Засгийн газрын өнөөдрийн /2025.10.29/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар дараах мэдээллийг өглөө.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.БАТ-АМГАЛАН:
-Төрийн оролцоотой баригдаж байгаа орон сууцнууд Улаанбаатар хотод түлхүү бий. Нийслэлийн хэмжээнд есөн байршилд 2025-2028 оны хооронд 21694 айлын орон сууц ашиглалтад орохоор баригдаж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас багш, эмч болоод төрийн албан хаагч нарыг эдгээр орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг миний бие ахалж, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад сайд нар багтаан байгуулсан. Энэ он дотроо багтаад ажлын хэсэг дээрх асуудалтай холбоотой шийдлийг танилцуулах үүрэг хүлээлээ.
Тэргүүн ээлжинд дээрх 21694 айлын орон сууцанд багш, эмч, төрийн албан хаагч нарыг хамруулах юм. Урьдчилгаа багатайгаар буюу 5-10 хувийн урьдчилгаа төлж, ипотекийн зээлд хамруулах боломжийг судлах юм.
Мөн ажлын хэсэг ипотекийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг судална гэлээ.
Сануулахад, энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад орох юм байна.
Эрүүл мэндийн сайд Ж.ЧИНБҮРЭН:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 0-6 насны хүүхэд нь ханиад, томуугийн халдвар авсан бол төрийн албан хаагчид цалинтай 5 хоногийн чөлөө олгох шийдвэрийг гаргалаа. Хувийн хэвшлийн удирдлагыг мөн ажилчиддаа цалинтай тав хоногийн чөлөө олгооч гэдгийг уриалж байгаа юм.
Ханиад хүрсэн хүүхдэд асаргаа чухал. Хоол унд сайтай байж, хамрынх нь битүүг нь байнга арилгаж, даарч хөргөхгүй байвал хүндрээд хатгаа болчихгүй байдаг.
Энэ жилийн хувьд 300 мянган тун вакцин хийлгэх зорилттой ажилласан. Вакцинжуулалт өнөөдрийн байдлаар 97 хувьд хүрээд үлдэгдэл вакцингүй шахам болсон. Ирэх жилээс вакцины захиалгаа нэмж өгөх шаардлагатай юм байна. Зургаан сартайгаас 6 нас хүртэлх хүүхэд 300 мянга гаруй байдаг бол бид 45 хувийг вакцинд хамруулсан. Ханиад хүрвэл хүндрэх эрсдэлтэй хүүхдэд вакцин хийсэн. Ирэх жилээс тунг нэмэгдүүлнэ гэлээ.
Өнөөдөр 6600 тонн автобензин ирнэ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ:
-Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензины хомстол болж чирэгдэл учирлаа, ард иргэдээсээ уучлал хүсье.
Олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар “Автобензин тасарч байна” гэдэг мэдээлэл явуулснаар хомстол үүслээ.
Үндсэндээ бид энэ асуудлыг бүрэн шийдэж, импортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтэй өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт холбогдож, тодорхой дэмжлэг хүссэний хүчинд нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөдөр 22:00 цаг гэхэд 110 цистерн бензин ирнэ, энэ нь 6600 тонн гэсэн үг. Өмнө нь өдөрт орж ирдэг байсан хэмжээнээс гурав дахин их нийлүүлэгдэж байна гэсэн үг.
Мөн өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний тэргүүн дэд сайдтай миний бие, яам, агентлагийн холбогдох төлөөлөл, нефть импортлогч компаниудын төлөөлөл, Монгол Улс руу нефтийн бүтээгдэхүүн экспортолдог “Роснефть”, “Газпром” зэрэг томоохон компаниудыг оролцуулсан теле хурал хийлээ. Энэ хурлын үр дүнд Монгол Улсад нийлүүлэгдэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй байлгах, ОХУ -ын төмөр төмөр замын нийгэмлэгийн төлөөллөөс бас байсан, сааталтгүй тээвэрлэх зэрэг асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ.
ОХУ -д дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаа учраас найрсаг хөршийнхөө хүрээнд бүх талаар тусалж дэмжинэ гэдгээ ОХУ-ын Засгийн газраас илэрхийллээ. Ирэх Баасан гаригт ажлынхаа явцын талаар дүгнэж дахин теле хурал хийнэ, Мөн байнгын ажиллагаатай шуурхай удирдлагын багийг хоёр талаасаа гаргаж ажиллана. ОХУ-ын Эрчим хүчний яамны Газрын тос хариуцсан газрын дарга, манай яамны Газрын тос хариуцсан газрын дарга нар байнга холбогдож ажиллах шийдэлд хүрсэн.
БНХАУ-ын талтай холбогдож, яаралтай арга хэмжээ авах шийдвэрт хүрснээр ирэх сард 15500 тонн АИ-92 автобензин авахаар гэрээ хэлцэл хийсэн.
Өчигдөр орой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан өчигдөр надад мэдээлэл өгөхдөө 2500 тонн АИ-92, 2500 тонн ДТ Хятад улсын Хөх хотоос ачигдсан гэдэг мэдээлэл өглөө. Манай улсы нутаг дэвсгэр лүү удахгүй орж ирнэ.
Шок дууссан, бусад шатахууны нийлүүлэлт хэвийн байна. АИ-92 автобензины хомстолоос АИ-95 бензин нэлээд хэрэглэлээ. Нөөц нь дундарсан байна, нөхөн авах ажил хийгдэж байна. Цаашдаа шок үүсгэхгүй байхад анхаарч ажиллана.
Цаашдаа урт болон дунд хугацаанд тодорхой бодлогын ажил хийх ёстой. Нэгдүгээрт, газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах шаардлага бий.
Манай Засгийн газрыг ажил авахад газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил суларсан, 20 хувьтай идэвхгүй байсан бол одоо гурван сар гаруйн дараа бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрсэн.
Технологийн захиалгуудаа хийсэн байгаа. 2027 оны эхний хагас жилд үйлдвэрээ ашиглалтад оруулна гэдэг зорилт тавьж байна. 400 мянган тонн авто бензин, 870 мянган тонн ДТ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.
Хоёрдугаарт, нефть нөөцлөх савны хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын хэмжээнд 440 мянган тонн нефть агуулах хүчин чадалтай сав байдаг. Засгийн газар ирэх онд нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шатахууны сав барьж байгуулна. Үүнийг хийхийн тулд Covid-19- үед ашиглагдаж байсан нэг удаагийн хуулийг УИХ-д өргөн барьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар нөөцийн савтай болох ажлыг хийнэ.
Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын хугацаатай нефтийн бүтээгдэхүүнийг халдгалах зорилт тавьж байна.
Г.ХОРОЛ
3,607.57


















































Холбоотой мэдээ