Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд малчдын гар дээрээс мах худалдаалах цэгийг байгуулсан. Иргэдийн зүгээс ченжээр дамжуулахгүй, малчдын гар дээрээр хямд үнэтэй мах худалдан авч байгааг хэлж буй. Тэгвэл энэ удаагийн сурвалжлагаа малчдын зах байгуулснаар махны үнэд хэрхэн нөлөөлж байгаа талаар махны бөөний худалдааны төв болох "Хүчит шонхор" захаас бэлтгэлээ.
Зарим махны ченжүүд "Хүчит шонхор" захаас махаа бөөндөж аваад, малчдын гар дээрээс мах худалдаалах цэг дээр махаа үнэтэй зарж байна гэдгийг хэлж байв.
Биднийг өдрийн 15.00 цагт тус захад очиход жижиглэнгийн махны лангуунууд бүгд махаа зарж дуусаад, хоосорсон байлаа. Зарим худалдагч лангуугаа угааж, цэвэрлэж байгаа харагдав. Тэдний нэг махны худалдагч А.Азжаргал "Малчдын гар дээрээс мах худалдаалах цэгийн махны үнэ хямд биш шүү дээ. Тэр цэг дээр дан ястай мах зардаг бол бид захыг ангилж, шулж, ангилаад зардаг.
Уг нь өдийд махны үнэ тогтворжоод унасан байх ёстой байтал малчдын гар дээрээс мах худалдаалах цэгүүд ажиллаж эхэлснээр махны үнийг барьчихлаа.
Жишээлбэл, өнгөрсөн жил өдийд хонины цул мах 10.500 төгрөг, ястай мах нь 8-10 мянган төгрөг болж буусан. Ард иргэд л хохирч байна. Дээрээс нь тэнд малчид өндөр түрээс төлж байна. Тэндээс хэн ашиг харж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ цэгүүд байгуулагдсанаар "Хүчит шонхор" захын махны үнэд нэг их нөлөөлж байгаа юм алга. Бидний орлого буураагүй" гэдгийг хэлсэн юм.
"Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах 20.500-21.000 төгрөг, үхрийн ястай мах нь 17.500-18.000 төгрөгийн үнэтэй зарж байна. Харин адууны ястай, ясгүй мах 10.500 төгрөгийн үнэтэй бол хонины ястай мах 12.000-14.500 төгрөг, хонины цул мах 15.000 төгрөгийн үнэтэй байлаа. Ямааны ястай мах нь 11.000 төгрөг, цул нь 12.000 төгрөгийн үнэтэй зарж байна.

Зэргэлдээх лангууны махны худалдагч Б.Болормаа "Хүчит шонхор" захын махны үнэ малчдын захтай адил үнэтэй байгаа. Хонины цул мах 15 мянган төгрөг, ястай мах нь 10.500-11.000 төгрөгөөр зарж байна. Өглөө 11 мянгаар махаа бөөндөж авдаг. Миний сонссоноор тэнд яг малчдын гар дээрээс мах зарахгүй байгаа гэсэн. Энэ цэгүүд байгуулагдсанаар бидний орлогод нөлөөлөөгүй.
Иргэдийн хувьд зарж байгаа махыг нь харьцуулаад үзээрэй. Адилхан хоолоо олж идэж байгаа улсуудыг алийг нь тэр гэх вэ.
Тэнд ямар ч хамаагүй махыг нэг үнээр зарж байгаа бол энд махыг ангилж, шулж, янзалж, цэвэрлээд зардаг. Иргэдийн сонголтын асуудал" гэв.
"Хүн болгон махаа өрөөлдөж, гулуузаар худалдаж авах боломжгүй. "Хүчит шонхор" зах дээр ялгаагүй хонины махыг 11 мянгаар, үхрийн махыг 14 мянган төгрөгөөр бөөндөж зарж байна. Маханд зэрэглэл, чанар гэж байна. Малчдын зах дээр нас бие гүйцсэн үхэр, бярууны мах байсан ч адил үнээр зарж байна. Бид бол ченж биш. Бөөндөж авсан махаа ангилж, ялгаж, ясны хорогдлоо хасаад махаа зарж байна. Өдийд махны үнэ буурсан байх ёстой ч өмнөх жилүүдийн хэмжээнд буурахгүй байна. Бид махаа зарахдаа ариун цэвэртээ анхаарч, мэргэжлийн лабораторийн хяналт доор чанартай, ангилсан мах зарж байна" гэдгийг махны худалдагч Л.Ариунжаргал хэлж байв.

Мах худалдан авч буй иргэн "Хонины цул мах 14.000 төгрөгийн үнэтэй байна. Миний хувьд мах худалдаж авахаар сонирхож явна. Малчдын гар дээрээс мах худалдаалах цэгээр хараахан үйлчлүүлж амжаагүй байна. Махны бөөний төв учраас эндээс махаа авчихдаг. Ер нь мах үнэтэй байна. Үнэ нь огт буухгүй байна" гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр 2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16.684 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20.826 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар буурч 20.826 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буурч 24.222 төгрөгийн дундаж үнэтэй байна гэжээ.
ХОТЫН 4 БАЙРШИЛД МАЛЧДЫН МАХ ХУДАЛДАХ ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 21 аймгийн малчид махаа зарж худалдаалах цэгийг байгуулаад буй. Малчдын гар дээрээс мах худалдаалах цэг дээр махны үнийн хувьд адилхан бөгөөд үхрийн мах 14 мянган төгрөг, хонины мах 11.500 төгрөг, адууны мах 10.500 төгрөгийн үнэтэйгээр зарж байна.
Малчид малын махны тоогоор лангууны түрээсээ төлдөг гэдгийг хэлж байв. Тодруулбал, нэг бог малын мах 10 мянган төгрөг, нэг бод малын махнаас 50 мянган төгрөгийн түрээс авдаг байна.
Малчдын мах худалдаалах цэг дээр зарж буй махны үнэ бусад зах, худалдааны төвд зарагдаж буй үнээс 3-6 мянган төгрөгөөр хямд байгааг иргэд хэлж байлаа. "Хүчит шонхор" зах дээр хонины мах 12-15 мянган төгрөг, үхрийн мах 17-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байгаа юм.
















Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,607.57






















































Холбоотой мэдээ