Боловсролын зээлийн сангийн /БЗС/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаатай холбоотой асуудлаар сурагчдын эцэг эхийн төлөөлөл өнөөдөр /2025.11.10/ мэдээлэл хийж, холбогдох баримтуудыг дэлгэлээ.
Тодруулбал, О.Сийлэгмааг Шүүхийн шийдвэр, АТГ, Прокурорын шийтгэвэр, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Ёс зүйн хороо, Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо гэсэн нийт долоон байгууллагаас хууль зөрчсөн хэмээн тогтоосон ч хуулийг үл биелүүлэн үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгааг эцэг эхийн төлөөлөл эсэргүүцэж байгаа юм байна. Түүнчлэн О.Сийлэгмаа ажлын байран дээрээ албан хаагчаа зодсон гэх асуудлаар прокурорын шийтгэлийн хуудас гарсан тухай эцэг эхчүүд мэдээлэв.
Тиймээс уг асуудалтай холбогдуулан өнгөрсөн наймдугаар сарын 8-нд Ерөнхий сайд Г.Занданшатар болон Боловсролын сайд П.Наранбаяр нарт хүргүүлсэн албан ёсны шаардлагын хариуг шаардах, цаашилбал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэхээр уг Хэвлэлийн хурлыг зарласан байна.
Боловсролын зээлийн сан жил бүр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад зориулан тэтгэлэг олгодог. Энэ жил 200 орчим хүн хүсэлтээ гаргасан ч сонгон шалгаруулалт шударга бус, ил тод бус болсон гэдгийг эцэг, эхчүүдийн төлөөлөл хэлж байв.
Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очирренчин:
-Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны нэг суралцагч АНУ-ын Стэнфорд болон Харвардын их сургуулиудаас тус бүр 50 хувийн сургалтын хөнгөлөлттэй санал авсан ч Зээлийн сангийн ярилцлагаар хууль бус шалтгаанаар хасагдсан. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 25-нд ярилцлагад орж, шаардсан бүх материалыг хугацаанд нь бүрдүүлсэн боловч “төрийн сангийн тэтгэлэг хүртсэн суралцагч биш” гэх үндэслэлээр долдугаар сарын 7-нд нэрсийн жагсаалтаас хасагдсан.
Үндсэн хуулийн дагуу хөдөлмөрийн чадвараа 60–70 хувь алдсан суралцагч төрийн тэтгэлэгт хамрагдах эрхтэй байдаг. Зээлийн сангийн ажлын хэсэг журмаа зөрчсөнөө аман байдлаар хүлээн зөвшөөрсөн ч Боловсролын сайд П.Наранбаяр уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Үүний улмаас дэлхийн топ 10-д багтдаг хоёр их сургуулиас хос урилга авсан оюутан суралцах боломжоо алдлаа.
“2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэтэл бодит байдал дээр энэ эрх зөрчигдөж байна. 2024 оны А/30 дугаар тогтоолоор гадаадад суралцах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс 100 хүртэл тэтгэлэг олгохоор тусгасан ч хэрэгжилт хангалтгүй байна” хэмээлээ.
Иймд Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг цаашид ил тод, хариуцлагатай болгох, мөн хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагыг тавьж буй аж.
3,607.57






















































Холбоотой мэдээ