Монгол Улсад цахим залилангийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. 2026 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 15,600 гаруй залилах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү тоон үзүүлэлт нь цахим луйвар ямар хурдацтай газар авч буйг илтгэх бөгөөд үүний цаадах бодит нөхцөл байдал ямар байгаа, иргэд цахим орчинд хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах шаардлагатай талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндоржтой ярилцлаа.
Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? Ялангуяа залилах гэмт хэргийн гаралт болон учирсан хохирлын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бол?
-2026 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 258 мянга гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нь 45,900 гаруй байгаа бөгөөд залилах, хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна. Тэр дундаа залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар өсөж, 15,600 гаруй дуудлага бүртгэгдлээ. Одоогоор 11,135 гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжид учирсан нийт хохирлын хэмжээ 70 гаруй тэрбум төгрөгт хүрээд байгаа.
Залилах гэмт хэргийн дотор ямар төрлийн залилан илүүтэй бүртгэгдэж байна вэ? Залилагч этгээдүүд иргэдийг хуурахдаа ямар шинэ арга, технологи ашиглаж байгааг тодруулж өгөхгүй юу?
-Хохирогчдын тоогоор авч үзвэл цахим худалдаа, үйлчилгээ буюу онлайн шопоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалахтай холбоотой залилан хамгийн өндөр буюу нийт цахим залилангийн 36 хувийг эзэлж байна. Үүний араас мөрийтэй тоглоом, хууль бус сугалаатай холбоотой залилан 18 хувьтай явж байгаа юм. Харин мөнгөн дүнгийн хувьд сугалаа, алт болон орон сууцны залилангууд хамгийн их хохирол учруулж байна. Сүүлийн үед залилагчид аргаа улам нарийсгаж, дараах шинэ хэлбэрүүдийг түлхүү ашиглах боллоо.Тухайлбал, хиймэл оюун ухаан AI ашиглан бусдын дуу хоолойг дуурайлгаж ойр дотны хүмүүс рүү нь залгах, зохиомол утасны дугаар үүсгэн арилжааны банк, цагдаа, прокурор зэрэг төрийн тусгай албан хаагчдын нэрийг барьж "Таны дансанд эрсдэл үүслээ, хамгаалалтад авах тул энэ данс руу мөнгөө шилжүүл" гэх зэргээр хувийн мэдээллийг нь авч дансыг нь хоослох тохиолдол гарч байна.
Мөн өмнө нь хусдаг сугалаа, "Мьянмарын алт" гэх мэтээр иргэдийг залилдаг байсан бол одоо хэлбэрээ өөрчилж, "Манайх албан ёсны зөвшөөрөлтэй, Австралид хясаанаас сувд олборлож байна" гэх зэргээр шорооноос эрдэнэс, алт, сувд олборлож буй мэтээр харагдуулж иргэдийн итгэлийг олох аргаар залилж байна. Үүнээс гадна банк, сүлжээ ресторануудын нэрийг ашиглан хуурамч хаяг үүсгэж залилах тохиолдол ч түгээмэл.
-Иргэд залилуулсан тохиолдолд хохирлыг нь барагдуулах, мөнгийг нь царцаах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллаж байна вэ? Хохирогч болсон иргэд хамгийн түрүүнд хаана хандах ёстой вэ?
-Энэ чиглэлд цагдаагийн байгууллагаас "Анти-Скам" төвийг ажиллуулж байна. Энд цагдаа, прокурор болон арилжааны банкны ажилтнууд нэг дор хамтран ажиллаж, дуудлага мэдээлэл ирсэн даруйд гэмт хэрэгт холбогдсон дансыг газар дээр нь битүүмжилдэг. Ингэснээр иргэдийн мөнгө цааш өөр данс руу шилжиж, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд нийт 70 гаруй тэрбум төгрөгийн хохирлын 50 гаруй хувь буюу 35 гаруй тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, битүүмжлээд байна.
Хэрэв иргэд залилах гэмт хэрэгт өртсөн бол цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт яаралтай хандаж, мөнгө шилжүүлсэн дансны мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр тухайн дансыг 24 цагийн дотор шуурхай битүүмжлэх боломжтой.

-Цахим орчинд хуурамч линк илгээх, утсаар залгах зэрэг бусад төрлийн залилан нийт гэмт хэргийн хэдэн хувийг эзэлж байна вэ? Залилагчид иргэдийн ямар эмзэг байдал, сонирхлыг ашиглаж хохироодог вэ?
-Фэйсбүүк, Инстаграм, Твиттер, Телеграм зэрэг платформуудыг ашиглан хуурамч линк илгээх замаар иргэдийг хохироож буй тохиолдол нийт залилах гэмт хэргийн 14 хувийг эзэлж байна. Мөн иргэдийн гар утас руу шууд залгаж залилах нь 7 хувь, зээлийн аппликэйшн ашиглах нь 6 хувь, бусад төрлийн залилан нийлээд 21 хувийг эзэлж байгаа юм. Залилагч этгээдүүд хүний нас, боловсрол, улирал зэргийг харгалзахгүйгээр тухайн хүний яг юу үзэж харж, сонирхож байгаа хэрэгцээн дээр нь дөрөөлж залилдаг. Тухайлбал, ахмад настан руу утсаар холбогдож "Таны дансаар сэжигтэй гүйлгээ хийгдлээ" гэх зэргээр айлгаж, яаруулан бодох сөхөө өгөхгүй байх замаар хувийн болон дансны мэдээллийг нь авч, өмнөөс нь зээл авах, хадгаламжийг нь хоослох тохиолдол гарч байна.
Харин залуучууд сугалаа, цахим мөрийтэй тоглоомд илүүтэй өртөж байгаа бол эмэгтэйчүүд гэртээ суугаад онлайнаар хувцас болон бусад бараа бүтээгдэхүүн захиалах үедээ залилуулж байна. Мөн залиланд хөдөө орон нутгийн иргэд давхар өртөж байна. Тухайлбал, намар, өвлийн бэлтгэл ажил болон өвөлжилттэй холбоотойгоор мал, мах, өвс тэжээл худалдан авах хэрэгцээн дээр нь тулгуурлан залилах явдал гарч байна.
-Залилагчдын хувьд мөнгөний дүн чухал байдаг уу? Иргэд хэдхэн мянган төгрөг алдсандаа нэрэлхэж, хууль хяналтын байгууллагад мэдээлэлгүй чимээгүй өнгөрөх нь гэмт хэрэгтнүүдийг улам давраах, бусдыг хоморголон хохироох цаад шалтгаан болдог уу?
Иргэдийн дунд залилагчдыг зөвхөн их хэмжээний мөнгө онилдог гэх өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Гэтэл залилагч этгээдүүд мянган төгрөг ч бай, сая, тэрбум төгрөг ч бай ямар ч дүнг голдоггүй. Бусдыг мэхэлж мөнгө олж л чадаж байвал үүнийгээ гэмт хэргийнхээ үр шим гэж үздэг. Харин иргэд өөрсдөө "бага мөнгө, их мөнгө" гэж ангилж төөрөгддөг талтай. Жишээлбэл, гэмт этгээд таны дүүгийн фэйсбүүк хаягийг хакердан нууц үгийг нь өөрчлөөд, өмнөөс нь "Ах аа, надад яаралтай 5000 төгрөг шилжүүлээч" гэж чат бичихэд хүмүүс "Дүүдээ өгөхөд яав л гэж" гэж юу ч нягталж асуулгүйгээр шилжүүлчихдэг. Гэтэл тэр 5000 төгрөгийг хэдэн зуун хүнээс цуглуулахаар залилагчийн хувьд асар их хэмжээний мөнгө болж хувирдаг юм.
Манай иргэд "лайв сугалаа" болон энэ мэт чатны халдлагад өртөж, хэдэн арван мянган төгрөгөөр хохирсон үедээ "Хэдхэн төгрөгийн төлөө цагдаа, шүүх гээд явахаас ичиж байна" гэж нэрэлхээд гомдол гаргалгүй орхичихдог. Яг энэ хандлага нь эргээд залилагчдыг улам тэжээж, өөгшүүлэх гол шалтгаан болж байна. Тиймээс хохирлын мөнгөн дүнг бага, их гэж гололгүйгээр залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад заавал хандах хэрэгтэй. Ингэснээр тухайн залиланд ашиглагдаж буй банкны дансыг хууль хяналтын байгууллагаас яаралтай битүүмжлэн хааж, тэр дансаар дамжуулан өөр олон иргэн хохирохоос урьдчилан сэргийлж чадна.

-Залилах гэмт хэргийг шуурхай таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар шинэлэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ? Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Цагдаагийн байгууллагаас 2023 онд эхлүүлсэн "Анти-Скам" төвийг 2026 оноос Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэргэд бүрэн утгаар нь ажиллуулж эхэллээ. Бид Сингапур зэрэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлж, цагдаа, прокурор, арилжааны банкны ажилтнууд нэг дор дуудлага хүлээн авч, гэмт хэрэгт холбогдсон дансыг газар дээр нь битүүмжилдэг болсон.
Өмнө нь хэрэг нээж, прокурорын зөвшөөрөл авч банк руу албан бичиг явуулахад багадаа 3-5 хоног, цаашлаад 2-3 долоо хоног, нэг сар хүртэл хугацаа зарцуулдаг байсан бол одоо 24 цагийн дотор дансыг битүүмжилж, залилагчид мөнгийг цааш шилжүүлэх боломжийг хязгаарлаад байна.
Хуулийн хариуцлагын тухайд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамгийн багадаа 3-8 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, торгох ял оногдуулдаг бол хүндрүүлэх нөхцөл байдалтай тохиолдолд 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай байдаг.
Эцэст нь иргэд цахим залилангийн хохирогч болохгүйн тулд өдөр тутмын амьдралдаа юуг хамгийн их анхаарч, хэвшүүлэх шаардлагатай вэ?
-Иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахын тулд дараах энгийн боловч чухал алхмуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд, үзэж, судалж буй мэдээллийнхээ эх сурвалжийг сайтар нягталж шалгах, аливаа сэжигтэй линкээр дамжин өөрийн банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэзээ ч оруулахгүй байх, гар утсанд мессежээр ирдэг 6 оронтой нэг удаагийн баталгаажуулах кодыг OTP хэнд ч хэлэхгүй, шилжүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн гүйлгээ хийхдээ зөвхөн өөрийн гар утсан дээрх албан ёсны банкны аппликэйшныг ашиглах, онлайнаар бараа, бүтээгдэхүүн захиалахдаа урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс татгалзаж, бараагаа бодитоор хүлээн авсныхаа дараа төлбөрөө төлдөг зөв дадалд суралцахыг зөвлөж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,607.57






















































Холбоотой мэдээ