Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлд маш ноцтой мэдээлэл ирсэн. Тодруулбал, полиакриламид гэх бодис агуулсан барьцалдуулагчийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх мэдээлэл ирсэн. Энэ бол ноцтой, эмзэг асуудал юм. Үүнтэй холбогдуулан ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахаар нийслэл хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллана. Иргэдэд мэдээлэхэд, одоо худалдаалагдаж байгаа түлшинд хортой бодис байхгүй.
Бид өдөр бүр мэргэжлийн байгууллагуудаар лабораторийн шинжилгээ хийлгэж, хүхэрлэг хий болон тоосонцрын хэмжээг тогтмол хэмжиж байгаа.
Одоогийн байдлаар ‘Тавантолгой түлш’ ХХК-д барьцалдуулагчийн нөөц гуравдугаар сарыг дуустал хүрэлцэхээр байгаа. Мөн уг барьцалдуулагчийн лабораторийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй нь тогтоогдсон. Тиймээс одоо худалдаалагдаж байгаа түлшийг иргэд эргэлзэлгүй хэрэглэх боломжтой. Мөн Агаар, орчны чанар, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өдөр бүр борлуулалтын цэгүүдээс түлшний дээжийг санамсаргүй түүврийн аргаар авч, хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний үр дүнд бодитой мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх юм.
Хилийн боомтод ирсэн барьцалдуулагчтай холбоотой асуудлаар хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж, шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
Ер нь жил бүр барьцалдуулагч худалдан авах тооцоо, төлөвлөгөө гаргадаг. Гэхдээ бид шохойн суурьтай бус, байгалийн гаралтай, эрдэнэ шишийн суурьтай барьцалдуулагч авах байр суурьтай байгаа. Тиймээс худалдан авалтаа урд хөршөөс хийдэг. Худалдан авалттай холбоотой ноцтой нөхцөл байдал үүссэн тул энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж, тодруулна” гэлээ.
3,607.57






















































Нэргүй 3 минутын өмнө 66.181.182.86
Чөлөөлөх биш- халах