"Хөрөнгө оруулагчид энэ салбарын бодлого 5-10 жилд яг ямар байх вэ гээд асуухаар манай улсад ХАРИУЛТ АЛГА"
Монголын бодлого боловсруулагчид, бонд гаргагчид, тэргүүлэх компаниуд, санхүүгийн байгууллагуудыг олон улсын институциональ хөрөнгө оруулагчидтай шууд холбох зорилготой “Mongolia Investment Forum” (MIF) буюу Монголын Хөрөнгө Оруулалтын Форум нь энэ сарын 18-ны өдөр Сингапур улсад амжилттай болж өндөрлөлөө.
Монголын зах зээлийн боломж, эрсдэлийг хөрөнгө оруулагчдын нүдээр хэлэлцэх, дотоодын компаниудыг олон улсын капиталд нэвтрүүлэх тогтмол талбар болж, Лондон, Нью-Йорк, Сингапур, Шанхай хотуудад 2024 оноос хойш зохиогдож ирсэн тус форумын энэ жилийн хэлэлцүүлгүүд бондын зах зээл, эрчим хүчний шилжилт, дэд бүтэц гэсэн гурван сэдвийг хамарсан юм.
Энэ үеэр хөрөнгө оруулагчид Монгол Улсаас юу хүсдэг, үүнд улс төрийн савлагаатай байдал хэрхэн нөлөөлж байгаа талаар форумд оролцогчдоос тодрууллаа.
![]()
Mongolia Investment Forum"Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа салбаруудад манай улс тодорхой бодлогогүй байна"
"Capital Markets Mongolia-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Е.Золбаяр “Монголын улс төрийн нөхцөл байдал бизнест шууд нөлөөлөх нь харьцангуй бага. Хамгийн том асуудал нь олон улсын зах зээлд Монголд маш их боломжууд үүсэж байгаа ч бодлого боловсруулж байгаа орчин нь дотооддоо завгүй байгаа учир гадагшаа харах завтай хүн алга. Үүнээс болж манай улс маш их боломжоо алдаж байна.
Монголын суурь нөхцөл байдал сайжраад байгаа энэ үед зоригтой хөдлөөд төслүүдээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг нээсэн бизнест ээлтэй бодлогуудын тавиад ажиллавал маш их боломжууд байна. Энэ боломж хэр удаан үргэлжлэхийг бид таашгүй. Хувийн компаниуд боломжийг сайн ашиглаж, ихэнх том компаниуд олон улсаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлж байна.
Чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч зэрэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа салбарууд байгаа ч ихэнх салбар дээр манай улс тодорхой бодлогогүй байна. Хөрөнгө оруулагчид энэ салбарын бодлого 5-10 жилд яг ямар байх вэ гээд асуухаар хариулт байдаггүй” гэв.
2025 онд зэс 2016 оноос хойш анх удаа нүүрсийг гүйцэж экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн болсон. 2026 оны эхний 10 сард зэсийн баяжмалын экспорт 68%-иар өсөж 7.6 тэрбум ам.долларт хүрсэн.
/Capital Markets Mongolia тайлан/
"Олон улсын хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарыг маш их сонирхож байна"
![]()
Mongolia Investment Forum
ХААН банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “Монгол Улсад эрчим хүчний дутагдалтай байгаа ч нар, салхины эрчим хүчний арвин их боломж байгааг бид бүгд мэдэж байгаа. Үүнийгээ зөв ашиглаж чадвал олон улсын хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарыг маш их сонирхож байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний технологиуд маш их сайжирсан. Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх өртөг буурч, хугацаа ч богиноссон. Энэ тал дээр дан ганц арилжааны банкууд санхүүжүүлэхээс илүү олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид нийлсэн, эрсдэлээ хуваалцах зэргээр санхүүжилт хийвэл илүү үр дүнтэй болно гэж харж байна.
Хөрөнгө оруулагчид макро эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хардаг ч хөрөнгө оруулах гэж буй компанийнх нь санхүүгийн үзүүлэлтүүд нь хэр зэрэг хүчирхэг тогтвортой вэ, аливаа өөрчлөлтөд тэсвэрлэх чадвартай байх уу гэх үзүүлэлтүүд нь илүү чухал байдаг. Богино хугацааны эдийн засаг дээр болж байгаа асуудлууд хөрөнгө оруулагчдыг мөнгөө татаад аваад явчих хэмжээний шалтгаан болдоггүй. Энэ нь хэр урт хугацаанд үргэлжлэх түүнийгээ даваад гарч чадах уу гэдэг нь чухал байдаг” гэв.
Банкны салбарын нийт актив 2026 оны 9 дүгээр сарын байдлаар 94.9 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 26%-иар өссөн. Энэ нь хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээнээс тав дахин их бөгөөд Монголын компаниуд санхүүжилтээ голчлон банкнаас авсаар байгааг харуулж байна.
/Capital Markets Mongolia тайлан/
"Хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломжтой байдал маш чухал"
Эрчим хүчний салбарт ажилладаг, Монгол Улсад түлш импортолдог компани болох "Interasia Energy"-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Пьер-Ив Риго “Хөрөнгө оруулагчид Монголд юу харахыг хүсдэг вэ гэвэл, хэлэлцүүлгийн үеэр зарим хүмүүсийн хэлсэнчлэн тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломжтой байдал маш чухал.
Бид Монголд оруулж буй мөнгө маань буцаж өөрт ирнэ гэсэн баталгаа хүсдэг. Түүнчлэн монголын зах зээл маш сонирхолтой. Үргэлж олон төсөл хэрэгжиж байдаг. Хүн ам нь залуу, эдийн засаг нь тэлж байна. Хаашаа явж байгаагаа арай илүү урьдчилан мэдэж чадвал бид их хөрөнгө оруулах байсан” гэв.
"Улс төрийн өрсөлдөөн байгаа нь ардчилсан тогтолцоо хөгжиж байгаагийн шинж. Энэ нь хөрөнгө оруулалтын орчинд нааштай нөлөөтэй"
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт “Хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин тогтвортой юу гэж асуудаг. Миний хувьд гаднын хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдал бодлогын тогтвортой байдлаас ялгаатайг байнга хэлдэг.
Монгол Улс бол ардчилсан улс манай улсад улс төрийн өрсөлдөөн байгаа нь ардчилсан тогтолцоо хөгжиж байгаагийн шинж. Энэ нь хууль засаг хөгжин төлөвшиж байгаагийн илрэл учраас хөрөнгө оруулалтын орчинд энэ нь нааштай нөлөөтэй. Харин хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдлыг хангаж өмнө гаргасан алдаагаа засах нь чухал байна. Бодлогын тогтвортой байдлыг хангаж чадаж байгаагаа гаднын хөрөнгө оруулагч нарт харуулах хэрэгтэй” гэв.
"Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улс хөрөнгө оруулагч нартай шууд харилцах чиглэлд сайн ажилласны үр дүнд институционал хөрөнгө оруулагчдын тогтвортой бааз бүрджээ"
Head of Fixed income, Asia credit at StoneX Group Billy Kewley "Монгол Улсын Азийн зах зээл дэх ач холбогдол нэлээд нэмэгдсэн. Би StoneX-д бараг таван жил ажиллаж байна. Анх ажилд ороход Монгол Улсын Засгийн газар болон төртэй холбоотой цөөн хэдэн байгууллага л олон улсад бонд гаргадаг байсан. Харин одоо монголын үнэт цаас гаргагчдын тоо мэдэгдэхүйц өсөж индекс дэх жингийн хувьд ч монголын зах зээл олон улсын хөрөнгө оруулагчдад илүү ач холбогдолтой болж байна.
Үүнд эдийн засгийн хүчтэй өсөлт ч нөлөөлж байна. Уул уурхайн салбар, санхүүгийн салбар болон финтек зэрэг шинээр хөгжиж байгаа салбаруудад ч өсөлт ажиглагдаж байна.
Дэлхийн макро эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. АНУ-ын засгийн газрын бондууд болон ам.долларын хөрөнгийн үнэлгээг дахин тогтоож байна. Мөн Ойрх дорно, ОХУ зэрэг геополитикийн нөхцөл байдал өрнөж байна. Монгол Улс ч энэ мэт макро түвшний цочролоос ангид биш.
Гэсэн ч сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс болон олон үнэт цаас гаргагч нар Азийн төдийгүй дэлхийн хөрөнгө оруулагч нартай шууд харилцах чиглэлд сайн ажилласан гэж бодож байна. Үүний үр дүнд урт хугацаанд байр сууриа хадгалдаг институционал хөрөнгө оруулагч нарын тогтвортой бааз бүрджээ. 2027 он дахин санхүүжилтийн хувьд нэлээд ачаалалтай жил болно. Засгийн газрын хэд хэдэн бонд болон компанийн үнэт цаас гаргагчид олон улсын зах зээлээс дахин санхүүжилт татахаар төлөвлөж байна. Энэ нь институционал хөрөнгө оруулагчдын бааз хэр тогтвортойг шалгах чухал сорилт болно гэж харж байна" гэв.
Одоогоор Монголын 11 байгууллагын гаргасан 23 бонд олон улсын зах зээлд арилжаалагдаж байгаа бөгөөд нийт дүн нь 6.51 тэрбум ам.доллар. 2026 оны 1-11 сард Монголын байгууллагууд олон улсын зах зээлээс бондоор 2.35 тэрбум ам.доллар татсан нь 2012 оноос хойших хамгийн өндөр дүн. Үүний 79%-ийг Засгийн газар бус, банк, төрийн өмчит болон хувийн компаниуд гаргасан.
/Capital Markets Mongolia тайлан/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
