niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:02 UTC Эх: https://news.mn/r/2831517/ 9b740d9461822204… ← niitlelch.mn руу буцах

Б.Энхбаяр: Оюутолгойтой холбоотой мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2025.10.31-нд нийтлэгдсэн

LiveБ.Энхбаяр: Оюутолгойтой холбоотой мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

Б.Энхбаяр: Оюутолгойтой холбоотой мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр /2025.10.31/ 14.00 цагт эхэллээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 52
2025-10-31

Б.Энхбаяр: Авлигачдын хөрөнгийг хураахад 3 тэрбум долларын хөрөнгийг өршөөсөн хууль саад болж байна

УИХ-ын асуулгын цаг “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдэв дор өрнөж, Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Баялгийн хулгайтай тэмцэнэ гэж байгаа таны хүсэл зориг тэмцэл чинь хууль эрхзүйн хувьд яаж биежих юм. Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, иргэний журмаар нөхөн төлүүлэх тухай хуулийг засгийн газраас өргөн барьсан байгаа. Авлигын эсрэг энэ багц хуулийг та дэмжих үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газар хууль тогтоох эрх мэдэл эдэлдэггүй. Таны өргөн барьсан хууль УИХ дээр бий.

2025 оны долдугаар сарын 3-нд тухайн үеийн Хуулт зүй дотоод хэргийн сайдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг таслан зогсоох төлөвлөгөө болосврулах даалгавар өгсөн. Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж үндэслэлгүй хөрөнгөжсөн нийтийн өмчийг шамшигдуулсан ашигласан, нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцох, хулуь бусаар олсон орлогыг хураах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, саналыг долдугаар сарын 23 нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон.  Яг энэ гэмт хэргийг үйлдээд тогтоогдсон хөрөнгийг хураах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.

Байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд жишээлбэл 328 нүүрсний хулгайтай холбогдогч нарын хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэргийг хянан шалга гэсэн байгаа.

Хууль зүй дотоо дхэргийн сайд Б.Энхбаяр:

-Авлигачдын хөрөнгийг хураасаар ирсэн байдаг. Эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудлыг О.Алтангэрэл сайд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорхынхоо өмнөх өдөр  хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан. Зарчмыг нь дэмжиж байгаа.

Асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж батлуулахын төлөө байна. Үндсэн хуулиас давсан асуудлыг бол УИХ,  хууль тогтоогч дэмжих ёсгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Монгол Улс авлигын индексээр 121-д явж байгаад долоон байраар урагшилж 114-т орсон. Авлигын индексийг урагшлуулахын тулд цаашдаа ямар ажил хийх вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Авлигын индексийг бууруулахд гурван цогц бодлого хэрэгтэй юм билээ. Нэгдүгээрт, бодлогын өөрчлөлт. Дээд шатны авлигатай тэмцэж байгаагаа нотолж УИХ, Засгийн газар нь хүсэл зоригоо илэрхийлж тэмцэж байх ёстой. Энэ бодлогын өөрчлөлтийн хүрээнд бид нар төрийн өмчийн ил тод байдлыг хангуулах, төрийн оролцоог багасгах, шилэн болгох цогц бодлогын өөрчлөлтийг бодлогодоо тусгасан. Авлига, нүүрсний хулгайтай тэмцэх хүрээнд бүх гэрээг ил тод болгох зэрэг ажлыг хийсэн.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Авлигатай бүх шатанд тэмцэх ёстой. Хууль тогтоох байгууллага үлгэрлэх ёстой.

С.Ганбаатар гишүүний санаачилсан хулгай хийчихээд  УИХ -ын гишүүний халдашгүй байдлын ард нуугдаж хуулийн хариуцлагаас бултах санаачлагыг дэмжихгүй байх ёстой. Эндээс эхлэх ёстой. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.  

Авлигачдын хөрөнгийг хураахад 2015 онд УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлын  хууль гэх  нэртэй нийтдээ 3 тэрбум ам.долларын хөрөнгийг өршөөсөн хууль садаа болж байгаа.

Тэр хуульд энэ өршөөгдсөн хөрөнгүүдийг эргэж эрүүгийн хэрэг үүсгэх, гүйцэтгэх ажил хийх боломжгүй.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-УИХ дээр Оюутолгойн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулагдаж ажиллаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна.  Оюутолгойн асуудлаар 60 мянгаас дээш хуудас нотлох баримт цуглуулсан. Үүний 50-иас дээш хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамгатай байна. Оюутолгойгоос ирүүлсэн 30 мянган хуудас материал мөн байгууллагын нууц гэсэн тамгатай байгаа. Энэ тохиолдолд сонсгол хийхэд ард түмний мэдэх эрх зөрчигдөх гээд байна.

Засгийн газраас Оюутолгойтой холбоотой нууцад авсан бичгийг ил болгох боломжтой юу.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Оюутолгой төслийг Монголын ард түмэнд ашиггүй болгож байсан өндөр зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ. Яриа хэлэлцээний тактикийг нарийн задалж болохгүй. Энэнтэй холбоотойгоор Оюутлгойн зардлыг өндөрсгөж Монголын талд хүртэх өгөөжийг бууруулдаг менежежментийн төлбөрийг бууруулахаар зарчмын тохиролцоонд хүрээд  ажиллаж байна. Бодит үр дүн гарч байна.

Гэтэл яриа хэлэлцээний тактикт нөлөөлж болохуйц бүх материалыг ил тод болгох гээд байгаа нь хэний эрх ашигт үйлчлээд байна вэ гэдэг асуулт тавихад хүргэж байгаа.

Яагаад та дэд сайдаар ажиллаж байхдаа дорвитой өөрчлөлт хийх талд ажиллаагүй юм. Яагаад зээлийн хүүг бууруулах талаар ажиллаагүй юм бэ. Тэгээд одоо яриа хэлэлцээ явж байгаа үед бүх баримтыг ил болгох нь Монголын эрх ашигт нийцэх юм уу.Нийтийн эрх ашгийн төлөө хийгдэх ажил юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Оюутолгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд тодорч байгаа.  Тэр дотроо манай яаман дээр миний нууцын асуудлаар шийдвэрлэсэн тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал бас гарч ирж байгаа.

О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байгаа, гарын үсэг нь байгаа.

Энэ асуудлыг Тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар би материалыг нь бэлдэж дууссан байгаа. Нууцаас гаргуулсны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна.

УИХ-ын асуулгын цаг дууслаа. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байгаа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "УИХ-ын дэд даргыг огцруулах, УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасаж байна" гэж мэдэгдэв.

Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байгын хороо тус бүр хуралдаж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах тов гараагүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр УИХ-ын дэд даргыг огцруулах, УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа.

16 : 33
2025-10-31

Г.Занданшатар: Ирэх онд багш, эмч нарын суурь цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ

УИХ-ын асуулгын цаг “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдэв дор өрнөж, Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулт өглөө.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ядуу иргэдээ дундаж давхарга руу, дундаж давхаргаа чинээлэг давхарга руу оруулахад төрийн бодлого чиглэх ёстой. Гэтэл манайд гуравны нэг нь ядуурлын байдалтай, гуравны нэг нь ядууралд маш ойрхон түвшинд байна. Яагаад нөхцөл байдал ийм болов, яагаад дундаж давхаргыг хавчих бодлого явуулав?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Дундаж давхарга бол дийлэнх Монгол зон олон байх ёстой. Өмч хувьчлалаас эхлээд манай эдийн засгийн бодлогын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн бүтэц алдагдсан, үйлдвэрлэх хүчин алдагдсанаас болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, аж үйлдвэржилт багатай болсон. Дундаж давхарга бол ажилчин анги. Хамгийн гол дундаж давхарга бол эмч, багш нар.  Тэгтэл 1992 онд өмч хувьчлалын дараа 480 мянган иргэн ажлын байргүй болж, 4800 үйлдвэр аж ахуй газрыг хувьчилж үндсэндээ дампуурал руу шилжиж ажилгүй болсноос эхлээд хөнгөн үйлдвэр хөдөө аж ахуйн эдийн засаг байсан бол уур уурхайн эдийн засагтай улс болж, ажлын байр шингээдэг үйлдвэрлэлийн слбар унаснаас гадаад худалдааны бодлого,  Дэлхийн худалдааны байгууллагад элссэн бодлого,  импорт, татварын бодлого, Мөнгө ,зээлийн бодлого цогц шийдлүүд үндсэндээ буруу томъёоллоор зохицуулалтгүйгээр явснаас болж дундаж давхарга багассан. Албан ёсны статистик тооцоогоор 48 хувийн дундаж давхаргатай гэж үзэж байна, 2022 оныхоор.  

Дундаж давхарга бол эмзэг байна.  Дэлхийн банкны тооцооллоор инфляци 10.3 хувь болж 1 хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляци, зээлийн дарамтаас үүдэн ядуурал руу шилжих эрсдэлтэй байна гэсэн нь сорилт юм. Ийм учраас эдийн засгийн бүтцээ өөрчлөх 2026-2030 он хүртэлх таван жилийн үндсэн чиглэлийг өргөн барьж байгаа. Эдийн засгийн бүтэцээ өөрчилж, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлого хэрэгжүүлнэ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Багш, эмч нарын цалинг нэмнэ гэхээс илүү бүтээмжийн тухай асуудлыг онцгойлон ярихаас аргагүй, цалин хөлс нэмэх бодлогоо тодорхойлж хэлж өгөөч.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өнгөрсөн гурван жилд багш нарын цалинг  жил бүр 10 хувиар нэмж байгаад 30 хувьд хүргэнэ гэсэн гурван талт хэлэлцээр байгуулсан юм билээ, т үүнийгээ өнгөрсөн хоёр жил хэрэгжүүлээгүй юм билээ.

Өмнөх Засгийн газарт эдийн засгийн асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр ажиллаж байсан. Алт, нүүрсний үнэ өндөр, төсөв тэлж данхайж байхад та энэ асуудлыг асууж байсан бол нэг жилийн өмнө ч болов багш нарын цалинг нэмэгдүүлэх байж. 

Бид бусдаасаа хоёр дахин ачаалалтай ажиллаж байгаа нийслэлийн багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдэл гаргаж байгаа шийднэ. Бүтээмж гүйцэтгэлд суурилсан цалингийн реформ хийхээр төлөвлөж байна. 2026 оноос багш эмч нарын суурь цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ.

 

15 : 17
2025-10-31

Ж.Батсуурь: УИХ-аа горимд оруулж, Засгийн газрынхаа ажлыг хийлгэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн асуудал үүссэнээр гишүүдийн дунд маргаан үргэлжиллээ. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Б.Пүрэвдорж дарга аа, өчигдөр Даргын дэргэдэх зөвлөл дээр УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэх тов гаргасан. Бүлгийн шийдвэрээ УИХ-д танилцуулаад санал хураалт явагдах ийм заалт байгаа. Та хоёр асуудлыг хольж хутгахгүйгээр тов дараалалд орсон асуудлыг хэлэлцүүлээд явчихвал талархах байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-А.Ариунзаяа гишүүн ээ, Х.Баасанжаргал гишүүн ээ, та хэд минь яасан ч дураараа юм бэ.

Танай бүлэгт өнөөдөр Жавхлангийн “Яасан ч дураараа юм бэ” гэдэг дууг захиалаад өгчихмөөр санагдаж байх чинь харин.

Юу яриад байдаг юм бэ. Сүүлийн нэг сар танай бүлэг УИХ-аар тоглоод дууслаа. Энийгээ зогсоо л доо.

Даргын дэргэдэх зөвлөл хуралдахгүй гэж байсан хуралдсан. 15 хан минут хуралдсан. Та бүхэн бүтэн сар жүжиг тоглочихоод үйл ажиллагааг нь жигдрүүлээд өгье, цааш нь аваад явъя гэхээр барьж идчих гээд байдаг нь ямар учиртай юм. Х.Баасанжаргал гишүүн өөрөө хэлээд байна ш дээ,

Үндсэн хуулийн тодорхой заалтын нэгдүгээрх нь тогтоол. Хоёрдахь нь Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн юм гэдгийг нотолсон юмаа гэлээ. Нотолчихсон юм бол бидний өргөсөн тангараг дээр “Би Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, иргэнийхээ эрх чөлөөг дээдлэн хамгаалж Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө чин үнэнчээр зүтгэнэ. Хэрвээ тангаргаасаа няцвал би хуулийн хариуцлага хүлээнэ” гэж цуварч зогсож байгаад бүгдээрээ тангараг өргөсөн юм байгаа биздээ. Х.Булгантуяаг хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн Цэц тогтоосон гэлээ. Тэгэхэд дур дураараа нэг юм болонгуут өнөөдөр хэлэлцэнэ, Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулахгүйгээр хэлэлцэнэ, эсвэл оруулахаар хэлэлцэнэ гэх юм бол энэ нөхцөл байдал эрэмбэлэгдэхгүй.

Жилийн жилд Улсын төсвийг хоёроос гурван сар маш нухцтай хэлэлцдэг байсан, энэ намар төсвөө хэлэлцсэн тохиолдол бий билүү. Одоо төсөв батлахад 10 гаруйхан хоног үлдчихээд байна. Ийм нөхцөл үүсэнгүүт буруу болохоор бусдын буруу.  Сөрөг хүчин яасан гэнэ үү.

Та нарыг алийгаа алдчихаад байхад нь бид нар орж ирж харин эв дүйг чинь олуулж байгаа ш дээ. Унасан дээр нь дэвсэлбэл дэвслэх л байсан. Яалгах гээд байгаа юм.

Тийм болохоор ингэж дураараа байж болохгүй. Өнөөдрөөс эхлээд УИХ-аа горимд оруулж, Засгийн газрынхаа ажлыг хийлгэ.

Төсвөө баталъя, цалин мөнгөө ямар эхү үсвэрээр нэмэх гэж байгаа юм. Ямар эх үүсвэрээс  танах юм. Энэ нөхцөл байдлаа яръя. Хэчнээн сараар маргасан маргаанаа зогсоож болдоггүй юм уу.

А.Ариунзаяа гишүүнээс гуйж байна, юм болгоныг дураараа тайлбарлана. Хуулиа уншихгүй, Үндсэн хуулиа дэвсэлнэ. Үндсэн хуулийг духан дээрээ наачихаад ард түмэнд гангарна, какарна.

Өөрсдийнхнөө ч хайрлахгүй, өөрийгөө ч хайрлахгүй, сөрөг хүчнээ ч хайрлахгүй, Монголын ард түмнийг ч хайрлахгүй. Яачихсан улс юм. Юм хэлэхээр яр яр гээд урдаг нохой шиг. Та нарыг ч гэсэн үг хэлэхэд хэлүүлэхгүй байвал яах юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: 

-Хэлэлцэх асуудлын гурав, дөрөвт УИХ-ын дэд даргыг томилох, чөлөөлөх асуудал байгаа. Одоо Ерөнхий сайдын мэдээллийн цагийг эхлүүлэх хэрэгтэй байна. Асуудлаа хаавал яасан юм бэ, Б.Пүрэвдорж дарга аа.

Ингэснээр УИХ асуулгын цагаа эхлүүллээ. УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийг 14:00 цагт болдог. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдэв дор өрнөж байна. Дээрх сэдвийн хүрээнд гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайд хариулт өгч байна.

 

14 : 21
2025-10-31

О.Амгаланбаатар: Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах ёстой

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Монгол Улсын Үндсэн хуулиас хэд хэдэн зүйл уншиж өгье. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 2-р бүлэг, 14-р зүйлийн 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг.

Манайхан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. ҮХЦ-ийн шийдвэр гарч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн. УИХ-ын дэд дарга гэж байхгүй шүү. Тэгэхээр Х.Булгантуяа гэдэг хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монголд хуулийн өмнө бүгд адил тэгш байх Үндсэн хууль зөрчигдөнө. Би эмэгтэй хүн гэж давуу байдал олохыг оролдож байгаа этгээдүүдээс болж, хариуцлага тооцохгүй байж болохгүй. 

УИХ-ын дарга Б.Пүрэвдорж:

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн албан тушаалтантай холбоотой асуудлыг Дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн дагуу ҮХЦ-ийн дүгнэлтийг 7 хоногт хэлэлцэх ёстой. Өнөөдөр найм дахь өдөр болсон. Би УИХ-ын дэд даргын үүргийг огт гүйцэтгэхгүй байгаа. Хуралдаан даргалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ҮХЦ-ийн шийдвэрийн асуудлыг цаг хугацаанд нь оруулах тухай асуудлыг УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Х.Булгантуяа болон УИХ-ын дэгийн зөвлөх ажилтай Б.Баасандорж нар хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай  нь нэг өдөр өнгөрөөд явж байна. Тиймээс өнөөдөр УИХ-ын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. О.Амгаланбаатар гишүүн ҮХЦ-ийн дүгнэлтээр зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороогоор шийдвэрлүүлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хэн нэгэн Х.Булгантуяа, С.Одонтуяадаа асуудал байгаа юм биш. Хууль дээдлэх, сахиулах үүргээ эндээ ярьж, шийдэх ёстой. Үндсэн хууль маань ард түмэнтэй байгуулсан гэрээ учраас хэн ч гишгэж болохгүй. Та ч гэсэн хуралдаан даргалж байгаа бол ажлаа хий. Хуулиа сахиулаад, хэлэлцээд явахгүй бол энэ улсад хэн хуулиа биелүүлэх юм бэ.Тэр тусмаа Үндсэн хуулиа дээдэлж, сахих ёстой. Эсвэл танай МАН тарах л болж дээ. 

14 : 10
2025-10-31

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авлаа

Монгол Улсын Засгийн газар Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж байна. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүдээс 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүсэлт хүргүүлэх тухай УИХ 0312415 дугаартай албан бичиг ирүүлснийг уншиж танилцууллаа. УИХ-ын гишүүд бид бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслийг дахин нягталж, хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор татан авах саналтай байна гэв. 

14 : 06
2025-10-31

Чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 76 нь оролцож байна

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Чуулганы хуралдаанд 126 УИХ-ын гишүүнээс 76 нь ирж, хуралдааны ирц 56.3 хувьтай байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. 

1. УИХ-ын асуулгын цаг

2.УИХ-ын дэд даргыг огцруулах тухай 

3. УИХ-ын дэд даргыг сонгох тухай

4.Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

14 : 01
2025-10-31

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэнэ

Хуралдааны товын дагуу өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болон УИХ-ын асуулгын цаг товлогдсон байна. Мөн өчигдөр /2025.10.31/-нд хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулаад буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж