niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 03:05 UTC Source: https://news.mn/r/2832277/ 7424fbab58ebf275… ← back to niitlelch.mn

Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2025.11.05-нд нийтлэгдсэн

Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулахыг дэмжив

Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны өнөөдрийн (2025.11.05) хуралдаанаар  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь Ухаа худаг нүүрсний ордын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу олгогдсон эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай агуулгатай юм. Мөн түр хороо байгуулагдан ажилласнаар Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцтэй холбогдуулж бодит мэдээлэлтэй болно хэмээн үзэж байгаа юм.

Түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тодорхойлов.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах,

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах,

Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тодорхойлсон байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнбат нар ажиллах юм байна. Цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах аж.

Улмаар тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж