УИХ-ын 2024 оны сонгуульд олонхийн суудал авсан МАН “Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцанд хамруулах бодлого хэрэгжүүлнэ” гэх амлалт өгч, Засгийн газар энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч одоог болтол судалгаа нь дуусаагүй үргэлжилсээр байна. Энэ байдлаар судалгаа нь үргэлжилсээр 2026 он гаргаж хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж мэдэхээр болов.
Жишээ татвал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад энэ асуудлыг судлах ажлын хэсгийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан ахлан, бусад салбарын сайд нараас гадна Монголбанк, арилжааны банкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байв. Ажлын хэсгийн зүгээс “Бага дунд орлоготой иргэдээ орон сууцанд хамруулах асуудлыг судалж байна. Мөн эх үүсвэрийг хаанаас босгох талаар судалж байна” гэх хариулт өгсөөр 2024 оныг дуусгасан. Улмаар 2025 онд ч судалгаа нь үргэлжилсэн. Удалгүй тус Засгийн газар огцорсон.
Дараа нь Г.Занданшатарын танхим байгуулагдсаны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Бас л судалж байна гэдэг жижүүрийн хариулт өгдөг.
Саяхан Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Нэг ёсны ажлын хэсэг байгуулагдан ажиллаж судалгаа л хийхээс цаашгүй шийдэл гарахгүй ажилласаар хоёр дахь жил рүүгээ орох болж байгаа юм.
Харин энэ хооронд ипотекийн зээлд хамрагдаж байртай болох гэсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, гурван жилээр хүлээх энүүхэнд болж хувирсан. Дээр нь орон сууцны үнэ сар тутамд өссөөр бага орлоготой иргэд байтугай дунд орлоготой иргэн нь ч дийлэхээргүй хэмжээнд хүрсэн.
Ипотекийн зээлээр дээд тал нь 150 сая төгрөгийн зээл авах боломжтой. Тэгвэл дээрх хэмжээний зээл авлаа гэхэд хоёр өрөө байранд ч орох боломжгүйгээр орон сууцны үнэ өссөн. Тэр хэмжээгээр төрийн албан хаагчид нь “Хэзээ ажлын хэсгийн судалгаа дуусаж, орон байртай болох юм бол” гэж хүлээсээр цөхөрч байна.
Хамгийн сүүлд байгуулагдаад байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн ахалсан ажлын хэсэг багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах болж буй.
Улаанбаатар хотын хэмжээнд төрийн бодлогоор хэрэгжиж буй есөн төслийн хүрээнд 9000 гаруй айлын орон сууц 2025-2028 онд ашиглалтад орно. Үүнд багш, эмч нар, мөн төрийн албан хаагчдыг хамруулахаа мэдэгдээд байгаа юм.
Багш, эмч нарын авч байгаа цалин тодорхой, төрийн өөрийнх нь хэрэгжүүлж байгаа төслийнх нь өртөг тодорхой байхад юуг нь судлах гээд байна вэ гэдэг асуудал ч хөндөж буй.
Нөгөө талдаа, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн 1008 айлын орон сууц өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад орж, гүйцэтгэгч тал Монгол Улсад хүлээлгэн өгсөн атал одоог хүртэл уг байр эзэндээ очоогүй.
Уг нь Засгийн газраас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцнаас 752 –ыг нь өмчлүүлэх, үлдсэн 252 байрыг түр хугацаагаар түрээслүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Уг тогтоолын хүрээнд хүйтний эрч чангарахаас урьтаж дээрх байранд айлуудыг оруулж, гэр хороолол дахь яндангийн тоог бууруулах шаардлага байгааг иргэд сануулж байна.
Үнэндээ ч ажлын хэсэг байгууллаа, судалгаа эхлүүллээ гэдэг ч шийдэл олдоггүй, түүнийг нь иргэд хүлээдэг энэ асуудлыг эргэн харж ажлаа шуурхайлахгүй бол 2026 он гарахад ердөө хоёр сарын л хугацаа үлдлээ.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ