niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 01:05 UTC Эх: https://news.mn/r/2834697/ bf6870cdc6641480… ← niitlelch.mn руу буцах

ХХНББХ: Эдийн засаг, хөгжлийн яам үндсэн ажилдаа анхаарлаа хандуулна уу?

Хуучирсан мэдээ: 2025.11.19-нд нийтлэгдсэн

LiveХХНББХ: Эдийн засаг, хөгжлийн яам үндсэн ажилдаа анхаарлаа хандуулна уу?

ХХНББХ: Эдийн засаг, хөгжлийн яам үндсэн ажилдаа анхаарлаа хандуулна уу?

УИХ дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.11.19/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. 


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
12 : 41
2025-11-19

Хөгжлийн төлөвлөгөө бодит байдалтай уялдахгүй байна

Байнгын хорооны гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс үргэлжлүүлэн асуулт асууж хариут авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-Ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө илүү тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй байна. Тухайлбал, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийт 45 сургууль, 45 цэцэрлэг шинээр барина гэж тусгасан байна. Гэтэл Улсын төсөвт ердөө гурван сургууль, хоёр цэцэрлэг гэж оруулж ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ? 

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудал дээр байнгын хорооны гишүүд санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна.  2026 онд бид нийтдээ улсын болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр нийт 45 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Үүнээс 32 нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, 13 нь улсын төсөвт суусан байгаа. Тэгэхээр 2026 онд улсын төлөвлөгөөнд тусгагдсан зорилт хангагдсан хэмжээнд байна. 45 цэцэрлэгийн хувьд 9 нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, 10 нь улсын төсөв, 19 нь энэ жил шинээр эхлэхээр байгаа. 

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа:

–Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахад гишүүдийн хэлж байгаа нийтлэг нэг асуудал байна. Бид хөгжлийн төлөвлөгөөгөө хүслийн жагсаалт болгож батлахдаа бүгдийнх нь хүслийг багтаагаад том болгочихдог. Эргээд яг төсөвт тавихдаа тухайн үед хэн илүү эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон нь төсвөө дөвийлгөөд тавьчихдаг, сүүлд нь гол асуудлууд орхигдоод байх шиг байна. Уг нь бол Эдийн засаг, хөгжлийн яамны оршин байж байгаа үндэс нь хөгжлийн төлөвлөгөөнд байгаа ажлуудыг эрэмбэлэх гэж би ойлгоод байгаа. Гэтэл ингэж эрэмбэлээгүйгээс болж, хөгжлийн төлөвлөгөө нь хүслийн жагсаалт болоод хэрэгжихгүй байна. Үүнд нь иргэд болон гишүүд шүүмжлэлтэй хандаад байгаа юм. 

 

10 : 00
2025-11-19

Байнгын хорооны хуралдаан эхэллээ

УИХ дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ. 

Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын нэрсийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа уншиж танилцууллаа. Үргэлжлүүлэн байнгын хорооны хуралдаантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танаас тодруулъя. Таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан нийтийн биеийн тамир, хөдөлгөөний боловсролыг дэмжих, мөн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд салбарын хэмжээнд ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбарын бодлоготой холбоотой санал тодруулах зүйл байна. Олон жилийн турш зам дагуух нийтийн үйлчилгээний цэгүүд, тэр дундаа боловсон бие засах газар байгуулах асуудлыг ярьж ирсэн. Энэ асуудал өмнөх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөнд багтдаг байсан. Харин 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй харагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах гэж байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн боловсролын асуудалд бодитой анхаарах цаг болсон. Ирэх таван жилд Монгол хүнийг илүү чанартай, урт наслах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран хэрэгжүүлэх гол ажлын нэг нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх бөгөөд энэ нь таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлд багтсан. Хүний чанартай амьдралын гол үзүүлэлт нь эрүүл амьдрах хэв маяг, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн боловсролтой байх. Бид муу зуршлаас салж, сайн хэвшлийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Түүнчлэн илүүдэл жингийн асуудал нийтийн биеийн тамирын идэвхтэй оролцоотой шууд холбоотой. Энэ нөхцөл байдал нь эргээд халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчний гол шалтгаан болдог. Иймээс биеийн тамир, хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр мэргэжлийн холбоодтой хамтран томоохон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн:

-Таван жилийн үндсэн төлөвлөгөөнд аялал жуулчлалын хөгжлийн индексийг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Энэ хүрээнд аялал жуулчлалын байгууллагуудын дэд бүтцийн хангамжийг сайжруулах тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарын оролцогчдод олгож буй хөнгөлөлттэй зээлийн шалгуурт орон нутагт баригдаж буй жуулчдыг хүлээн авах барилга байгууламжийн бие засах газрын стандартыг тусгай шаардлага болгон тусгаж байгаа. Энэ нь зам дагуу болон жуулчны бүсийн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын нэг хэсэг.

Ирэх оны улсын төсөвт тус салбарт ойролцоогоор 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр суулгасан. Энэ хөрөнгөөр бие засах газар болон бусад нийтийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Ирэх онд ажиллах хүчний оролцооны түвшинг хэрхэн тооцож байгаа вэ? Түүнчлэн цалин хөлсний бодлогтой холбоотой ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Цалин хөлсний бодлогын хүрээнд Монгол Улс ижил түвшний орнуудтай харьцуулахад ДНБ-д эзлэх хөдөлмөрийн хөлсний хувь 8.5–13.5 нэгжээр доогуур байдаг. Үүнтэй холбоотойгоор ямар зорилт тавьж байна вэ? 

Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсролын тухайд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул:

-2024 оны байдлаар Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин дэлхийн дунджаас нэг пунктээр өндөр байгаа боловч эрэгтэйчүүдийн оролцоо хоёр пунктээр доогуур үзүүлэлттэй байна. Иймээс цаашид нийт ажиллах хүчний оролцоог 3.7 пунктээр өсгөх, үүн дотроо эмэгтэйчүүдийн оролцоог 4.5 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Ажиллах хүчинд төрөх насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр хэвээр байгаа бөгөөд хүүхэд төрүүлэх, асрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настныг асрах ачаалал эмэгтэйчүүдэд төвлөрдөг. Иймээс хүн асрах ажлыг эдийн засгийн албажуулсан хэлбэрт шилжүүлнэ. Энэ хүрээнд Халамжийн тухай хуулийг шинэчлэнэ. 

Олон улсын туршлагаар ДНБ-д эзлэх нийт цалингийн хэмжээ 45 хувиас дээш байж ажиллагчдын амьжиргааны боломжийн түвшин хангагддаг. Иймээс цалин нэмэгдүүлэх бодлогын гол тулгуур нь бүтээмжийг нэмэгдүүлэх. Урьдчилсан тооцооллоор цаашид Монгол хүний дундаж цалин 4 сая төгрөг орчимд хүрэх боломжтой гэсэн ерөхий тооцоо гарсан.

Боловсролын сайд П.Наранбаяр: 

-Мэргэжлийн болон техникийн боловсролын тухайд бид элсэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Энэ жил 21 мянгаар нэмэгдүүлнэ. Түүнчлэн ажиллангаа суралцдаг хос сургалтын тогтолцооны хүрээнд 400 орчим байсан элсэлтийг 1600 болгож нэмэгдүүлж байгаа. 

Энэ бодлогод анхаарч ажилласнаар дээд боловсролын элсэлт буурна гэж харж байгаа. Дээд боловсролын тухайд Элсэлтийн шалгалтын босго оноог дээшлүүлэх бодлого барьж байгаа. 

Монгол Улсын бүтээн байгуулалтад хэрэгтэй, байгалийн ухаанд суурилсан мэргэжлийн чиглэлүүд, ахуй амьдрал, үйлчилгээнд суурилсан мэргэжлийн чиглэлүүдэд бид боловсон хүчнийг түлхүү бэлтгэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж