Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,089.5 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хавдрын шинэ эмнэлэг, Эс эд эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэг, Зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бөгөөд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын 475 сая ам.долларын эх үүсвэрээр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх гэнэ. Ингээд 2026 онд хэрэгжих салбарын томоохон бүтээн байгуулалтыг онцолж байна.
ЗҮРХ СУДАСНЫ ТӨВИЙН БАЙГУУЛАХ 34.9 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их гүнт улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн хүрээнд найман давхар, 120 ортой Зүрх судасны төвийн барилгыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд барихаар төлөвлөсөн.
Эхний санхүүжилт болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн юм.
Люксембургийн Их гүнт улсын буцалтгүй тусламжаар олон улсын тендерээр шалгарсан Испани улсын “Идом” компани болон дотоодын "ПиСиДиПи" компани хамтран 2019-2020 оны хугацаанд Зүрх судасны үндэсний төвийн барилгын зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдаг. Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгааны цогц төвтэй болж, тусламж үйлчилгээний хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТЫГ БНСУ-ЫН ЭКСИМ БАНКНААС ШИЙДВЭРЛЭНЭ

Шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн дэд бүтцийг хийх 7.9 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргаж, батлуулсан байдаг.

ХӨСҮТ-ийн шинэ барилгыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт барихаар 2025 онд дэд бүтцийн ажлуудыг эхлүүлсэн. Шинэ төв байгуулахад 277 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг 2022 оны улсын төсвөөр баталж байсан. Үүнээс 2024 оны төсөвт гадна инженерийн шугам, сүлжээ, төсөл арга хэмжээнд 13.3 тэрбум төгрөг баталж байжээ. Харин 2026 оны улсын төсөвт 6.3 тэрбум төгрөг тусгахаар салбар яамнаас УИХ-д өргөн барьсан бөгөөд анх 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байсан юм.
Уг бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зураг төслийг 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн Бөхөгийн хөндийд 20 га газрыг 2021 онд шийдвэрлэсэн. Одоо төслийн нийт шаардлагатай 263.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудал хөндөгдөж байгаа аж.
ЭС ЭД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВ БАРИХАД 43.1 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтад 2026 оны улсын төсвийн төсөлд 43.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн боловсон хүчнийг чадваржуулах, хүүхдэд элэг, бөөр шилжүүлэн суулгахад шаардлагатай шинэ технологи нэвтрүүлэх бага төхөөрөмжийг шийдвэрлэхэд 9.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдлийг 20-25 хувь бууруулах боломжтой гэж тооцоолжээ.
Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2024 онд 40 тэрбум төгрөгийг төсөвлөж байв. Нийт 140 тэрбумын төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ