niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 02:30 UTC Source: https://eguur.mn/704369/ 1e8a0d3b462a049f… ← back to niitlelch.mn
НИЙГЭМНийгэм мэдээ

Авто замын арчлалт, засварын 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилт өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна

Авто замын арчлалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээний зардалд төсөвлөсөн 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилт өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна. Үүний улмаас зам хариуцагч компаниуд болон Авто зам засвар, арчлалтын (АЗЗА) нэгтгэлүүд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.

2025 онд авто замын арчлалт, урсгал засварын ажилд нийт 38.3 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч төсвийн тодотголоор 8.5 тэрбум төгрөгийг хасаж, санхүүжилтийг 29.8 тэрбум төгрөг болгон бууруулсан байна. Төсөвлөсөн санхүүжилт ийнхүү буурснаас гадна батлагдсан төсвийн зарим хэсэг өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа нь авто замын ашиглалт, бэлэн байдлыг хангах ажилд сөргөөр нөлөөлж байна.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сараас хойш авто замын арчлалт, цэвэрлэгээ, урсгал засварын хүрээнд хийсэн ажлуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг зам хариуцагч компаниуд болон АЗЗА нэгтгэлүүд авч чадаагүй байна. Тухайлбал, өвлийн улиралд хийсэн цас цэвэрлэгээ, зуны улиралд үерийн улмаас эвдэрсэн авто замын ус зайлуулах хоолой, байгууламжийг засварласан ажлын зардал санхүүжээгүй хэвээр байгаа аж. Авто замын арчлалт, засвар үйлчилгээний санхүүжилт тасалдсанаар зам хариуцагч байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсээд байна.

Тэд машин механизмын түлш, замын цас, мөсийг цэвэрлэхэд ашигладаг давс, бодис зэрэг шаардлагатай материал, хэрэгслийг худалдан авах санхүүгийн боломжгүй нөхцөлд хүрчээ. Уг нь авто замын арчлалт, урсгал засварын ажил нь замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгалийн аюулт үзэгдлийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэл, саатлыг шуурхай арилгах, замын хэвийн ажиллагааг сэргээхэд чухал үүрэгтэй.

Гэвч санхүүжилт хугацаандаа олгогдохгүй байгаа нь эдгээр ажлыг шуурхай, тасралтгүй гүйцэтгэхэд саад болж байна. Ялангуяа өвлийн улиралд цас, мөс цэвэрлэх, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажил тогтмол хийгдэх шаардлагатай. Гэвч зам хариуцагч компаниуд өмнөх ажлынхаа гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадахгүй, түлш, давс, бодисоо худалдан авах боломжгүй болсон нь авто замын арчлалт, цэвэрлэгээний бэлэн байдалд эрсдэл үүсгэж болзошгүй байна.

Иймд авто замын арчлалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг хугацаанд нь олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Санхүүжилт тасалдсан хэвээр үргэлжилбэл замын арчлалт, засварын ажилд хүндрэл нэмэгдэж, авто замын ашиглалт, бэлэн байдлыг хангах нөхцөл улам дордох эрсдэлтэй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert