УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр /2025.11.10/ нүүрсний машинтай сэтгүүлчдийн нэрсийг зарлахаа мэдэгдсэн ч “Хоолой бүр пир пар болцон байсан юм. Өнөөдөр таг. Эм тариа руу орчлоо. Хоолой руу орчдог айхтар ханиад байна” гэж нүүр номоороо дамжуулан тайлбар хийгээд таг болов.
Түүний энэ үйлдлийг олон нийт “Сайд Б.Энхбаяр бусдыг гүтгэсэн нь үнэнд гүйцэгдэв үү” гэж шуугиж байна.
Учир нь, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хувьд “Нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна. Цаг нь болохоор нэрийг нь зарлана” гэж хэлээд хэдэн жил болж буй. Иймээс өчигдөр хийх мэдээллийг нь хэвлэлийн салбарынхан түлхүү анхаарч байсан гэж хэлж болно.
Ер нь түүний хувьд хэвлэлийн салбарынхан руу ноцох нь элбэг. Хамгийн сүүлд тэрбээр “Нүүрсчид их мөнгөтэй байна лээ. МАН-ын зарим нөхөд зөвхөн миний эсрэг акц хийхэд зориулж хэвлэлд нэг тэрбум төгрөг цацсан байна лээ” гэж мэдэгдсэн юм. Үүнийг нь хэвлэлийн салбарынхан няцааж баримт дэлгэхийг шаардсан ч өнөөдрийг хүртэл гүрийж буй.
Ер нь Б.Энхбаяр сайдын хувьд намынхнаа ч баримт нотолгоогүйгээр гүтгэдэг гэх шүүмжлэлийг гишүүд нь дайж ирсэн. Тодруулбал, өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар, нарын дунд LRT төслөөс болж, маргаан дэгдсэн. Тус төслийг Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар зүтгүүлж, Ч.Хүрэлбаатар гишүүн Төсвийн байнгын хорооны дарга байхаасаа л эсэргүүцэж ирсэн. Тодруулбал, 2023 оны төсөвт LRT төслийн төсвийг суулгаагүй, засаг энэхүү төсөлд баталгаа гаргахгүй гэснээс болоод Б.Энхбаяр гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүнийг илтэд буруутгасан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад” гэж жиргэсний хариуд Ч.Хүрэлбаатар “Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн аж ахуй нэгжүүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” гэж нүүр номоороо дамжуулан няцааж байв. Их хэмжээний зардалтай LRT төслийн хотын гишүүд зүтгүүлж, эдийн засагчид энэхүү төсөл үрэлгэн бүтээн байгуулалт, өр шир болохыг шүүмжилснээр зогсоож байсан билээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ