niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 03:06 UTC Source: https://news.mn/r/2832189/ 654b1a7a03ef17e8… ← back to niitlelch.mn

Д.Ганбат: Хулгай луйвар чинь гаараад хууль үйлчлэхээ больсны гор гарч байна

Хуучирсан мэдээ: 2025.11.05-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Хулгай луйвар чинь гаараад хууль үйлчлэхээ больсны гор гарч байна

Д.Ганбат: Хулгай луйвар чинь гаараад хууль үйлчлэхээ больсны гор гарч байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.05/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой" гэх асуудал хөндсөн бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "УИХ-ын дэд даргаас нь огцруулах ёстой" гэж байр суурь зөрөлдлөө.

Энэ асуудалтай холбогдуулж байнгын хорооны гишүүд дараах байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Нэгдүгээрт, Х.Булгантуяа дарга Дэгийн хуулийг барьж ажиллана. Дэгийн хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр ямар ч маргаан байгаагүй.  Маргаан байгаагүй энэ хуулийг удирдлага болгож хуулийг даргалсныхаа төлөө Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг бол энэ парламентын цаашдын дархлаанд маш ноцтой үр дагавар. Тэгэхээр бид Дэгийн хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэх ёстой байсан юм. Дараа нь Х.Булгантуяа дэд даргын асуудлыг ярих ёстой байсан.

Дэгийн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр буюу Үндсэн хууль зөрчсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад Х.Булгантуяа дарга дээр алгасаад энэ асуудлыг шийдэж байгаа нь хардалт төрүүлж байна.

Хэн дээр ч ирж болно. Чуулган даргалсан хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Ийм зүйл рүү явлаа. Үндсэн хуулийн Цэцийн эцэслэн шийдэж байгаа шийдвэр хүчингүй болгосугай гэж гардаг. Энд хүчингүй болгох тухай яриагүй шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Бид нар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж болохгүй шүү. Зөв томъёолоорой. Энэ дүгнэлтийг долоо хоногийн дотор шийдэх ёстой байсан. Үндсэн хуулийг зөрчсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гээд байх хэрэгтэй юм уу. Шөнөжингөө алх бариад нүдээд байсан ш дээ. Би эхний өдөр буюу аравдугаар сарын 16-ний өдөр Үндсэн хууль зөрчих гээд байгаа юм байна гэж ойлгоод чуулганд суугаагүй. Ирц нь ч бүрдээгүй. Аравдугаар сарын 17-нд өглөө би хуралдаа ирсэн. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү гээд анхааруулаад байсан, ийм ялтай шүү гэдгийг ч анхааруулсан. Өөрөө ч ярьж л байна лээ.

Хэн нэгэн Х.Булгантуяадаа биш ээ, энэ асуудал чинь. Хулгай луйвар чинь гаараад Үндсэн хууль үйлчлэхээ байгаад бусад хууль үйлчлэхээ болиод энэний чинь гор гарч байгаа ш дээ.

Баахан нүүрсний хулгайч нар чинь толгой дээр гараад суучихсан. Тэд нарын хань хамсаатан дэмждэг хүмүүс нь нэг талдаа гарчихсан. Арван жил эрх барьсан Ардын намын ялзрал ингэж гарч байгаа.

Нүүрсний хулгайч нарын нэг хэсэг болчихоороо толгой дээр гараад яаж ч болно гээд бодчихсон. Чамайг/УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ/ Зам тээврийн сайд яаж хийснийг би мэднэ ш дээ. Монгол Улсын бүх төмөр замыг гацаагаа биз дээ, чи. Мухар төмөр зам тавьчихаад байгаа биз дээ. Монгол Улсыг ядуу дорой байлгаж байгаа чинь хэн юм, та нар л биз дээ. Бид нар хэзээ эрх барьсан юм, Ардчилсан нам мөрөөрөө л байгаа шүү. Хэдэн үг хэлэхээр бүр хэлүүлэхгүй. Х.Булгантуяа чинь алх бариад нүдээд байсан биздээ.

Та хэд хулгай луйвраа дотроо тохироод явна гэж байхгүй, бид нар зөвшөөрөхгүй, Монголын ард түмэн зөвшөөрөхгүй.

Монгол төрийн ажлыг гацаагаад иймэрхүү л байдалтай байгаа. Тэр өдөр зөв орж ирээд зөв суулгасан байсан бол манай бүлгийн шийдвэр гарсан байсан.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Эрүүл ухаан байхгүй газар хүчирхийлэл ихэсдэг гэдэг шиг л Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг зарчмын байр суурины хувьд яаж хэлэлцэх ёстой юм гэдэг асуудал ярихаар хэн нэгний тал ч юм шиг, хэн нэгний улаан хамгаалагч ч юм шиг дайрдаг байдал гаарч байна. Харамсаж байна.

Цэцийн 38 хуудас дүгнэлт гарсан.  Дүгнэлтэд орсон нэг хоёр өгүүлбэрээс болоод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм уу, хэлэлцэхгүй юм уу гэдэг асуудал өрнөөд Үндсэн хуулиа хараад гацаанд орчихсон байгаа байхгүй юу. Өнөөдөр ч гэсэн гишүүд Цэцийн дүгнэлтээ хэлэлцэх юм уу гэхээр үгүй Цэцийн дүгнэлтийн тухай гээд байгаа байхгүй юу. Юу ч гэсэн үг юм.

Дайралт давшилт дууссаны дараа эрүүл ухаанаар үнэлэлт дүгнэлт өгөх цаг ирнэ. Дараа нь ямар үр дагавар гарах юм бэ гэдгээ мэргэжлийн байнгын хороо хэлэлцэх ёстой юм.

Зарим гишүүдийн хувьд Цэцийн дүгнэлтэд байгаа үг бүрийг дагах ёстой гэж байна. Хуульчид бидний хувьд Цэцийн дээр Үндсэн хууль байдаг гэж үздэг. 66.3-т УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад УИХ хүлээн зөвшөөрөгүй бол Цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэр гаргана гэдэг үгтэй юм. Цэц ямар процессоор явсан нь мэдэгдэхгүй, яагаад ийм шийдвэр гарсныг би ойлгохгүй байгаа. Энэнээс болоод бид нар өнөөдөр ямар дэгээр, юу хэлэлцээд байгаагаа ч ойлгохгүй байдалд хүрсэн байна.  Үүнийг нэг талдаа гаргах нь зүйтэй. Таван жил, 10 жилийн дараа ямар үр дагавар үзүүлэх вэ гэдгийг бодож хамтдаа шийдвэрлэсэн нь дээр гэж үзэж байна.

Цэц дээр хоёр асуудлаар дүгнэлт гарсан. Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шууд хэлэлцэх ёстой юм биш үү гэдэг байр суурь илэрхийлж байна. Хууль зүйн хувьд боломжгүй юм. 38 хуудас дүгнэлтийг бүрэн эхээр нь уншчихмаар байгаа юм. 38 хуудас дүгнэлтийн 17 дугаар хуудсан дээр Цэцийн хурал болдог өглөө Засгийн газар талаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Х.Булгантуяа дэд дарга өөрөө өргөсөн тангаргаасаа няцсан гэдэг нэмэлт шаардлага тавьсан.  Энийг нь Цэц хэлэлцээд анализ хийгээд тийм үндэслэл тогтоогдохгүй байна, хурал даргалагчийн хувиар саналын буруу томъёолол уншиж Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр нь гарсан.

Тэгэхээр та бүхэн Үндсэн хуулийнхаа 29 дээр байгаа гишүүнийхээ тангараг, ямар үед эгүүлэн татах үндэслэлийг харах юм бол гишүүнийхээ тангаргаасаа няцвал гэж үг бий. Цэц бол тийм үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Улс төр явж байгаа байх, гэхдээ энэ чинь дараа нь ямар үр нөлөөтэй байх вэ. Цэц тийм шийдвэр гаргаагүй байхад ингээд явах процесс руу битгий түлхээч ээ. Энэ маань цааш цаашдаа том үр дагавар гаргана гэдгийг туршлагатай парламентчид уг нь ойлгож байгаа байх.

Цэцийн дүгнэлтийг яаж хэлэлцэх ёстой юм, ямар дэгээр яваад байгаагаа тодруулах нь зөв болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж