Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнөөдөр /2025.11.04/ УИХ-ын гишүүн Э.Батшугарын нэр дээр бүртгэлтэй “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах асуудлаарх мэдэгдлийг хүргүүллээ.
Мэдэгдлийг “Өргөө” зочид буудлыг эзэмшиж байгаа “Хар дун” компанийн менежер н.Наранчимэгт гардуулав.
Анх “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компани, нийслэл хоёр хамтран эзэмшиж байгуулж байсан аж. Улмаар өмчийн маргаан үүсч төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан байна гэдэг асуудал шүүхэд очсон. Шүүхийн маргаан олон жил сунжирсны эцэст 2023 оны аравдугаар сард Захиргааны дээд шүүхийн шийдвэр гарч, нийслэл өөрийн өмчөө “Хар дун” компаниас авах ёстой гэж үзжээ. Дээрх шийдвэрийн хүрээнд нийслэл 2023 онд “Хар дун” компанид өмчөө буцаан авах асуудлаар хэлэлцээр хийх бичгийг өгсөн. Гэвч хариу өгөөгүй. Улмаар 2025 онд дахин хэлэлцээр хийх бичгийг өгсөн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулсаар иржээ. Иймд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хар дун” компанид мэдэгдэл хүргүүлж буй нь энэ юм байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн аравдугаар сард “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авахад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэг хэрэгтэй байгааг онцолсон. Нийслэлийн өмчийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас буцаан авахын тулд шаардлага тавих хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн юм.
Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд “Х.Нямбаатар дарга мэдсээр байж хачин сэдэв гаргаж ирж мэдээллийн хэрэгслээр цацсаныг болохгүй гэж өөрт нь хэлсэн. Түүхийг нь ярих юм бол надад хамааралгүй. Сүүлд надтай хүчээр холбосон” гэдэг тайлбар хийгээд буй.
“Өргөө” зочид буудал нь Улаанбаатар хотын А бүсэд буюу Үндэсний түүхийн музейн өмнө байрладаг.
Сануулахад, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авч, нээлттэй дуудлага худалдаагаар худалдаална. Үүнээс олох орлогыг нийслэлд сургууль, цэцэрлэг барих ажилд зарцуулна" гэлээ.
Г.ХОРОЛ
3,607.57















































