Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст өчигдөр /2025.11.12/ Үндсэн дүрмийн өөрчлөлт, намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө хэлэлцэн баталлаа.
Үндсэн дүрмийг батлахдаа “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг зохицуулалт нь хуучнаараа хэвээр үлдсэн байна.
МАН-ын Их хурал эхэлсэн өдрөөс намын Үндсэн дүрэмд хийх өөрчлөлтийн хүрээнд “Намын дарга заавал Ерөнхий сайд байна” гэдэг утга агуулга бүхий заалтыг оруулах гэж байна гэдэг асуудал хөндөгдсөн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ News.mn-д ярилцлага өгөх үеэрээ “Намын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна гэдэг заалтыг заавал гэдэг утга агуулгаар оруулж ирж байна. Энэ бол нэгдүгээрт төрийг тогтворгүй болгохоос гадна, нам дотооддоо тогтворгүй болох суурь шалтгаан болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болох гэж байгаа хүн намын даргыг авч байж энэ эрх үүргээр Ерөнхий сайд болдог зарчим руу орох эрсдэлтэй.
Энэ нь 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нэгдүгээрт үгүйсгэх, чадамжгүй болгох. Хоёрдугаарт 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр төрийн дээр нам байх ёсгүй гэдэг тунхаглалаа үгүйсгэсэн үйлдэл болно. Тийм учраас Их хурлын гишүүд маань асуудлыг ултай суурьтай авч үзнэ гэж бодож байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. МАН-ын шинэчилсэн дүрэмд суулгасан дээрх хуучин заалтаас болж Их хурлын гишүүд хоорондоо сөргөөцөлдөж асуудал үүссэн ч төлөөлөгчдийн олонхи хуучнаар нь үлдээх нь зөв гэж дэмжсэн байна.
Тодруулж хэлбэл, МАН-ын дүрэмд заасан дээрх зохицуулалт хуучнаараа үлдсэнээр Г.Занданшатарын танхим тогтвортой ажиллах боломж бүрдээд байна.
МАН-ын дарга УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намынхаа Их хуралд оролцох үеэрээ гишүүддээ “Г.Занданшатарын танхимыг тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн. Иймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийнхний боловсруулсан хувилбарын дагуу шинэ намын дарга УИХ-аа удирдах. Ингэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл УИХ-ыг удирдах хувилбар яригдаж байгаа юм.
Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлнэ. Үүнтэй зэрэгцэж МАН-ын дарга Н.Учрал Засгийн газрыг удирдахаар танхимд эргэн орж ирэх хувилбар юм. Нэг ёсны МАН Засгийн газраа тогтвортой ажиллуулах зарчим дээр тогтлоо гэж хэлж болно. Хэрэв намын дарга Засгийн газраа удирдаж, сонгуульд амласан амлалтаа хэрэгжүүлэх ёстой гэх агуулгаар хандвал эрх баригч хүчний хувьд гурав дахь танхимаа байгуулахад хүрнэ. Энэ тохиолдолд Засгийн газрын насжилт яригдана.
Засаглал тогтвортой бус ойр, ойрхон солигдох нь дотооддоо төдийгүй гадаад талд ч гоё харагдахгүй.
Танхим солигдохын хэрээр бодлого өөрчлөгдөж, тэр хэрээр хөрөнгө оруулагчдыг ч залхаадаг учир дутагдалтай. Нөгөө талдаа намын дарга парламентыг удирдаж болохгүй гэх шүүмжлэл өрнөдөг ч Ардын намын хувьд энэнээс өөр замаар явах сонголтгүй болгоод байна.
УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө намын дүрэм, хөтөлбөрөө шинэ хуульд нийцүүлэн шинэчлэх шаардлага үүсээд байна. Одоогоор парламентад суудалтай хоёр намаас Ардчилсан нам, МАН Их хурлаа хийж, намын дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд буй. Гэхдээ Ардчилсан намын дүрмийн шинэчлэлтийг Улсын дээд шүүхээс буцаасан тул засвар хийж буй. Харин МАН-ын хувьд өнгөрсөн хоёр өдөр хуралдаж, намын даргаа шинээр сонгож мөн үндсэн дүрэм хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн гишүүдээрээ хэлэлцүүлж баталсан. Гэхдээ энэ нь хуульд нийцэж байгаа юу гэдгээ Улсын дээд шүүхээр дэнслүүлнэ. Улсын дээд шүүх зөрчилгүй гэж үзвэл намын дүрэм нь мөрдөгдөнө, зөрчилтэй гэж үзвэл дахин "засвар" оруулна.
Г.ХОРОЛ
3,607.57




















































Холбоотой мэдээ