Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий болтол борви бохис хийх завгүй ажилладаг хүмүүсийн нэг нь Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/-ийн зам талбай цэвэрлэгчид. Хотыг цэвэр цэмцгэр, хоггүй байлгах ажлыг хийдэг зам талбайн цэвэрлэгчдийн төлөөлөл бол Б.Мөнхзаяа, О.Даваг нар юм. Тэд гэр бүлийн хоёр. Хамтдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цэвэр цэмцгэр байдлын төлөө тасралтгүй 10 гаруй жил ажиллаж яваа залуу хосууд.
Хамтдаа сэрж, хамтдаа ажиллаж, хамтдаа ажлаасаа тардаг учир хэн хэнийхээ зовлон жаргалыг хэнээс ч илүү мэдэрдэг.
Ямар ч асуудал тулгарсан хажууд түших хань минь байхад бүхнийг даваад л гардаг. Ажлаа хийж байгаад амс хийх зуураа хичээнгүйлэн ажиллаж байгаа ханийгаа хараад л эрч хүч орчихдог гэж нөхөр Л.Даваг хэлэхэд эхнэр нь бага зэрэг ичингүйрч, харц нь улам л гэрэлтэж байсан юм. О.Давагийн хувьд эхнэрээсээ таван жилийн өмнө ТҮК-ийн ажилтан болсон түүхтэй. Тэрбээр хэлэхдээ “Ах нь бага залуу насаа Сонгинохайрхан дүүрэгт өнгөрөөсөн. Ээж, аав хоёр маань намайг хүүхэд байхын л энд ажилладаг байсан болохоор ажлынхаа талаар дөртэй байсан" гэхтэй зэрэгцэн эхнэрийнхээ шүүрийг авч замын хажуугаар хөглөрөх тамхины иш, хог хаягдлыг хэдэнтээ шүүрдэв.

Тэдний ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг учраас 04:30 цагт ажлын байр дээрээ ирж Хөдөлмөр аюулгүй байдлын дүрэмтэй танилцаж, гарын үсгээ зурснаар өдрийн ажил эхэлдэг гэлээ. Өглөө бүр хэн бүхнээс түрүүлж, хотынхоо өнгө үзэмжид анхаарах ажилдаа шуурхайлан орох нь хамгаас сайхан байдаг гэдгээ сэтгэл дүүрэн ярив. Айлаар бодоход гэрээ цэмцийтэл цэвэрлэчихээд сууж байх хичнээн сайхан билээ дээ. Нар мандахтай зэрэгцэн өглөө бүр цэвэрлэсэн талбайгаа эргээд харахад цэлийчихсэн байх нь нэг сайхан уужим амьсгаа аваад, ажлаа эрч хүчтэй үргэлжлүүлэх эрч хүч өгдөг.
Хүн чинь хийсэн ажлынхаа үр дүнг нүдээрээ харах сайхан шүү дээ. Бид ажлаа жаргаж хийдэг хэмээн барьсан шүүр, өмссөн хувцсандаа түүртэлгүй, аз жаргалтайгаар инээмсэглэв.
Түүний эхнэр Б.Мөнхзаяа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зам талбайн цэвэрлэгчийн ажлыг 6 дахь жилдээ хийж байгаа бөгөөд он гарвал 7 дахь жил нь болох гэж байгаа тухайгаа бидэнд хэлсэн юм. Тэрбээр аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваа нэгэн. Түүний аав, ээж хоёр ТҮК-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тиймээс аав, ээжийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, хэлсэн захиасыг нь биелүүлж хамт олондоо шударгаар хөдөлмөрөө үнэлүүлж яваадаа баяртай байдаг гэдгээ хэлсэн юм.
Тэрбээр "Энэ жилээс нийслэл ТҮК-ийн ажилчдын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж өгсөн гэж ойлгож болно. Зам талбай цэвэрлэгч, бригад бүрт 2-3 шинэ мини тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Мини тоног төхөөрөмж нь ажлын ачааллыг бууруулж хөнгөвчилж өгч байгаад бид бүхэн талархалтай байгаа. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн чухал зүйл бол багаж хэрэгсэл шүү дээ.
Өмнө нь ТҮК-ийнхэн гэхээр л хэдэн дэрсэн шүүрнээс өөр багажгүй гэх ойлголт одоо өөрчлөгдсөн.
Миний хувьд 10 гаруй жил ажиллахдаа энэ ажилдаа ялархаж байсан удаагүй. Тиймдээ ч ажлаа хүнд, хөнгөн гэж огт бодож байсангүй. Аль ч улиралд, ямар ч нөхцөлд цэвэрлэх зам талбайгаа цэмцийлгээд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байхад л болно. Ажлын онцлогийн хувьд байшин хороолол биш гэр хороолол учраас улирлын чанартай хүндрэлүүд тохиолддог. Ялангуяа зуны улиралд үер буусан тохиолдолд үерийн ус зам руу урсаж шороо, хайргаар дүүрчихдэг. Өчигдөр нь цэвэрлэсэн замаа өглөө нь дахиад л цэвэрлэх тохиолдол олон. Тиймээс бүх зам талбайгаа үерийн ус зайлуулагчтай болгох, үерийн ус зам руу урсдаг цэгүүдэд хаалт хийх зэргээр арга хэмжээ авч болмоор л санагддаг. Гэхдээ бүх асуудлыг өргөс авчихсан мэт нэг дор шийдэх боломжгүй учраас хэдэн жилийн дараа гэхэд өөрчлөгдөх байх гэж итгэдэг хэмээн ярих зуураа бөөгнүүлсэн хогноосоо хүрздэж, хогийн савандаа хийв.

Тэрбээр ТҮК-д орохоос өмнө барилгын ажил хийдэг байсан аж. Барилгын ажил чанга, бас цалингаа авах гэж бөөн асуудал болж, авсан цалин нь зээлсэн өрөндөө өгөөд л таардаг. Ийн өрнөөс өрний хооронд олон өвлийг ардаа үдсэн. Харин ТҮК-д орсон өдрөөс хойш тогтмол цалинтай золгож, цөөн боловч хэдэн төгрөгөө амьдралдаа хүргээд хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдрах болсон. Анх барилгын салбараас гаргаж, энэ ажилд нь чиглүүлж өгсөн хүмүүс бол аав, ээж хоёр нь аж.
Ээж, аав нь насаараа энэ байгууллагад ажиллаж тэтгэвэртээ гарсан. Хүүхэд байхдаа хичээлээ тараад ээж дээрээ очиж тусалдаг байжээ. Тэр үед ээж нь "Гэртээ хариад амар" гэж их хэлдэг байсан аж. Гэхдээ хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр ээждээ тусалдаг баатар болж харагдахын тулд хичээнгүйлэн цэвэрлэдэг байсан. Тэр үед ээждээ "Энэ хэцүү ажил байна" гэж зөндөө хэлдэг байсан ч ээж минь "Хүн ажлыг голохгүй бол ажил хүнийг голдоггүй юм" гэж захина. Эхэндээ бол хэцүү санагдах үе байсан. Одоо бол ажлаа гартаа оруулчихсан болохоор хийж байгаа ажилдаа түүртдэггүй. Хийгээд сурсан хүн ажлыг амархан харагдуулдаг гэж үг байдаг даа. Цас орсон байвал ямар техникээр, бороо орчихвол ямар техникээр цэвэрлэхээ ч мэддэг болчихсон шүү дээ.
Сүүлийн үед ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийг ойлгодог, үнэлдэг хүмүүс олон болж байгаад баярладаг. Өмнө нь муу цэвэрлэгч гэж хардаг байсан бол одоо хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн.
Зам, талбайгаа цэвэрлэж байхад машиныхаа цонхоор "Баярлалаа" гээд урам өгдөг хүмүүс ч олон болсон нь сайхан санагддаг.
Зам дагуух хог хаядлаас хамгийн их нь тамхины иш л байдаг даа. Ганц нэг хүмүүс зам талбай шүүрдэж байгааг харсаар байж тамхины ишээ машиныхаа цонхоороо чулуудаж харагддаг. Их л бүдүүлэг үйлдэл харагддаг даа. Зарим нь машиндаа үнсний савтай ишээ ийшээ хийж байгаа шүү гээд инээмсэглэх тохиолдол ч байдаг. Бага багаар иргэд соёлтой болж байгаа" гээд хийж байгаа ажлаа түр зогсоож, хэсэг амсхийв.
ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдэж сарын 3.5 сая төгрөг болсноор амьдрал нь дэгжиж дээшлэх боломж ч бүрджээ. "Цалин нэмэгдэхээр хүний сэтгэл санаа, ажлын бүтээмж дагаад нэмэгддэг юм шиг. Одоо гар дээрээ 2 сая гаргаж авч байгаа учир амьдралаа дээшлүүлэх алхмыг бага багаар хийж эхэлсэн. Эхний ээлжинд хөл дүүжлэх унтаатай болох зорилго тавьж түүндээ хүрсэн.
Дараа нь энэ хэсэгт газар худалдаж авах зорилго тавьсан бас л түүндээ хүрсэн. Хүн ер нь том жижиг гэхгүй өөрсдийн гэсэн зорилготой байх нь залуу хүмүүсийн хувьд хамгийн чухал юм шиг.
Хамгийн анх ажилд ороход намайг 370 гаруй мянган төгрөгийн цалин угтсан. Тухайн үед их л мөнгө шиг санагдаж байсан. Гэхдээ 370 гаруй мянган төгрөгийг хоёр хувааж авдаг байсан учир урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байлаа. Хэдий тийм ч миний хувьд цалин бага байна гэж нэг ч удаа гомдож ажлаас гарна гэх бодож байгаагүй. Аль болох болгоно, бүтээнэ, чадна гэж хичээж хөдөлмөрлөж ирсэн. Одоо харин цаг үеэ дагаад харьцангуй өндөр цалин олгож байгаад ТҮК-ийн ажилчид сэтгэл өндөр байгаа. Үүнийг дагаад хамт олны уур амьсгал хүртэл өөрчлөгдсөн.
Нэг талаар нуруун дээр нь байсан хүнд ачааг бага ч болов хөнгөлсөн юм шиг.
Цалингаасаа эхнэр бид хоёр хуримтлал үүсгэж жижиг суудлын автомашин худалдаж авсан.
Өглөө, оройдоо эхнэр даардаг учир ажил нь тарахаас урьдаж машинаа халааж дулаацуулж байгаад суулгадаг даа гээд инээмсэглэв. Тэднийг хамтдаа ажлаа хийж байхад нь таарсан найз нөхөд, хөрш айлууд нь хараад урмын үг, халуун уух зүйл авч өгдөг. Өөрсдөө аваад уух боломжтой ч ажлаа хийж байгаад уух зүйл рүү ойр ойрхон яваад байж чаддаггүй.
Манай Сонгинохайрхан дүүргийн ТҮК долоо хоногт хоёр удаа амардаг. Ажлын нэг өдөр, амралтын нэг өдөр амрааж гадуур ажил төрөл амжуулах боломжоор хангадаг. Бид хоёр ажлын өдөр амрах үедээ гадуурх бүх ажлаа амжуулах гэх хичээдэг. Бүхэл бүтэн ажлын нэг өдөр дүүргээс амрах боломж олгож байхад өөр өдөр амрахыг нэг их хүсээд байдаггүй.
Эхнэр маань ойрдоо том хүүхдээ санаад байгаа юм шиг санагдсан. Манай том Увс аймгийн Өмнөговь аймагт хадам дээр байгаа. Тийм болохоор хичээл нь амрахаар хотод авчирах төлөвтэй байгаа. Хоёр дүү нь ч ахыгаа их санаж, утсаа халтал ярих болсон.
Бидний ажлын цаг өдрийн 16:00 цагт бүрэн дуусах ёстой. Ажлаа тараад цэцэрлэгт байгаа дунд хүүхдээ аваад гэртээ харьдаг. Гэрт очиход ээж халуун хоол цай хийчихсэн угтах нь сайхан. Хүн ер нь ямар ч ажил их бага гэж голохгүй хичээнгүйлэн хийсэн цагт хөдөлмөр хүнийг хэзээ нэгэн цагт шагнадаг гэдэгт итгэдэг. Хүн хөдөлмөрлөж байгаа цагт үр шимийг нь хүртдэг жамтай гэлээ.
Ажлаа чин сэтгэлээсээ хийх хосуудад нойргүй хоносон өдрүүд ч олон. Учир нь цас, бороо орсон үед шөнө дөлөөр ч дуудагдаж, ажлаа хийнэ. Утсаа унтраагаад унтах эрх байхгүй. Цас, бороо орох үед дуудлага ирдэг болов уу яадаг бол… Үер л битгий буугаасай гэцгээн дэн дун хононо. Утас дуугарч, яаралтай ирэхийг үүрэгдвэл шөнө үдшийн цагаар өвөл нь дулаан хувцсаа өмсөөд, зун нь усны гутлаа өмсөөд л ажлын талбартаа ирнэ. Утсаа ч салгах эрхгүй, унтах ч эрхгүй ч тэд амьдралыг нь тэтгэж байгаа ажилдаа хайртай.










Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,607.57






















































Холбоотой мэдээ