НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын дэд даргаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чөлөөлж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. УИХ-д удаа дараа сонгогдон ажиллаж байгаа туршлагыг харгалзан үзэж дээрх нэр дэвшүүлэлтийг хийсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгт оруулж, олонхийн саналаар шийдвэрлэсэн болохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдлээ. Хуульд зааснаар УИХ-ын дэд даргыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах учиртай. Иймээс энэ асуудал УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлэж мэдэх юм.
УИХ-ын даргаар хэнийг томилох вэ, энэ асуудлыг хэзээ шийдэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Одоохондоо арай болоогүй байна. Шат дараатай шийдвэрлэнэ" гэдэг хариулт өглөө.
МАН-ын Их хурал арвннэгдүгээр сарын 15, 16-нд товлогдсон. Тус хурлаар тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэн томилох вэ гэдгээ УИХ дахь МАН-ын бүлэг эцэслэн шийдэх чиг барьж байж мэдэх нь.
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгож, тамгаа авав
НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгожээ. Улмаар бүлгийн даргын тамгыг өмнөх бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хүлээлгэн өгчээ. Түүнийг энэ удаагийн ээлжит бус бүлгийн хурлаас УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг энэ цаг мөчид Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангах, маргаантай байгаа бүлгийн даргын асуудлыг нэг мөр шийдвэрлэх, УИХ-ын дэд даргын асуудал зэрэг багтжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хоёр талд хуралдсан. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг дэмжигч бүлэг, Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг дэмжигч бүлэг тус, тусдаа хуралдсан. Харин өнөөдөр нэгдсэн байдлаар хуралдаж байгаа ажээ.
Хоёр хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдаж, нам дотроо үүсээд байгаа талцал хуваагдлыг нэг талд нь гаргаж, эвлэрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж байгаа юм. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бас бий. Үүний нэг нь хууль. Хуулийг давж хэлэлцдэг, ярьдаг зүйл хаана ч байхгүй. Хуулийн асуудал бол тусдаа. Хууль шүүхээр явах асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Мөн Ажлын хэсэг төрийн хэрэгт оролцохгүй.
Эхлээд хоёр талд гараад суучихсан байгаа МАН-аас сонгогдсон гишүүдийг нэг болгож, төрийн ажлаа хамтдаа ярьдаг байдлыг бий болгохын төлөө ажиллана.
Аль аль талтай нь сайхан ярилцаадахъя. Дараа нь ойлголцох талаас нь ярина. Улс орныхоо эрх ашгийг харж, аль аль талд байгаа хүмүүс нь эв зүйгээ олоод нэгдчих байх гэж итгэж байна” гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болчихоод буй. Тэгвэл “Бүлгийн хурлаа дүрмийн дагуу зохион байгуулаад тамгаа аваарай” гэх үг дайгаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгож магадгүй гэх яриа гарч эхлээд байна. Нэг ёсны УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр дээрх албанаас чөлөөлөх асуудал яригдаж байж мэдэхээр буй.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ