niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 03:33 UTC Эх: https://news.mn/r/2831733/ 23b96b34205b5908… ← niitlelch.mn руу буцах

"Төрийн компаниудын ноёрхол, үр ашиггүй байдал хавтгайрлаа"

Хуучирсан мэдээ: 2025.11.03-нд нийтлэгдсэн

"Төрийн компаниудын ноёрхол, үр ашиггүй байдал хавтгайрлаа"

"Төрийн компаниудын ноёрхол, үр ашиггүй байдал хавтгайрлаа"

Эдийн засагч Ч.Хашчулуунаас зарим асуудлаар тодрууллаа.


-Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор батлах учиртай. Угтаа төсөв батлагдахад 10 гаруй хоног үлдсэн байна. Та ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ирэх оны төсвийн төслийг харахад бодит байдал руу нэлээд буухыг оролдсон төсөв харагдаж байгаагаа нь өмнөх жилүүдийн төсвөөс ялгаатай байна. Ялангуяа хөрөнгө оруулалт, урсгал зардлын харьцааг харахад сүүлийн үеийн эдийн засгийн хэт их халалт, тэлэлтийн үр дүнг яаж зохицуулах вэ гэдэг зовлон гарч ирж байна. Мөн бодит бус хүлээлт болон бодит байдлын зөрүү тодорхой болж илүү мэргэжлийн түвшинд бэлдсэн төсөв болсон гэж харж байна. Өмнөх жилүүдэд улс асар их хэмжээний нүүрсний орлоготой ажилласан. Монголын түүхэнд хэзээ ч ийм их хэмжээний төсвийн орлоготой байгаагүй. Тэгэхдээ энэ орлогыг өнгөрсөн дөрвөн жилд хэр үо дүнтэй зарцуулсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тухайлбал, Андлалын хөшөө гээчийг хэдэн тэрбум төгрөгөөр бариад, нураагаад, дахиж барих жишээний хөрөнгө оруулалт үнэхээр Монгол Улсын хөгжилд үр нөлөө үзүүлж чадсан уу. Үндсэндээ улсын орлогын зарим хэсэг нь үр өгөөжтэй хөрөнгө оруулалтад зарцуулагдсан байж болох ч үр өгөөж тааруу хэсэгт хөрөнгө оруулалт хийгдсэн нь үнэн. Монгол Улсын хувьд асар чухал асуудал бол хүнд аж үйлдвэрээ хөгжүүлэх. Зэс хайлуулах, нефьт боловсруулах, гангийн үйлдвэрүүдийг бий болгоход хамгийн их анхаарах ёстой үе байсан.

Нүүрснээс олсон орлогоо том аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгох, хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинэлэг инновацлаг эдийн засгийг дэмжихэд зориулна байсан боловч үнэн хэрэг дээрээ тэр чиглэлд төдийлөн хүрсэнгүй.

Дээрээс нь их хэмжээний төсвийн зарлагын тэлэлт нь инфляцыг өдөөж, үнийн өсөлтийг бий болгосон. Үүнээс үүдэн тогтвортой цалин авдаг тэтгэврийнхэн, багш, эмч нарын амьжиргааны түвшин доройтсон. Тиймээс цаашид Монголын эдийн засгийн дараагийн хөгжлийн үе шатыг бол бий болгох ёстой үе харьцангуй үр өгөөж багатай өнгөрчихлөө. Тийм учраас ирэх 2026 оны төсвөөр өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг засах гэж оролдож байна. Тодорхой хэмжээгээр орлогоо бодит байдлаар төсөөлж, зарлагаа ч гэсэн тодорхой хэмжээгээр танах, алдагдлаа багасгах оролдлогууд харагдаж байна.  Хэдийгээр ирэх оны төсөв төгс төгөлдөр болоогүй, засаж, залруулах зүйл байгаа ч гэсэн ерөнхийдөө бодит байдал руугаа буусан, алдагдсан боломжоо тодорхой хэмжээгээр нөхөхийг оролдож байгаа үйл ажиллагааны суурь болж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл, дараагийн шатны үндсийг бий болгохын тулд өмнөх сууриа сайн бэлдэх ёстой.

-Багш, эмч нар, ахмадууд цалин хөлс, тэтгэврээ нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Энэ шаардлагыг ирэх оны төсөвт суулгах боломж, бололцооны хувьд ямар эдийн засгийн нөөц байгаа гэж харж байна вэ?

-Хамгийн чухал зарчмын асуудал бол Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа үүргийг дутуугаар үнэлээд боломжийг нь сайн ашиглахгүй байна. Тийм учраас улсын төсвөөр, эсвэл Хөгжлийн банкны хөрөнгөөр ч юм уу бүх асуудлыг шийдэх гэж оролдоод байна. Улсын төсвийн мөнгө нь шийдэх гэж байгаа асуудалдаа хүрэхгүй, зарлага нь үр дүнгүй болоод байна. Түүний оронд хувийн хэвшлүүдийг бодлогоор дэмжих юм бол тэд аж үйлдвэрийн цогцолборуудыг, шинэ инновацлаг салбаруудыг бий болгож чадна. Төр хэмнэсэн хөрөнгөөрөө багш, эмч нарыг дэмжих, дэд бүтцээ сайжруулах бүрэн дүүрэн гарч ирнэ. Улсын хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барих биш  концессын үйл ажиллагаагаа сэргээгээд хувийн хэвшлүүдээ сайн ашиглаж болно. Хувийн хэвшил үйлдвэр байгуулах бол гаалийн татвараас тоног төхөөрөмжийг нь чөлөөлж болно. Үйлдвэр байгуулагдаж, шинэ ажлын байр бий болгох юм бол төр татварын уян хатан бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох юм бол үндэсний үйлдвэрүүдийг хөгжинө. Монголын компаниуд чадвартай болчхоод байгаа шүү дээ. Концепцын хувьд бүх юмыг улс хийнэ гэдгээ болиод үүний оронд аж ахуйн ажлыг хувийн хэвшилд даатгаад ажиллуулчихмаар байгаа юм. Улс бодлогоор дэмжлэг үзүүлээд явчихвал боломжгүй зүйл үгүй. Зайлшгүй  улсаас дэмжих ёстой салбарууд байна. Мөнгө төгрөгөө зөв төвлөрүүлэх  юм бол энэ шийдэж болохгүй асуудал биш байх.

-Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл эдийн засагт тэр дундаа үнийн өсөлтөд ямар нөлөө үзүүлэх бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад ч цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудал тулгардаг. Асуудлыг яаж шийддэг вэ гэхээр бол үйлдвэрчний эвлэлтэйгээ Засгийн газар нь бодит хэлэлцээр хийдэг. Өөрөөр хэлбэл худлаа популизмгүйгээр хэлэлцээр хийдэг. Тухайлбал, ирэх онд төсвийн боломж ийм байна, эдийн засгийн байдал ингэж өсөхөөр байна. Тиймээс та бүхний саналыг ийм хэмжээнд хүлээж авах боломж байна гэдгээ илэн далангүй, нээлттэй ярилцаж мэдээллээ солилцсоны үр дүнд тохиролцоонд хүрдэг. Манайхан одоохондоо тохиролцохын оронд бие биедээ шаардлага тавьсан, тулгасан байдалтай байгаа учраас аль аль талдаа үр дүн муутай байна.

Цаашид хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах үйл ажиллагаагаа сайжруулж, улсын төсвийг Андлалын хөшөө гэх мэт үр ашиггүй бүтээн байгуулалтад үрэхийн оронд хамгийн чухал хэрэгцээн дээрээ хөрөнгө оруулалтын төлөвлөлтөө хийх юм бол урсгал зардал дээр тодорхой орон зай гарахыг үгүйсгэхгүй.

Түүгээр багш нар, эмч нарын цалинг нэмэх боломж гарах байх. Тэгэхдээ зоргоороо, дураараа ярих биш нарийн тооцоо хийгээд дараа дараагийн жилүүдэд  эдийн засаг ямар түвшинд хүрэх боломж байна, түүнийгээ дагаад үйлчилгээний чанар, боловсролынхоо чанарыг хэрхэн яаж сайжруулах вэ гэдгээ орхигдуулж болохгүй. Асуудлыг цогцоор нь л ярих ёстой.  Таван жилийн дараа эдийн засаг ямар байх, хоёр жилийн дараа ямар байх вэ гэдгийг бодитойгоор тооцож, дүгнэлтээ гаргаад зохицуулалтаа хийх ёстой. Ингээд нөөцийн хувьд ч хуваарилалтаа оновчтой болгох нь зөв. Хөдөө орон нутагт хүн амын тоо харьцангуй бага учраас сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжуудыг хот суурин газарт түлхүү барьж гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халах гэх мэтээр нөөцөө зөв хуваарилах нь чухал. Эцэст нь дахин хэлэхэд төр хувийн хэвшилтэйгээ илүү тулж ажиллах юм бол хувийн хэвшлийнхэнд хийж чадахгүй зүйл үгүй.  Гэтэл төрийн дэмжлэг яг үнэн хэрэг дээрээ огт байхгүй байна. Дээрээс нь сүүлийн жилүүдэд хувийн хэвшил рүү асар их хэмжээгээр дайрсан.  Гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээс айдаг болчихсон байсан. Энэ байдлыг л бүрмөсөн арилгаад төр, хувийн хэвшил хамтдаа улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах нь нэн чухал байна.

-Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийг дэмжинэ. Төрийн оролцоог бууруулна гэдэг  асуудлыг маш их ярьсан. Гэтэл яриа төдий зүйл болж, бодитой болж чадахгүй байгаагийн шалтгаан нь юунд байна вэ?

-Монгол Улсын хувьд зах зээлийн эдийн засагтай болно гэдэг асуудлыг 30 гаруй жилийн өмнөөс эхлүүлсэн боловч сүүлийн 10 гаруй жил заавал төрийн компаниуд байх ёстой, төрийн өмчит компаниуд ажиллах ёстой гэсэн бодлого нэг мэдэхэд бий болчихсон. Энэ нь эргээд улс төрийн талаасаа популизм хийхэд амархан зүйл болж хувирсан. Учир нь улсын компанийн орлогоор иргэдийн халаасны, халамжийн мөнгийг нь шийддэг, тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлдэг, өрийг нь тэглэдэг ч юм уу буруу популист практик хэрэгжүүлж ирлээ. Үндсэндээ төрийн өмчит компаниуд улс орныг хөгжүүлэх гэхээсээ илүү популист амлалтуудыг хэрэгжүүлийн төлөө ажиллаж ирсэн. Төрийн өмчит компаниупап хараа хяналт нь дутуу, дээрээс нь улс төрийн нөлөө ихтэй учраас үйл ажиллагаа нь үр өгөөж муутай, сүүлдээ асар их хэмжээний алдагдалтай ажиллаж байна. Төрийн өмчит компаниудтай холбоотой гэрээ хэлэлцээрүүд ихэнх нь нууц байдлаар хийгдэж ирсэн нь их хэмжээний алдагдлыг бий болгож эхэллээ. Товчхондоо засаглал нь гажуудсан гэсэн үг. Засаглал нь гажуудсан учраас хүн сонсоход гоё боловч эдийн засаг талаасаа ямар ч үр өгөөжгүй зардлуудыг санхүүжүүлдэг газар болж хувирсан. Бид одоо хүртэл зэс хайлуулах үйлдвэртэй болж чадаагүй байна, нефтийн үйлдвэр бариагүй байна, гангийн үйлдвэртэй болоогүй л байна. Тийм учраас төрийн компаниудын ноёрхол, төрийн компаниудтай холбоотой авлигал, үр ашиггүй байдал хавтгайрчихлаа. Концепцын хувьд энэ байдлыг богино хугацаанд засаж залруулж чадах юм бол дараагийн жилүүдэд Монголын эдийн засаг илүү эрүүлжих, авлига нь багасах, илүү бүтээлч болох боломжууд бүрэн дүүрэн байгаа.

-Монгол Улс цаашид уул уурхайн орлогоос хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Монголын эдийн засгийг аль болохоор уул уурхайн хараат байдлаас багасгах л ёстой. Үүний тулд ерөөсөө гурван зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт, түүхий эдийг боловсруулах ёстой. Боловсруулсан түүхий эдийн тээврийн зардал нь олох орлоготойгоо харьцуулахад бага  байдаг учраас ганцхан зэх зээл рүү биш олон зах зээл рүү хүрэх боломжийг бий болгодог. Тийм учраас зэс хайлах, ган  боловсруулах, нефтийн үйлдвэр байгуулах,  экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй.  Одоогоор зэс хайлуулах чиглэлээр хувийн хэвшлийн хоёр үйлдвэр амжилттай ажиллаж байна. Туршлага нь бүрэн дүүрэн байна. Хоёрдугаарт, дэлхий даяар хэрэглэгдэж байгаа технологиудыг нэвтрүүлэх, дэмжихэд анхаарч ажиллах хэрэгтэй. Монгол Улс бол эдийн засаг нь авсаархан, хүн ам цөөтэй учраас богино хугацаанд хөгжүүлэх боломжтой. Хөгжлийн элдэв төрлийн төлөвлөгөө бий.  Гэхдээ тэр нь тунхаглалын шинж чанартай баймааргүй байна. Тухайлбал, Монгол Улсын 2050 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг аваад үзэхээр эдийн засгийн хувьд яг юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй, ямар төслүүдийг ямар дэс дарааллаар хийх нь тодорхойгүй байна. Тиймээс төлөвлөгөөгөө маш сайн гаргаад, санхүүг нь уялдуулж өгөөд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах юм бол хөгжилд хүрэх зардал нь ч тодорхой хэмжээгээр багасна. Улсын хөгжлийн ачааллыг хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, хуваарилах нь маш чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж