“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг танилцуулж байна.
УИХ-ын 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар, 78 нь тойрогт өрсөлдөн парламентад сонгогдсон бол УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын хувьд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн 15-д эрэмбэлэгдэн анх удаа гишүүн болсон. Нэг үгээр хэлбэл, тооноор орж ирсэн УИХ-ын гишүүний нэг гэж хэлж болно.
Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2003 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг төгсүүтээ УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн туслах, УИХ-ын дэд дарга болж тушаал ахингуут шадар туслах нь болжээ.
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг рүү орсон бол 2011 оноос МАН-ын төв аппарат руу шилжсэн байна. Улмаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгалантай ойр нөхөрлөх болсон. Ардын намд Б.Баярбаатараас илүү ачаа үүрч ажилласан олон гишүүн байсан ч ногоон гэрлээр намын жагсаалтад багтсан нь генсекийнх нь “хаялага” гэж хэлэхэд буруудахгүй. Тойрогт нэр дэвшээгүй хэр нь УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар сонгогдсоныг мөн л УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай холбох нь бий. Улс төрийн хүрээнийхэн түүнийг “УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн “улаан хамгаалагч” гэж тодотгодог.
МАН дотор тамганы зодоон өрнөхөд УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг өмгөөлж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналд гарын үсэг зуран кноп дарж байв.
Засгийн газрын тэргүүнээс буух ёстой гэх үндэслэлийг тэрбээр “Монголын төр бизнесийн ашиг сонирхолд автагдсан байна. Явцуу ашиг сонирхол төрийн бодлогод орж ирснээр өнөөдөр улс төрийн нам Монгол төрийн эв нэгдлийг алдагдуулах нөхцөл байдал үүссэн. Хэнээсээ нуудаг юм. Анх Ухаахудгаас байгалийн санд төвлөрүүлээд иргэдэд хувь хүртээдэг болъё гэдгээс төр үймж эхэлсэн. Г.Занданшатарыг бид нар дэмжээд Ерөнхий сайд болгосон. Гаргаж байгаа шийдвэрийг нь хар, худлаа ярьж байгаа байдлуудыг нь хар. Эдийн засгийн үзүүлэлтүүд өнөөдөр өндөр байгаа юм уу, үгүй. Иргэдийн амьдралыг хар л даа. АИ-92 алга, баруун аймгуудад тасарсан байна. Аж ахуй нэгжүүдтэй уулзлаа, Төрийн сангаас ажил гүйцэтгэсэн мөнгөө авч чадахгүй хувааж авч байна гэж ярьсан” гэдэг байр суурь илэрхийлж байв.
МАН-ын Бага хурал өнгөрсөн есдүгээр сард болж, даргаа тодруулсан процесс нь намын дүрэм болон Улс төрийн намын тухай хууль зөрчсөн тухай маргаан үүсэхэд тэрбээр “МАН-ын дүрэмд зааснаар намын даргыг сонгох босго нь Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос дээш санал авсан байна гэж заасан ч хэдэн үе шаттай явуулахыг заагаагүй. Хууль журам зөрчсөн асуудалгүй” гэдэг тайлбар хийсэн нь бий.
Мөн энэ үеэрээ Бага хурлын зарим гишүүнийг өрөөнд цоожилсон нь үнэн. Орхон аймаг, Баянзүрхийн гишүүдийг аваад явчихсан байна лээ. МАН-ын байрны 702 тоотод н.Алтай гээд манай нарийн бичгийн даргын өрөөнд Дархан-Уул аймгийнхныг хорьчихоод гаргахгүй байсан. Б.Жавхлан сайд л гаргахгүй байна лээ” гэдэг яриа хэвлэлийнхэнд өгч шуугиулсан удаатай.
Тэрбээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар ажиллахын зэрэгцээ МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажилладаг.
“Нүүрсний жинхэнэ хулгайч бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэх дуулиантай мэдээллийг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг хийсний дараа МАН-ын Хяналтын ерөнхий хороог зарлан хуралдуулж байв. Тус хороо нь 21 гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргасан юм. Харин дээрх шийдвэрийг Б.Энхбаяр “Намайг намаас хөөсөн Хяналтын хорооны гишүүдийн олонх нь нүүрсчид. Нүүрсчид намайг намаас хөөхгүй. Би нүүрсчдийг намаасаа хөөнө” гэж хариу барьж байв.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар ажиллах ёс зүйгүй улстөрч гэх асуудал хөндөгдөх болсон. Учир нь, УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн процесс хууль зөрчиж байхад түүнийг нь зогсоохын төлөө ажиллах ёстой атал улам өрдсөн. Түүгээр үл барам Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцсэн Ерөнхий сайдыг огцруулах процесс Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасны дараа тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт эцсийн шийдвэр биш. Энэ дүгнэлтийг УИХ хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ” гэх тайлбар хийсэн нь шүүмжлэлийн бай болсон. Түүнийг жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосныхоо өрийг даргадаа төлж, илтэд худал ярилаа” гэж шүүмжилж байв. Мөн УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороог удирдаж байгаа гишүүний хувьд “ангийнхан”-даа алагчлалгүй хуулийн хүрээнд хандах ёстойг сануулаад авсан нь ч бий.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1998 онд Нийслэлийн 48-р сургууль, Бүрэн дунд
- 2003 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч
- 2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль, Хууль зүйн ухааны магистр
- 2022 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлалын докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах
- 2004-2006 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах
- 2006-2008 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын шадар туслах
- 2008-2011 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын алба, ахлах референт
- 2011-2016 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
- 2016-2020 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын алба, Намын байгуулалтын газрын дарга
- 2020 оноос Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо Хяналтын Ерөнхий хорооны дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Их хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга
ШАГНАЛ
- 2022 онд Алтангадас одон
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ