тээсэн урчууд, унаач хүүхдүүдийн жавхааг бишрэн шимтэнэ. Тайгын ноход, шонхор шувуудтай хамт дурсгалын зураг авахуулах гэсэн хүмүүсийн эгнээ тасралтгүй үргэлжилж харагдав.

Наадмын талбайн эргэн тойронд морьдын төвөргөөн цуурайтаж, цагаан өвс дээр хөрсөн хяруу гялтганаж, алс холын уулсын оргил цэнхэртэн харагдах нь монголын өвлийн үзэмжийг улам бүр тодруулна. Энэ бүхний дунд явахдаа гэр бүлийнхээ хамт ирсэн нэгэн Өмнөд Африкын жуулчинтай таарав.
Тэр эхнэр, охиныхоо хамтаар наадмын талбайн зүгт харан сууж, шинэ бүхнийг шимтэн тольдож байлаа. Түүнээс сэтгэгдлийг нь сонирхвол тэрбээр,
“Монголын өвлийн байгаль үнэхээр гайхалтай юм. Манайд ийм тунгалаг тэнгэр, уудам тал ховор. Харин энд ирээд байгалийн чимээг хүртэл өөрөөр сонсож байна. Наадмын уур амьсгал ч халуун дулаан, хүмүүс нь найрсаг. Ийм олон адуу, ийм сүрлэг морьтнуудыг амьдралдаа анх удаа харлаа. Хүүхдүүд хүртэл морио ийм сайн унаж сурсан байхыг хараад үнэхээр биширлээ” хэмээн чин сэтгэлээсээ хэлэв.
Монгол хүн гэлтгүй би ч мөн найман настай балчираас, наян настай бууралд хүртэл адуундаа морьдон давхилдаж буйг анх удаа нүдээр үзээд үнэхээр гайхширсан юм. Би өөрөө морь унаж өсөөгүй, адуу малтай айлын хүүхэд ч биш. Гэхдээ монголчуудын адууны соёл одоог хүртэл хуучраагүй, ямар хүчтэй өвлөгдөн ирснийг хараад зөвхөн зураг, киноноос төсөөлдөг байсан төсөөлөл минь бодит болон хувирсан юм.
Адууны төвөргөөн нимгэрч, тал нутгийг санагдуулам намуухан чимээ аниртана. Тэнгэр баганадсан уудам талын дээгүүр шувууд огтлолцон нисэж, Монгол хүн адуутайгаа, адуу нь талтайгаа, тал нь тэнгэртэйгээ салшгүй уяатай гэдгийг сануулна.









3,607.57






















































Холбоотой мэдээ