Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгчөөр таныг сонгожээ. Тэгэхээр танай холбооны гол зорилгыг сонирхож болох уу. Мэдээж танд хийхээр төлөвлөсөн, зорьсон ажил цөөнгүй байгаа байх?
-Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны дотоод сонгууль өнгөрсөн Бямба гаригт /2025.10.25/ болсон. Энэ сонгуульд өрхийн эрүүл мэндийн ажилчид, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дунд дотоод сонгууль явагдсан. Дотоод сонгуулийн хурлын үеэр миний бие холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авч ажиллахаар болсон. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь улсдаа үйл ажиллагаа явуулж буй хамгийн том төрийн бус байгууллага гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар 4000 эмч, сувилагч эмнэлгийн ажилчин бүртгэлтэй байдаг. Одоо холбооны үйл ажиллагаа жигдэрсэн гэж нэг үгээр хэлж болох байх.
Намайг уг үүрэгт ажлыг авахаас өмнө холбоог Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа удирдаж байлаа. Түүний үргэлжлүүлэн хийх нь нэр хүндийн хэрэг бөгөөд цаана нь давхар хариуцлага яригдаж буй.
Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гол зарчим нь ажилчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг сайжруулах, үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршдог. Тиймээс шинэ реформыг хийхээр төлөвлөж байгаа. Шинэчилсэн реформ хийхийн зэрэгцээ одоо хэрэгжиж буй ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Нөгөөтэйгүүр, холбоонд сайжруулах хэд хэдэн асуудал байсан. Ямар ч байгууллага дээр сайжруулах зүйлс байдаг.
-Шинэчилсэн реформ хийнэ гэлээ. Жишээ нь, ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байна?
-Өрхийн эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон төрлийн шинжилгээг хийж чаддаг болгохыг зорьж байна. Нэг талаараа олон төрлийн шинжилгээ гэхээр шууд үнэтэй тоног төхөөрөмж худалдаж авахыг бодож болохгүй. Харин ч цомхон, энгийн хэрнээ хүнд хүртээмжтэй байдлаар хийхийг төлөвлөж байна. Тухайлбал, эмч өрөөндөө шинжилгээ авах боломжоор хангана. Нөгөөтэйгүүр, мобайл технологи тал рүү чиглэж ажиллана гэж бодож байгаа. Өрхийн эмнэлэг дээр иргэд үйлчилгээ авахаар очиход эмч нар нарийн шинэжилгээ хийдэг байх нь чухал.
Түүнээс гадна эмч, өвчтөн хоёр бус эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Ядаж өрхийн эмнэлэг хөдөө, орон нутгийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг болон гуравдугаар шатлалын эмнэлгүүд хоорондоо нэг болж хамтын ажиллагааны хүрээнд ажиллана. Монголоос бусад улсад өрхийн эмнэлгүүд эргэн тойронд байрлах хувийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа явуулдаг. Хамтын ажиллагаа талаараа Тайвань улс энэхүү туршлагыг сайн хэрэгжүүлж ирсэн байдаг.
-Иргэдэд анхан шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг газар бол өрхийн эмнэлэг. Гэхдээ өрхийн эмнэлгийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур явдаг. Өрхийн эмч нарын ур чадвар болон техник, технологийг нь сайжруулахгүйгээр реформ хийх боломжгүй?
-Тийм ээ. Өрхийн эмнэлгээс үйлчилгээ авсан иргэд эмч нарын ур чадвар тал дээр гомдол, мэдээлэл шүүмж хэлсээр ирсэн. Миний хувьд уг асуудалд гаргалгаа гаргах талаас өрхийн эмнэлэгт тэтгэвэртээ гарсан, зөвлөх зэрэглэлийн өндөр, нарийн мэргэжлийн эмч нартай шифийн холбоо, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээг үзүүлэх бодолтой байгаа. Тухайлбал, тус хороо, дүүрэгт өндөр туршлагатай болон зөвлөх зэрэглэлийн эмч амьдарч байвал өрхийн эмнэлэгтэй холбож, зөвлөх зэрэглэлийн эмч өрхийн эмнэлэгтэй хамтарч ажиллана гэсэн үг. Ингэснээр гавъяат эмч нар өрхийн эмнэлэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагдана. Тиймээс зөвлөх зэрэглэлийн эмч нарын бүртгэлийг хийж эхэлсэн бөгөөд ойр байрлах өрхийн эмнэлэгтэй холбох ажлыг удахгүй хийнэ. Үндсэндээ зөвлөх эмч долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч болон залуу эмч нарт ажил мэргэжилтэй холбоотой сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх боломжоор хангана. Гэхдээ тухайн зөвлөх эмчид өрхийн эмнэлэгт орж буй орлогоос цалинжуулах нөхцөлөөр хангана. Ингэж чадварлаг, чанартай эмч нараар өрхийн эмнэлэг бүрдэнэ. Мөн зөвлөх эмч нартай урт хугацааны хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж харж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, үнэгүй аливаа зүйл урт хугацаанд үргэлжлэх хэцүү байдаг.
Нэг эмчид харьяа дүүргийн 1800-2000 хүн ногддог гэх судалгаа бий. Тийм учраас өрхийн эмч 1800-2000 хүний эрүүл мэндийн асуудал бүрийг өөрийн бие мэт сайн мэддэг байх шаардлагатай.
Тэгж байж зөв эмчилгээ хийгдэнэ гэсэн үг юм. Иймээс өрхийн эмч нар маш тогтвортой ажилламаар байна. Эмч тогтвортой ажиллахын тулд цалин, нийгмийн асуудал тулгардаг. Иймд, өрхийн эмч нарыг мэдлэг боловсрол, өсч дэвших боломжоор хангах нь чухал юм. Тэгж байж эмч нар өрхийн эмнэлэг дээр урт хугацаагаар ажиллах нөхцөл байдал нь үүснэ. Тиймээс олон жил сурч төгссөн эмч нарын мэдлэг, туршлага, цалин нь хязгаарлагдмал байж болохгүй. Сүүлийн үеийн өрхийн эрүүл мэндийн салбарт дижитал технологийг ашиглах шаардлага цаг үеэ дагаад нэмэгдэж байна. Тиймээс дижитал технологийг ашиглаад эхэлбэл иргэдийн өрхийн эмч байхгүй, ирэхгүй байна гэдэг гомдол мэдээлэл буурч, үр дүн гарна. Нэг үгээр хэлбэл, эмч тухайн өвчтөнг үзсэн бүртгэл мэдээлэл дата санд хадгалагдана гэсэн үг юм. Энэ мэчилэн ажлыг хийхээр төлөвлөж ажиллаж байна.
-Анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хамгийн чухал газар голдуу залуу эмч нарыг хуваарилдаг. Энэ хэр зөв шийдэл гэж та бодож байна?
-Өрхийн эмнэлэгт сургуулиа төгсөж ирсэн залуу эмч нар ажилладаг. Үзүүлэхээр ирсэн иргэд үүнийг ойлгож хүлээж авах нь чухал. Залуу эмч нарын хувьд өвтөнтэй дутуу дулимаг байдлаар харилцах тохиолдол өрхийн эмнэлэг гэлтгүй гардаг. Тиймээс залуу эмч нарыг сургалтад хамруулахаас гадна эмч нарыг бэлтгэж буй их дээд сургуулиудтай хамтарч ажиллана. Холбооны хүрээнд эмч нарт зориулсан сургалтын хөтөлбөр гаргана. Мөн эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтарч эмч нарын ур чадвар, харилцаа хандлага руу чиглэсэн сургалтыг явуулах хэрэгтэй байгаа. Залуу эмч нар уг сургалтуудад ажлын байранд гарсан үедээ бус суралцаж байх хугацаандаа хамрагдах боломжийг хайж байгаа. Өрхийн эмнэлгээс үйлчилгээ авахаар ирсэн өвчтөний мэндийг мэдэх, цаашлаад үзүүлж дууссаны дараа тухайн хүндээ хурдан эдгээрэй гэх эерэг үгийг хэлж хэвшсэн байвал зүгээр байдаг. Иймээс өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо энэ тал руу анхаарч ажиллах төлөвтэй байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэндээ ихээхэн анхаардаг болсон. Иргэд цаг алдахгүй өрхийн эмнэлэгтээ үзүүлсний ач тус хэр гардаг вэ?
-Өрхийн эмч нар Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг эрс нэмэгдүүлсэн гэж үзэж болно. Одоогоос 30 гаруй жилийн өмнөх Монгол хүний дундаж наслалттай харьцуулбал өнөөдөр дундаж наслалт 72 болсон. Тодруулж хэлбэл, эмэгтэйчүүд 76, эрэгтэйчүүд 67 насалж байна. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт 10 жилийн зөрүүтэй байна. Өрхийн эмч нар сайн ажилласаны үр дүнд Монгол Улсын иргэдийн дундаж наслалт нэмэгдсэн гэж боддог.
Үүнээс гадна нас баралтын шалтгааныг бууруулах дээр анхаарах ёстой. Сэргийлж болох нас баралт гэж байдаг. Энэ асуудал дээр салбар яамнаас дуугардаг. Хэрэв урьдчилан сэргийлж чадвал Монголын нөхцөлд нас барахгүй байх боломжтой өвчнүүд бий. Монголчуудын хувьд нас баралтын шалгаанаар тэргүүлж буй өвчнүүдэд зүрх судасны өвчлөл, хорт хавдар болон элэгний өвчин, амьсгалын замын өвчнүүд байдаг. Энэ хэдэн өвчин дээр онцгой анхаарч, нас баралтыг бууруулахад онцгой анхаарч эхэлсэн. Өнөөдөр нөхцөл байдлаас харж үзэхэд өрхийн эмнэлгийн эмч нарын үүрч байгаа ачаалал дэндүү их. 100 гаруй үйлчилгээг өрхийн эмч хийх ёстой гэсэн заалттай. Гэхдээ миний хувьд чухлыг нь чанартай, өндөр түвшинд хийж гүйцэтгэх ёстой гэж боддог. Энэ зарчим руу явахын төлөө Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Цаашлаад 100 гаруй үйлчилгээг цөөлж, чанартай үйлчилгээ рүү илүү анхаарч, нас баралтыг бууруулахад анхаарч ажиллана гэж бодож байна.
-Алслагдсан өрхийн эмнэлгүүд төвийн халаалтад бүрэн холбогдоогүй. Энэ нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд холбооны ерөнхийлөгчийн хичээл зүтгэл бас чухал байх?
-Төвийн шугамд бүрэн холбогдоогүй эмнэлгүүд байдаг. Тэр эмнэлгүүд дээр өвлийн улиралд урсгал зардал дэндүү өндөр гардаг. Нэг талаар олгогдож байгаа төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байдаг. Харин төвийн халаалтад холбогдсон өрхийн эмнэлгүүд урсгал зардал нь халаалтад холбогдоогүй эмнэлгээс бага гардаг талтай. Өрхийн эмнэлэгт тулгамдаж буй асуудал бүр харьцангуй өөр өөр байдаг гэдгийг эндээс харах хэрэгтэй. Энэ бол Засгийн газар, салбар яамны онцгой анхаарах хэрэгтэй асуудлын нэг юм. Дэд бүтцийн хувьд гуравласан гэрээтэй байгууллага учраас төр хариуцаж ажилладаг учиртай.
-Өрхийн эмнэлэгт тогтвортой, урт хугацаагаар ажиллах эмч нар цөөрсөн гэж байна. Хүний нөөцийг хэрхэн бүрдүүлж байна. Зарим тохиолдолд эмч нар өвчтөн үзэхээс илүүтэй албан бичигт дарагдсан харагддаг. Энэ тал дээр ямар шинэчлэл хийхээр болсон бэ?
-Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг Монгол Улсын хэмжээнд харьцангуй өндөр гэж үздэг. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар эмчийн тоогоор дутагдаж эрсдэлтэй байдалд орсон зүйл алга байна. Хамгийн гол нь туршлагатай, тогтвор суурьшилтай ажиллах эмч ховор байна. Өрхийн эмнэлэгт эмч нар тогтвор суурьшилтай ажиллаж өгөхгүй байгаад асуудал байгаа юм. Үүнийг сайжруулахын тулд хоёр алхмыг хийх шаардлагатай байсан. Үүнээс гадна байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал. Өрхийн эмнэлэг нь шууд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү чиглүүлэхээс илүү хоёрдугаар шатлалын эмнэлэг рүүгээ, хоёрдугаар шатлалын эмнэлэг нь гуравдугаар шатлалын эмнэлэг рүү чиглүүлэх зарчмыг салбар яам баримталдаг. Тиймээс энэ зарчимаар үйл ажиллагаа явуулах нь чухал юм.
Нөгөөтэйгүүр, өрхийн эмнэлгийн эмч нарын бичиг цаасны ажлыг багасгах шаардлага үүссэн гэж харж байгаа. Бичиг цаасны ажил хэт их байх нь эмч нарын үндсэн ажлаа хийх цаг хугацаа, ажлын явцыг удаашруулдаг. Тэгэхээр бичиг цаасны ажлыг тодорхой хэмжээнээс хэтрүүлж болохгүй юм. Эмч бичиг цааснаас илүүтэй өвчтөнөө үзэх, эмчилгээ, хяналт дээрээ илүү анхаарах ёстой. Мөн өрхийн эмнэлэг дээр дааж давшгүй стандартыг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна. Өрхийн эмнэлэг бол хамгийн энгийн анхан шатны цомхон бүтэц учир хэт их стандарт мөрдүүлэх нь буруу юм шиг. Дэлхийд хүртэл энэ жишгээр ажил явагддаг.
3,607.57






















































Холбоотой мэдээ