УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн Д.Ганбатын хамт өнгөрсөн Баасан гаригт Харбины гэрээг дахин нягталж, засч сайжруулах Хянан шалгах түр хороог хугацаа алдалгүй байгуулах шаардлагатайг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь булаалгасан түр хороогоо дахин байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шуурхайлах боломж байна уу?
-Одоогийн хуулиар нэг чуулганы хугацаанд хоёр л Хянан шалгах түр хороо байгуулах зохицуулалттай. Өмнө нь УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар түр хороо байгуулчихсан байгаа тул нэг л орон зай үлдсэн байсан. Бид Харбины гэрээтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахаар бэлтгэл хангаад, баримт бичгийг УИХ-ын Тамгын газарт өгчихсөн байгаа. Гэхдээ энэ түр хороог байгуулахаар гарын үсэг цуглуулаад дуусах явцад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гэнэтийн гэх үү, тодорхой улс төрийн зорилгоор урдуур дайрч бидний ажилд саад учруулсан. Бид энэ гэрээг яаралтай шалгаад асуудал байвал сайжруулаад, асуудал байхгүй бол олон нийтийн эргэлзээг тайлаад ажлуудыг нь шуурхайлах шаардлагатай байна.
-БНХАУ-ын засгийн газар хоорондын гэрээгээр нийт 250 сая тонн нүүрсний асуудал яригддаг. Харбины гэрээг одоог хүртэл ил болгоогүй байгаа юу?
-Энэ гэрээг одоогоор нууцаас гаргаагүй байгаа. Нийт 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш нийлүүлэхээр заасан. Нүүрсний хэмжээ, нийлүүлэлтийн хугацааны хувьд асуудалгүй. Гол асуудал бол нүүрсний үнэ ханш. Тус гэрээ хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцад нүүрсний үнийг биржийн үнээр худалдаалах, тэгэхдээ урт хугацааны гэрээ учраас таван хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах дээр талууд тохиролцоонд хүрсэн гэсэн баримт байгаа. Гэтэл яг гэрээ хийхдээ ямар үнэ ханшаар тохиролцсон нь тодорхой бус байна. Хэрэв Монгол Улсад ашиг багатай, өмнө талуудын тохиролцсон нөхцлөөс өөр нөхцөлтэй гэрээ байгуулсан бол энэ бол ноцтой алдаа.
Тиймээс бид энэ гэрээг эргэн хэлэлцэж, Монголын талд ашиггүй бүх заалтыг хүчингүй болгож, ард түмэнд ашигтай нөхцөлөөр солих ёстой гэсэн байр суурьтай байна. Хяналт шалгалтын үр дүнгээр бид бүх асуудлыг нэг мөр болгоно гэж бодож байгаа.
Гэрээний хүрээнд нүүрсний үнээс гадна төмөр замын холболтын үнэ өртгийн асуудал, нүүрс сорчлон зарахтай холбоотой асуудал, шинээр ашиглах уурхайн ам, тээврийн нөхцөл нь Монгол Улсад хэр ашигтай байгаа, ажиллах хүчний оролцооны асуудал гээд олон асуудлыг судалж үзэх шаардлагатай. Нууц гэрээгээр тонн тутмыг 57 ам.доллараар тогтоосон гэсэн яриа байгаа. Гэтэл угаасан коксжих нүүрсний БНХАУ-ын биржийн үнэ 177 ам.доллар, Монголынх 128 орчим ам.доллар байгаа гэсэн мэдээлэл авсан. Жишээ нь нүүрсээ дээрх биржийн үнээр зарахад л орлого даруй хоёр дахин нэмэгдэж 10 тэрбум ам.долларын нэмэлт орлого олно гэсэн үг.
Зүгээр дор хаяж суурь үнийг 50 биш юм гэхэд 10-20 ам.доллараар нэмэхэд л 10-20 их наяд орчим орж ирнэ.
Нүүрс өнөөдөр манай эдийн засгийн хамгийн чухал бүтээгдэхүүн, тиймээс тус гэрээний нийгэм эдийн засгийн үр өгөөж манайд хамгийн өндөр байх ёстой.
-Ирэх 2026 оны улсын төсөв батлах ёстой цаг хугацаа тулчихлаа. Ердөө тав хоног үлдсэн байна. Гэтэл эрх баригч намын хэрүүл улсын төсөв рүү ороод ирлээ. Сөрөг хүчний гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. Өнгөрсөн Баасан гаригт хэсэг асуудал дээр гүйцээн боловсруулах чиглэл өгсөн, мөн Төсвийн байнгын хороо зарим асуудлыг дахин хэлэлцэж оруулж ирэхээр болсон. Энэ долоо хоногтоо багтаад улсын төсвөө цаг хугацаанд нь батлахаар ажиллаж байна. Мэдээж энэ удаагийн төсөв эрх баригч намын улс төрийн дотоод зөрчил, хэрүүл тэмцэлтэй хутгалдаж улстөржилт ихтэй өрнөж байна.
Муу зүйлд бас сайн юм байдаг гэдэг шиг энэ нь өөрөө өмнөх жилтэй харьцуулахад гишүүдийн төсөвт хандах хандлагыг ихээхэн өөрчилсөн.
Эрх баригч намын огцорсон Ерөнхий сайдыг дэмжигчдийн тал нь 2025 оны төсвийг ихээхэн дэмжиж байсан бол энэ удаад шинэ засгийнхаа төсвийг ихээхэн шүүмжилж, хасах танах зүйл дээр маш их ажил хэрэгч хандаж байгаагийн ачаар хэрэггүй хөрөнгө оруулалт, зардлууд ихээхэн хасагдаж байгаад нь ноднин төсвийг шүүмжлэхэд цөөнхийн цөөнх байсан миний хувьд талархаж байгаа.
-Улсын төсөв батлахад өмнө нь УИХ-ын гишүүд хэний тойрогт их, бага төсөвлөсөн гэж маргадаг байсан бол энэ удаа авлигажсан төсөв гэж шүүмжилж эргүүлэн татах асуудлыг хөндөж байна. МАН-ын бүлгийн хэсэг гишүүд Засгийн газраа авч үлдэхийн тулд Ардчилсан намын тойргоос сонгогдсон гишүүдийг авлигадсан гэх. Та энэ маргааныг юу гэж харж байна вэ?
-Эрх баригч МАН өөрийн дотоод зөрчил, хэрүүл тэмцэлдээ улсын төсөв, сөрөг хүчин хоёроо хэтэрхий их хутгаж, улстөржүүлж байна. Төсвөөр авлигадана гэдгийг ойлгохгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа бодит хэрэгцээ шаардлагыг үндэсний хэмжээнд том зургаар нь харж гол шалгуураа болгох хэрэгтэй болохоос МАН-ын гишүүд тойрогтоо илүү их, Ардчилсан намынх бага байх ёстой гэсэн дүрэм байх ёсгүй.
Харамсалтай нь, тойрогтоо л юм тавиулж байвал яг үр дүнтэй, хэрэгтэй эсэхийг үл тоож, хэдэн ч бяслагны үйлдвэр байсан хамаагүй гэж авирладаг гишүүд ч их байдаг.
Арав дахь жилдээ эрх барьж байна, энэ бүх хугацаанд төсвийг яаж тэлсэн, энэ хэмжээгээр үнэ ханш яаж өссөн, иргэд бизнес эрхлэгчдэд ирэх татварын болон төрийн дарамт ямар их болсныг эрх баригчид эхлээд яримаар байна. Бүх эрх энэ хүмүүст байгаа, төсвөө эргүүлэн татах уу, Засгийн газраа огцруулах уу, үргэлжлүүлэх үү гээд. Бодит үйлдэл хийж чадахгүй байна, зөвхөн улстөржсөн хэрүүлийг эрх баригчид маш сайн хийж байна.
Ер нь МАН-ын хагарлын буруутан нь Ардчилсан нам болж байх шиг байна?
-МАН-ын зарим гишүүд хагарлын буруутнаараа Ардчилсан намыг тодруулсан. Уг нь эрх мэдэл төвлөрөх тусам хариуцлага сарнидаг. Хагарлаа нуухын тулд гаднаас буруутан хайх нь эрх мэдэлд хэт их дассан сэтгэлгээний шинж. Гэхдээ “Ардчилсан намыг та нар ялагдаж, МАН хэт удаан засагласны гайгаар ийм аймаар мангас болчихлоо” гэж айж, сандарч хэлсэн байх хэмээн зөвөөр ойлгохыг хичээж байгаа. Замын ан цавыг бороо ил гаргадаг болохоос бороо үүсгэдэггүй. МАН-ын хагарал бол угаасаа байсан, харин одоо дотроосоо тэсэрч, идээ бээр нь шахагдаж л байгаа төдий.
-УИХ-аар 2026 оны төсвийг хэлэлцэх шатанд эмч нарын цалинг багш нарын цалингаас арай бага буюу 10-15 хувиар нэмэхээр шийдэлд хүрлээ. Танай намын бүлэг энэ асуудлыг хэрхэн анхаарч байгаа бол. Эмч нарын цалинг энэ хувь хэмжээнээс илүү нэмэгдүүлэх боломж байсан юм биш үү?
-Багш, эмч нарын цалинг энэ удаа төсвийн нөөц бололцоогоо ашиглаад нэмж байна. Тэвчиж болох зардлууд, үр дүн хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй хөрөнгө оруулалтууд тоног төхөөрөмжүүдээс зардлыг нь багш, эмч нарын цалинд хуваарилж байна. Үүний араас төрийн бусад албан хаагчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага үүсэх байх.
Цаашдаа төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг салбар салбараар нь биш, амьжиргааны өртөг болон гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулсан нэг стандартаар тогтоох хууль эрх зүй, бодлогын шинэчлэл хийх ёстой.
Энэ удаа багш, эмч нарын цалинг нэмсэн ч бид иргэдийнхээ орлогын бодит үнэ цэнийг унагаахгүй байх бодлого хэрэгжүүлж чадахгүй байх магадлал өндөр байна. Энэ бүх нэмэгдлийг яаж инфляцид идүүлэхгүй авч үлдэх вэ гэдэг бодлогыг зэрэг хэрэгжүүлэх ёстой.
-Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ухаахудагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцсэн. Энэ асуудлаар 3 удаа санал хураагаад гишүүдийн олонх дэмжсэнгүй, эцэст нь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авлаа. Санал хураалт явуулах үеэр маргаан үүссэн. Танхимд үнэхээр техникийн асуудал гарав уу?
-Тус асуудал нь Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан нууц оффтейк гэрээнүүдийг хянан шалгах түр хороо байгуулах тухай байсан. Тэдгээр нь сүүлийн 10 жилийн хугацаанд, тэр дундаа түр хороо санаачлагч Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-н дарга, Ерөнхий сайд байх үед хийсэн гэрээ, үйл ажиллагаанууд байгаа. Тиймээс өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө хянан шалгана гэдэг бол тэр чигтээ эрх ашгийн зөрчил, хувийн ашиг сонирхол гэж үзэж байгаа гишүүд олон байгаа. Эрх баригчдын ажлыг эрх баригчид өөрсдөө хянан шалгахаар олигтой шалгалт болж чадах уу. Угаасаа хянан шалгах тухай хуулиараа ашиг сонирхлын зөрчилтэй хүн ахлах нь бүү хэл бүрэлдэхүүнд нь ч орж болохгүй.
Үүнээс гадна Ухаахудагийн асуудлыг бас шалгана гэж байгаа. Гэтэл О.Алтангэрэл гишүүн сайд байхдаа Ухаахудагаар ажлын хэсэг байгуулж ажиллан, дүгнэлт гаргачихсан байгаа юм билээ.
Мөн УИХ-ын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны тавдугаар сарын 08-нд бас Ухаахудагаар ажлын хэсэг байгуулагдаад, 10-аад мэргэжлийн судлаач шинжээчийн багаа томилоод, хууль, эрх зүй, уул уурхай, санхүү зэрэг гурван чиглэлээр судалж байгаа юм байна лээ. Энэ дээр дахин шалгалт хийж давхардуулах шаардлага байна уу гэж үзэж байгаа гишүүд ч бас байгаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн түр хороог дэмжсэн гэж санал өгсөн ч татгалзсанаар гараад байна гэж гишүүд гомдол тавиад шалгаж үзэхэд тийм асуудал байгаагүйг нь баримтаар нотлогдоод чимээгүй болох шиг болсон. Гэхдээ тэрийгээ далимдуулаад асуудлыг дахин хойшлуулах санал тавьсан ч нэгэнт гурван удаа санал хураалгаад дууссан тул Дэгийн хуулиар дахиж хэлэлцэж, эсвэл хойшлуулах, завсарлага авах боломжгүй. Тэгвэл дахиад хуулийн зөрчил болно.
-“Ухаахудаг”-ийг шалгах Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн УИХ-ын гишүүд дунд Ардчилсан намын гишүүд цөөнгүй байсан шүү дээ?
-Өнгөрсөн хавар буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаснаас хойш л гэнэт Ухаахудагийг, мөн MCS компанийг “ардын дайсан” болгох ажиллагаа хүчтэй эхлэх шиг болсон. Ингэхдээ, өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг холбож нааж гүтгэдэг болсон. Ч.Лодойсамбуу гишүүний огцруулах бичигт гарын үсэг зурснаас хойш л гэнэт "MCS "-ийн хүн болгосон.
Баасан гаригийн чуулган дээр үг хэлсний бараг 10 минутын дараанаас л харлуулах контентоо сошиалд цацаад эхэлснээс гадна хүмүүсээр "Непалдана" гэж заналхийлсэн мэссэж явуулуулдаг.
Асуудалд шүүмжлэлттэй хандсаны төлөө ямар ч холбоо хамааралгүй компани, асуудлаар байнга худал холбож гүтгүүлээд байх тийм ч сайхан зүйл биш. Гэхдээ цаад санаа нь бол шүүмжилдэг хүмүүсийг няцааж, дуугай болгох зорилготой нь тодорхой. Хүсэж буйгаар нь айж дуугүй болно гэж байхгүй. Харбины гэрээг хянан шалгаж, олон нийтэд ирэх ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө түр хороо байгуулан ажиллах санаачлагыг маань зогсоож чадахгүй л болов уу. Гэхдээ Ухаахудагийг нэгэнт шалгачихаад гаргасан дүнгээ танилцуулах хэрэгтэй. Мөн одоо нэгэнт байгуулчихсан ажиллаж байгаа ажлын хэсгийн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс олон улсын биржид хувьцаагаа гаргасан олон улсын хяналттай тэр компанийн хувьцааны үнэ цэнд нөлөөлж, улсад төлдөг татварт ч нөлөөлнө. Тэгэхээр шалгавал бас л бушуухан шалгаад нэг тийш нь шийдмээр байна. Гэхдээ өөрийн байгуулсан нууц оффтейк гэрээтэй хольж түр хороо байгуулж болохгүй. Манай намын УИХ-ын гишүүдийн хувьд энэ асуудалд өөр өөрийн итгэл үнэмшил, бүрэн эрхийнхээ хүрээнд оролцож байгаа гэж ойлгож байгаа.
-Хянан шалгах түр хороо байгуулах асуудал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эрх ашгийн зөрчилтэй гэдгийг та хэлж байгаа. Гэтэл Ухаахудаг ордын асуудал 2008 оноос буюу Ерөнхий сайд асан С.Баярын Засгийн газрын үеэс эхлэлтэй байдаг?
-Ихэнх оффтейк гэрээнүүдийг өнгөрсөн 10 жилд хийсэн, тэр дундаа асуудал дагуулсан гэрээнүүд тогтоол санаачлагчийг хэрэг эрхлэхийн сайд, Ерөнхий сайдын алба хашиж байхад нь хийсэн байдаг. Тиймээс тэр хүн өөрийнхөө хийсэн гэрээг өөрөө шалгана гэдэг бол маш том эрх ашгийн зөрчил гэдэг дээр өмнөх асуултуудад нэлээн дурдчихсан. Л.Оюун-Эрдэнэ зөвхөн Ухаахудаг ордыг шалгана гэсэн бол, энэ асуудлаараа надад мэдээлэл өгсөн бол би ч гэсэн ороод хамт ажиллаад шалгаад асуудлыг нэг тийш нь болгомоор байна.
Ер нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад нь Ухаахудагийн гол хөрөнгө оруулагч "MCS"-ийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал бизнесийн зөвлөлийн гишүүн нь байсан биз дээ. Эд нар бүр долоо хоног бүр хуралдаж зөвлөлддөг байсан гэж ойлгосон.
Мөн стратегийн ордтой холбоотой хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ хоёр байнга уулзалт хэлэлцээр хийж байсан гэж боддог. Тэгэхээр тэр хүн Ухаахудагийг бүх хүн илүү мэдэж байгаа байх. Харин Ухаахудагийг урдаа бариад өөрийнхөө хийсэн гэрээнүүдийг өөрөө шалгана гээд байгааг олон гишүүд ойлгохгүй байгаа. Ухаахудагийн гэрээ аль 2007 онд байгуулагдсан байх. Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ зургаан жил ЗГХЭГ, Засгийн газрыг удирдахдаа хянаж шалгахгүй яасан юм болдоо яагаад заавал өөрийг нь огцруулахаар санал гаргаснаас хойш энэ асуудлыг гаргаж ирэн хойд талын бор овоохой болгоод байгаа юм болдоо л гэж бодож байна.
Ер нь бол асуудал байвал улстөрчдөө л илүү их шалгах хэрэгтэй. Учир нь тэд л улс орныхоо төлөө үнэнч шударгаар, хариуцлагатай ажиллах ёстой тангараг өргөдөг албан тушаалтнууд.
3,607.57






















































Холбоотой мэдээ