niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:01 UTC Эх: https://news.mn/r/2831565/ 75b878582a92a1da… ← niitlelch.mn руу буцах

Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2025.11.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

“News” агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.


Н.Ууганбаяр: Бүтээмжгүй газар цалинг  өсгөх сайн үр дүн авчрахгүй

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Ууганбаяртай төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-Энэ жил анх удаа төсвийн хэлэлцүүлэгээ таван үе шаттай хэлэлцэхээр болж, есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн төсвийн хэлэлцүүлгээ хэр үр дүнтэй өнрүүлж байна гэж харж байна?

-Бид бүгдээрээ мэдэж байгаа байх. Улс төрийн нөхцөл байдал бол амаргүй цаг хугацааг туулж байна. Энэ амаргүй нөхцөл байдал дундуур төсөв хэлэлцэгдэж байгаа. Энэ нөхцөл байдалтай харьцуулаад харах юм бол төсвийн хэлэлцүүлэг дээр одоогоор нэг их айхтар цаг хугацаа алдсан юм уу, эсвэл айхтар их үр дүнгүй болчихсон зүйл харагдахгүй байна. Яагаад гэхээр УИХ-ын байнгын хороодын ажиллагаа нэг их сааталгүйхэн шиг яваад ирсэн. Үндсэн шалтгаан нь юу харагдаж байна вэ гэхээр нэгдүгээрт байнгын хороодын тоог цөөлсөн учраас ирц бүрдэлт нь арай дээр болсон байна. Хоёрдугаарт, өнгөрсөн жил төсвийн хэлэлцүүлгүүд дээр олон ажлын хэсгүүд ажиллаж байсан.  Харин энэ жилийн тухайд амжилттай ажилласан нь ажлаа дуусгаад, хуулийн тогтоолуудаа бэлэн болгоод цэгцэрчихсэн учраас төсвийн хэлэлцүүлгүүд зарчмын хувьд хугацаанаасаа айхтар хоцролгүйгээр явж байна. Магадгүй долоо хоногийн хоцрол байж магадгүй. Үүнийг эс тооцвол гайгүй байна.Энэ байдлаараа цааш явах юм бол арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаад төсвөө баталчих дүр зураг харагдаж байна. Жил бүр төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр олон төрлийн санал гардаг.  Өнгөрсөн жилийн мөн өдийд мега төслүүд төсөв дээр орж ирсэн учраас өрөөн дотор заан шиг бүх зайг эзэлчхээд байсан учраас одоогийнх шиг олон төрлийн санал бол гарч байгаагүй.

Уламжлалт утгаараа тэнд байгаа замыг болиод оронд нь тэнд зам тавья гэдэг иймэрхүү зарчмын зөрүүтэй санал түлхүү гаргадаг байсан бол энэ жилийн зарчмын зөрүүтэй саналуудыг харахад ерөнхийдөө боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Асуудал харагддаг шигээ амархан биш гэдгийг хүн болгон ялангуяа УИХ-ын гишүүд энэ өдрүүдэд түлхүү мэдэрч байгаа байх. Тухайлбал, юу харагдаж байна вэ гэхээр "цалин нэмье" гэвэл эхлээд ямар эх үүсвэрээс нэмэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл хэнээс нь авч хэнээс нь танаж, яаж нэмэх юм бэ. Энэ дээр маш олон зарчмын зөрүүтэй санал гарна. Засгийн газраас хамгийн хялбар шийдэл болох төсвийн ерөнхийлөгчийн захирагч болгоны урсгал зардлаас 10 хувийг хасах санал гаргаж байна. Гэтэл УИХ-ын гишүүд өөр санал гаргаж байх шиг байна. Эх үүсвэрээ шийдсэний дараа хэн дээр нь яаж нэмэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Магадгүй амархан шийдэл нь юу харагдаж байна вэ гэхээр суурь цалинг нь 10-15 хувь, нөгөө тохиолдолд  15-20 хувиар нэмэгдүүлэх тухай яригдаж байна. Харин тэтгэврийн тухайд инфляцтай уялдаатайгаар магадгүй  10 орчим  хувиар нэмэгдүүлэх багцаа ярьж байна. Нөгөө талаас жилийн хөгжлийн төлөвлөгөөнд орсон  УИХ-ын тогтоолын урсгал зардал 2026 оны төсөв дээр 24 хувь байхаар заасан. Тиймээс ямар ч тохиолдолд урсгал зардал дотроо шилжүүлэг хийхээс өөр аргагүй байгаагийн нэг шалтгаан нь  энэ.

Хамгийн гол нь энэ болгоны цаана төрийн үйл ажиллагаа дээр хэр зэрэг доголдол гарах,  яаж нэмбэл хамгийн оновчтой хувилбар болох талаар нарийн тооцоо судалгаа хийхгүйгээр, эдийн засгийнх нь үр нөлөө үр дагаврыг бодолгүйгээр сэтгэл хөөрлөөр хандах юм бол зарчмын хувьд алдаа гарна.

Зөв юмыг чинь яаж ч хийсэн зөв биш. Зөв юмыг чинь зөв болгохын тулд зөв л хийх ёстой. Түүнээс биш бодлогын шийдэл нь цалин, тэтгэврийг нэмэх нь зөв боловч, хэрхэн яаж нэмэх вэ гэдэг асуудлаа зөв гарц гаргалгаатай хийх нь чухал.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2830724/ линкээр орж унших боломжтой.

Н.Эрдэнэхүү: Эрүүл мэндийн салбарт мерит зарчим алдагдсан

Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2025 оны тавдугаар сард ХСҮТ-ийн захирлыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тэгвэл таван сарын дараа шүүхээс тушаалыг хүчингүй болгож, таныг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргаад байна. Гэсэн ч таны хувьд ажилдаа эргэн орохгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Миний хувьд 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр ажлаасаа гэнэт халагдсан. Тийм учраас хуулийн байгууллагад хандах шийдвэрийг гаргаж, 2025 оны тавдугаар сарын 8-нд Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн шүүх дээр тодорхой процесс явсаар байгаад сая аравдугаар сарын 7-нд шүүхийн шийдвэр гарлаа. Шүүхийн захирамжийн дагуу тухайн үед намайг ажлаас чөлөөлсөн Т.Мөнхсайхан сайдын тушаалыг хүчингүй тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Хуулийнхаа дагуу цалин болон нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг тооцож, олгоно.

Ер нь гурав, дөрвөн жилийн өмнөөс их зөв зүйтэй хууль хэрэгжиж эхэлсэн байна лээ. Аливаа албан тушаалтан тухайн хүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд өмнө нь ажилгүй байсан хугацааны төлбөрийг нь төр даадаг байсан бол одоо төр бус тухайн буруутай этгээдээр төлүүлдэг болсон.

Энэ нь үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн хүрээнд явагддаг. Эхлээд ажлаасаа үндэслэлгүй халагдсан хүний нөхөн төлбөрийг улсаас шийдсэний дараа Төрийн албаны зөвлөл тухайн буруутай этгээдээс нэхэмжилж авдаг юм байна. Тэгэхээр энэ бол маш зөв хууль хэрэгжиж байна гэж харж байна. Би одоо Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар эргэн ажиллах бүрэн боломжтой. Гэхдээ би ажилдаа эргэн орохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Миний цаашдын зорилго бол эрүүл мэндийн салбартаа иргэдэд чиглэсэн ажлыг хийнэ.

-Нэг сайд томилогдоод л эмнэлгийн дарга нарыг шинээр томилдог байдал нь утгаа алдлаа. Та эрүүл мэндийн салбарт мерит зарчим алдагдсан гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Хэдхэн жилийн өмнө улсын эмнэлгийн дарга нарт төсвөөс цалинг нь олгодог байсан учраас дарга нар нь хийх ажил багатай, "дарга" нэртэй хүмүүс байдаг байлаа. Одоо бол хувийн болон улсын эмнэлгийн зохион байгуулалт өөр болсон. Ялангуяа хувийн эмнэлгүүд олширч, даатгалын системд орж бүтнээрээ өөрчлөгдөөд байна. Үүнийгээ дагаад удирдлага манлайллын систем нь өөрчлөгдөх ёстой байтал яг хуучин схемээрээ яваад байна. Нэн яаралтай мэргэшсэн албаны томилгоог бий болгох хэрэгтэй. Энэ хүмүүс тухайн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө үүрэг хүлээж, үйлчлүүлэгч талаас нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ингэж сайжруулна, эмнэлэг талаасаа ажиллах орчинг сайжруулж, шинэ технологи нэвтрүүлнэ гэж амлалт авч, төлөвлөлт хийх ёстой. Тэр төлөвлөлтөө жил, улирлаар нь хянуулж, цаашаа явдаг байх чиглэл рүү явах хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол хэн нэгэн сайд өөрт нь дуртай, дургүй байдлаас болох юм уу өөрийгөө эмнэлгийн дарга, ажилчдаар нь дэмжүүлэх гэсэн схемийг эрүүл мэндийн салбарт хийх гэж оролдож байгааг зогсоох ёстой.

Тийм учраас хамгийн түрүүнд Төлөөлөн удирдах зөвлөлөө зөв хүмүүсээр бүрдүүлж, ялангуяа эмнэлгийн ажилчдын төлөөллийг нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бол улсын эмнэлгийн ТУЗ-д ажилчдын төлөөлөл гурав, яамдын төлөөлөл гурав, төрийн бус байгууллагын төлөөлөл гурав байгаа. Ийм асуудлуудыг ул сууриар нь цэгцлэх ёстой. Цаашдаа эмнэлгийн ажилчдын төлөөллийн дуу хоолой хүчтэй байхгүй бол бид хэн нэгэн сайд даргын тавьсан ТУЗ-ийн гишүүдтэй асуудлаа шийдвэрлэж ажиллаж чадахгүй байдалд хүрнэ. Эрүүл мэндийн салбарт мерит зарчим алдагдсан. Сүүлийн хэдэн жил сонгон шалгаруулалт байхгүй болсон. Би өмнө нь түр орлон гүйцэтгэгчээр тавигдаж байсан. Энэ бол бидний буруу биш. Эрүүл мэндийн яамнаас яагаад сонгон шалгаруулалтаа явуулаагүй юм. Яагаад бүх эмнэлгүүд дээр  ТУЗ-ийг үүсгэж, яам зөвхөн бодлогоо гаргаад явъя гэж шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Энэ бол бодлогын өөрчлөлт. Ингэж байж хөгжинө. Эмнэлэг гэдэг бол нэгдүгээрт ашгийн төлөө ажиллаж байж шинэ технологи нэвтэрч, ажилчид нь цалингаа нэмүүлэх ёстой. Энэ бүхнийг шийдэхийн тулд нэн даруй улсын бүх эмнэлгүүдийн ТУЗ-ийг шударга тогтолцоогоор чадамжтай хүмүүсийг сонгож, яамны шууд хамаарлаас салгаж өгөх хэрэгтэй. Миний хувьд хэн нэгэн сайдтай ажлын хувьд хамтран ажиллаж байгаа ч "Ахаа эгчээ, найзаа, сайдаа, даргаа" гэдэг байдлаар хандаагүйгээс болсон байх гэж ойлгож байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2831333/ линкээр орж унших боломжтой.

Ж.Амарсанаа: Өрхийн эмч нар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлсэн

Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгчөөр таныг сонгожээ. Тэгэхээр танай холбооны гол зорилгыг сонирхож болох уу. Мэдээж танд хийхээр төлөвлөсөн, зорьсон ажил цөөнгүй байгаа байх?

-Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны дотоод сонгууль өнгөрсөн Бямба гаригт /2025.10.25/ болсон. Энэ сонгуульд өрхийн эрүүл мэндийн ажилчид, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дунд дотоод сонгууль явагдсан. Дотоод сонгуулийн хурлын үеэр миний бие холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авч ажиллахаар болсон. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь улсдаа үйл ажиллагаа явуулж буй хамгийн том төрийн бус байгууллага гэж ойлгож болно.

Өнөөдрийн байдлаар 4000 эмч, сувилагч эмнэлгийн ажилчин бүртгэлтэй байдаг. Одоо холбооны үйл ажиллагаа жигдэрсэн гэж нэг үгээр хэлж болох байх.

Намайг уг үүрэгт ажлыг авахаас өмнө холбоог Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа удирдаж байлаа. Түүний үргэлжлүүлэн хийх нь нэр хүндийн хэрэг бөгөөд цаана нь давхар хариуцлага яригдаж буй.

Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гол зарчим нь ажилчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг сайжруулах, үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршдог. Тиймээс шинэ реформыг хийхээр төлөвлөж байгаа. Шинэчилсэн реформ хийхийн зэрэгцээ одоо хэрэгжиж буй ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Нөгөөтэйгүүр, холбоонд сайжруулах хэд хэдэн асуудал байсан. Ямар ч байгууллага дээр сайжруулах зүйлс байдаг.

-Шинэчилсэн реформ хийнэ гэлээ. Жишээ нь, ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байна?

-Өрхийн эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон төрлийн шинжилгээг хийж чаддаг болгохыг зорьж байна. Нэг талаараа олон төрлийн шинжилгээ гэхээр шууд үнэтэй тоног төхөөрөмж худалдаж авахыг бодож болохгүй. Харин ч цомхон, энгийн хэрнээ хүнд хүртээмжтэй байдлаар хийхийг төлөвлөж байна. Тухайлбал, эмч өрөөндөө шинжилгээ авах боломжоор хангана. Нөгөөтэйгүүр, мобайл технологи тал рүү чиглэж ажиллана гэж бодож байгаа. Өрхийн эмнэлэг дээр иргэд үйлчилгээ авахаар очиход эмч нар нарийн шинэжилгээ хийдэг байх нь чухал.

Түүнээс гадна эмч, өвчтөн хоёр бус эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Ядаж өрхийн эмнэлэг хөдөө, орон нутгийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг болон гуравдугаар шатлалын эмнэлгүүд хоорондоо нэг болж хамтын ажиллагааны хүрээнд ажиллана. Монголоос бусад улсад өрхийн эмнэлгүүд эргэн тойронд байрлах хувийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа явуулдаг. Хамтын ажиллагаа талаараа Тайвань улс энэхүү туршлагыг сайн хэрэгжүүлж ирсэн байдаг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2830907/ линкээр орж унших боломжтой.

Б.Алтанцэцэг: Цалин нэмэхээр бол бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй

“Эн Ар Си СИ” ХХК-ийн үндэсний судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Цалин нэмэх тухай эрчтэй ярьж байна. Эдийн засагчид, судлаачид хөндлөнгөөс хэрхэн харж байгааг бид тодруулахаар тантай уулзлаа?

– Цалин нь хөдөлмөр гэдэг чухал нөөцийн үнэ юм. Аливаа нөөц, бүтээгдэхүүний үнэ нь зах зээл дээр тодорхойлогдож байх ёстой. Ингэснээр бодитой үнэ тогтох учиртай. Өнөөдөр цалин нэмэх асуудал улсын секторт л яригдаад байна. Нэг талаас шаардлага тавьж байгаад нэмүүлж байгаа нь буруу биш. Гэхдээ нэмж байгаа үнэ ямар үнэ вэ гэдгээс л их юм хамаарна. Үнэхээр зах зээлийн зарчмаар цалингийн хэмжээ нэмэгдэж байвал зүйн хэрэг.

-Багш, эмч нарын цалинг 3.500.000 болгохоор ярьж байгаа нь өнөөгийн нөхцөлд хэр бодитой шаардлага  бол?

-Төр 3.500.000 төгрөгийн цалинтай бүтээмжийг багаар тооцож, зохиомлоор дарж байсан бол цалин нэмэгдэхэд ямар нэгэн саад бэрхшээл үүсэхгүй. Хөдөлмөрийн үнэлэмж зохистой хэмжээндээ очно гэсэн үг.

Харин зах зээлийн үнэлгээ нь хоёр сая орчимд байгаад байдаг. Гэтэл хүчээр шаардлага тавьж байгаад цалинг сая гаруй төгрөгөөр өсгөж байгаа бол ардаа асуудал дагуулна.

Цалин нэмэх нь зах зээлийн бодит үнэ мөн эсэхийг л сайн судлах хэрэгтэй.

-Улсын төсөв өргөн баригдаад хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Өргөн барьсан төсвийнхөө урсгал зардлаас танаад цалинг нэмнэ гэж шийдвэр гаргагчид тайлбарлаж байна?

-Төр аливаа үнийг тогтоохдоо  зах зээлийн бодит үнэлгээ мөн үү, үр ашигтай юу гэдэг дээр мэдээлэл багатай сектор учраас ардаа эрсдэл дагуулах магадлал өндөр. Хөдөлмөр нь нийтлэг бүх салбарт хэрэглэгдэж байгаа үйлдвэр, үйлчилгээ, бүтээгдэхүүний гол орц болдог чухал нөөц.  Тэр утгаараа төр ч бусдын адил ажил олгогч учраас эндээс гаргаж байгаа шийдвэр зах зээлтэйгээ маш уялдаатай байх ёстой. Тухайлбал төрийн секторт хөдөлмөрийг үнэтэй аваад эхлэх юм бол хувийн секторт нөлөөлнө. Хязгаарлагдмал нөөцийн төлөө хувийн сектортой өрсөлдөөд байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл хувийн секторын төлж чадах цалин бол зах зээл дээрх бодит цалин. Гэтэл үүнийг зохиомлоор өндөр үнэлэмж бий болговол хувийн бизнес хаагдах, хүний нөөцөө хумих зэрэг сөрөг үр дагавар бий болно.

Тиймээс төр зөвхөн төсвөө харж, цалинг тогтоож болохгүй юм.  Төрийн сектор нийтээрээ бидний хэрэглэж байгаа нөөцийн төлөө бас нэг худалдан авагч болж орж байгаа учраас тэр нөөцийг зүй зохист үнэнд нь байлгахгүй бол эцэстээ улсын эдийн засагт муугаар нөлөөлнө.

-Засгийн газар улс төрийн хувьд хүнд шахалтад орж цалин нэмэхээс өөр арга үгүй болж байх шиг байна. Бүх яамдынхаа урсгал зардлыг танаад нэмнэ гэж мэдэгдэж байгаа?

-Цалин улс төрийн асуудал биш юм. Цалин бол эдийн засаг юм. Хэрвээ цалинг нэмэх, хасах тухай ярих гэж байгаа бол төр заавал судалгаатай, тооцоотой байж, тухайн өөрчлөлт нь бусад салбарт ямар нөлөө үзүүлэх вэ, үр дагавар нь юу юм гэдгийг давхар тооцож ярих ёстой.

Зөвхөн төсвөө харж байгаад цалинг ийм хэмжээнд нэмье гэж ярьж байгаа нь хэтэрхий явцуу, бодлогын үр нөлөөгүй, дутуу дулимаг шийдвэр болно гэж хэлмээр байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2830655/ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж