Эмч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьд хүргэх, нормын хувцас, эмнэлгийн урсгал засварын зардлыг улсын төсөвт суулгаж өгөх шаардлага тавин, энэ асуудлыг тав хоногт багтаан шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан.
Энэ хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан байна. Гэвч эмч, ажилтнуудын зүгээс тавьсан үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газар биелүүлэх боломжгүй гэдэг хариуг дахин өгчээ. Иймээс одоогоор дараах 14 эмнэлэг ажил хаялтад албан ёсоор нэгдсэн аж. Үүнд,
- Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв,
- Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв,
- Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг,
- Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв,
- Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг,
- Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг,
- Багануур дүүргийн эрүүл мэндийн төв,
- Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг,
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв,
- Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор, Орхон сумдын эрүүл мэндийн төв,
- -Хөвсгөл аймгийн Зоонозын төв зэрэг эмнэлгүүд бүх ажилчдын хурлаа хийж, ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ.
Одоогоор улсын нэгдсэн томоохон эмнэлгүүдээс эхлээд бусад эмнэлгүүд ажил хаялтад нэгдээгүй байгаа ч үлдсэн хоёр хоногт цалингийн асуудлыг шийдвэрлэхгүй бол тэдний хувьд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаа аж.
Эрүүл мэндийн салбарынхан гурав хоногийн өмнө энэхүү асуудалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Заасан хугацаанд Засгийн газар асуудлыг шийдвэрлэхгүй бол орон даяар ажил хаяна” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “Хүний амь нас эрстэж, эрүүл мэндээрээ хохирвол эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмээгүй төр хариуцаарай” гэдгийг бас давхар сануулсан юм.
Харамсалтай нь, төр засаг өнөөдрийг хүртэл ойлголцолд хүрч чадаагүй сууцгааж байна. Олон нийтийн зүгээс эл асуудалд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд төр засаг чихгүй мэт царайлж болохгүйг ч сануулж буй. Учир нь иргэдийн амь насны асуудал яригдаж байгаа энэ үед цаг алдалгүй ойлголцолд хүрч шийдэл олох нь төр засгийн үүрэг болж байна.
Цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг энэ удаад зөвхөн эрүүл мэндийн салбарынхан хөндсөнгүй. Боловсролын салбарынхан мөн энэ асуудлыг тавьж ажил хаялт зарлаад 10 гаруй хонож байна. Эмч нарын нэгэн адил үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан. Засгийн газрын зүгээс багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж байхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч багш нар шаардлагаа бодит болтол ажил хаялтаа зогсоохгүй үргэлжлүүлнэ гэдгээ сануулсан. Ингэснээр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудаас гадна цэцэрлэгүүд мөн ажил хаялтад нэгдсэнээр эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг томоохон асуудалтай энэ өдрүүдэд нүүр тулаад байна.
Харамсалтай нь шийдэл гарц хайх ёстой шийдвэр гаргагчид нь улс төрдөө халуурсаар хоёр том салбарынх нь нэг нь ажил хаясан, дахиад араас нь эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтад бэлтгэж байгааг харах сөхөөгүйгээр тамганы төлөө тэмцэлдэж байна. Хүний амь нас эрсдэлд орвол төр хариуцах уу…
Г.ХОРОЛ
3,607.57















































