МАН-ын тамганы зодоон хурцдаж, улс орны асуудал болж хувирсан. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.10.28/өргөтгөсөн байдлаар хуралдаж, нам дотор үүссэн хурцадмал асуудлыг хоёр хоногт шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж байна. Бүрэлдэхүүнд нь МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан С.Баяр, Б.Даш-Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал.Д.Тогтохсүрэн, МАН-ын Нарийн бичгийн дарга П.Энхбаатар нар багтсан юм. Ажлын хэсэг хоёр тал болж хуваагдсан намын гишүүд тэр дундаа МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг эвлэрүүлж, 68-ын бүлгийг нэгтгэж чадах уу гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Олон нийтийн хувьд эвлэрэл нэрийн дор хулгайтай эвлэрч болохгүй. Хулгайтай тэмцэнэ гэдэг бол намын гишүүдтэйгээ тэмцэнэ гэсэн үг гэдгийг ч сануулж буй. Намын хямралаа улс орны асуудал болгон хувиргахгүйн төлөө эв нэгдлийг хангаж ажиллах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн гишүүдийг танилцуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр:

УИХ-ын 2000 оны сонгуульд МАН/МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Н.Энхбаяр Ерөнхий сайд болж байлаа. Тэрбээр 24 дэх Ерөнхий сайд агаад бүрэн эрхийнхээ дөрвөн жилд тогтвортойгоор засагласан цөөхөн Ерөнхий сайдын нэг юм. Түүний Засгийн газар түүхэнд үлдсэн шийдвэр нь Оросод төлөх 11.7 тэрбум шилжих рублийг бүрэн тэглэсэн явдал байлаа. Их өрийг тэглэснээр Монгол Улс эдийн засгийн тодорхой эрх чөлөөг олж авсан гэж хэлж болно.
Түүнчлэн "Мянган зам" бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Төрийн дээд албан тушаалтнуудаас авлигын хэргээр тэрбээр анх удаа ял шийтгэл хүлээсэн юм.
Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд. Монгол Улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласнаараа манлайлж байна. Ерөнхий сайдын тамга түүнд ногоон гэрлээр ирсэн. Өөрөөр хэлбэл ямар ч өрсөлдөөнгүйгээр тамга авсан байдаг. Харин энэ удаа намынхаа хагаралд цэг тавих ажлын хэсэгт багтжээ.
Түүний хувьд 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар анх томилогдож, улмаар УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа улирсан. Төрсөн хүүгийнх нь тансаг хэрэглээний асуудлаас болж түүнээс иргэд "Орлогоо нотлох"-ыг шаардсан. Харамсалтай нь, одоо ч тэрбээр орлогоо нотлож чадаагүй яваа. Ард түмэн нь төрийн татвар дарамтад сөхөрч байхад төсөв захиран зарцуулагчийн хүүгийн хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээнд эгдүүцсэн залуус талбай дээр гарч, Л.Оюун-Эрдэнээс залуус "Орлогоо нотло", "Огцрох амархан"болохыг сануулсан.
Түүний хувьд дөрвөн жил 127 хоног Ерөнхий сайдын албыг хашсан. Тэрбээр, өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д өргөн барьсан ч парламентын олонх дэмжээгүй.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат:

Ажлын хэсэгт багтсан дараагийн улстөрч бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулснаар АН ялагдаж, МАН үнэмлэхүй олонх болсон. Гэвч намын дарга Ерөнхий сайд байна гэх зарчмаасаа М.Энхболд ухарч, Ж.Эрдэнэбатад засгийн тамгыг шилжүүлсэн. Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сарын 7-ноос 2017 оны аравдугаар сарын 4-н хүртэл нэг жил хоёр сарын хугацаанд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар ажилласан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концессын гэрээг өөрсдөдөө олгосон гэх үндэслэлээр намын гишүүдээс нь огцруулах саналыг УИХ-д оруулсан. Огцруулах саналыг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар нарын гишүүд өргөн барьснаар 2017 оны есдүгээр сарын 7-нд Засгийн газрын тэргүүнээс огцорсон юм. Ж.Эрдэнэбатын Засгийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс булаан авч, зуун хувь төрийн өмч болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан байдаг.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд

Ц:Элбэгдорж огцорсноор "Үндэсний эв нэгдлийн Засгийн газар"-ын тэргүүнээр М.Энхболд томилогдож, Ерөнхий сайдын суудалд залрав. Тэрбээр 2006 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож, 2007 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл буюу нэг жил, 301 хоног ажиллажээ.
2007 онд МАН-ын Их хурал болж М.Энхболд, С.Баяр нар өрсөлдсөн. Намын даргын сунгаанд С.Баяр ялалт байгуулснаар Ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн байдаг. МАХН-ын дотоод хагарлаас болж тэрбээр Ерөнхий сайдаас огцорч, намын Их хурлаас ялалт байгуулсан С.Баярт тамгаа тушааж байжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал аван Засгийн газраа байгуулахад М.Энхболд Ерөнхий сайдаас татгалзаж УИХ-ын дарга болсон. Гэвч 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар огцрох шаардлага тавьснаар УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөж байв.
Ерөнхий сайд асан С.Баяр:

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд. Намын тамгаа болон засгийн тамгыг М.Энхболдоос авсан тэрбээр нэр бүхий бизнесменүүдийн эзэмшилд байсан Тавантолгой бүлэг ордын лизензийг төрд буцаан авсан. Өөрөөр хэлбэл, "MCS"-ийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг төрд буцааж өгсөн агаад лицензийн төлбөрт нь Ухаахудийг өгсөн юм.
УИХ-ын 2008 оны сонгуулиар МАН/МАХН ялалт байгуулсныг ард түмэн эсэргүүцэн жагсаж, эсэргүүцлийн жагсаал үймээн, самуунд хүрч, долоон сарын 1 гэх өдөр Монголын түүхэнд аймшигт хар толбо болж үлдсэн юм. Энэ эмгэнэлт хэргийн дараа МАН, АН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулж, эдийн засагт онцгой нөлөөлөх чухал шийдвэрүүд гаргасны нэг нь Оюутолгойн гэрээ. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахдаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан нь Монголын эдийн засагт эргэлт болсон. Товчхондоо монголчуудын бие дааж байгуулсан анхны түүхэн гэрээ, түүхэн үйл явдал байлаа. Оюутолгой нь 100 жил үргэлжлэх, Монголын эдийн засагт онцгой ач холбогдолтой төсөл мөн гэдэгтээ маргашгүй. Түүнчлэн "Атарын III" аяныг хэрэгжүүлсэн нь газар тариалангийн салбарт сэргэлт авчирсан байдаг. Гэвч 2009 онд өвчний улмаас нэрээр Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорсон.
УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар МАН-ын хагаралд цэг тавих ажлын хэсгийг ахалж ажиллана. Түүний хувьд Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн танхимд хоёр ч удаа Сангийн сайдын алба залгуулсан түүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж өгсөн.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нартай дөрвөн жилийн турш хулгайч, худалчаар дуудан хэрэлдсэн бол Г.Занданшатарын танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Энхбаяртай хамгийн их тэрсэлдэж явсан улстөрч.
Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж:

Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж цол гуншин ихтэй нэгэн. Тасралтгүй УИХ-д сонгогдож, сайд дарга хийсэн Ц.Нямдоржийн хувьд 2020 оны сонгуулиар өвдөг шороодож, Л.Оюун-Эрдэнийн гал тогоог сахисан намтар бий. Өөрөө бол хуулийн салбарт гавьяатай нэгэн гэж бахархах дуртай эрхэм.
Түүний хувьд 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд /БНМАУ-ын үеэс/ болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажилласан улстөрч.
УИХ-ын даргын албан тушаал хашиж, УИХ-ын гишүүнээр 28 жил /долоон удаа сонгогдсон/ сонгогдон ажилласан бөгөөд 2009 онд Гавьяат хуульч цол хүртэж байжээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.10.29/ Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд МАН-ын хагарлын асуудлаар зөвшилцөх ажлын хэсэгт багтсан юм. Тэрбээр 2021 оноос хойш Монгол Улсын Шадар сайдаар дараалан гурав дахь удаагаа томилогдон ажилласан. Мөн тэрбээр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, "Шинэ хоршоо", Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг.
УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал:

Н.Учралын хувьд 2012-2014 онд нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж, нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв. Мөн 2015 онд ЗГХЭГ-т Монгол улсын Шадар сайд асан У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажилласан улстөрч. Тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол 2020 оны УИХ-ын сонгуульд ч мөн тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан бол 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин, сонгогдсон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд танхимаа байгуулсныхаа дараа Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар хавсруулж байгаад Н.Учралыг сайдаар нь томилж байв. Тэрбээр одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын гишүүнээр буюу Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байна.
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн:

УИХ-ын гишүүн асан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нь Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар найм, Засаг даргаар найм, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар 16 жил ажилласан улстөрч. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 2020 оны УИХ-ын сонгуульд мөн ялснаар хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж, УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байв. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байсан түүнд хоёр хуваагдаад байгаа УИХ дахь 68 бүлгийн гишүүдтэй ойлголцож, эв нэгдлийг хангах талд ажиллана гэж үзсэн болов уу.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүн бол одоогийн УИХ-ын гишүүн З.Мэндсайхан. 2024 оны УИХ-ын сонгуулиар хоёрдугаар тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшин, сонгогдсон. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг дэмжсэн гишүүдийн нэг юм.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөхөөр ажиллаж байв.
Түүний хувьд, 2015 оноос төрд тасралтгүй ажилласан. Мөн Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Зам тээврийн сайд С.Бямбацогтын тун ойрын хүн гэж улс төрийн хүрээнд ярилцдаг.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болсон нь намын хагарлын тод жишээ. Тэрбээр 2025 оны зургадугаар сарын 23-наас УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан юм. Түүний хувьд өмнө нь 2017-2018 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байв.
Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд орохын өмнө хэвлэлд яриа өгөхдөө "Намын Удирдах зөвлөлөөс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрийн дүгнэлт гаргах хэрэгтэй. Эхний ээлжинд ажлын хэсэг гаргана. Нэн тэргүүнд МАН-ын бүлэг дээр нэгдэж, намын бодлого нэг байх ёстой. Бүлгээс 5-6 гишүүн гээд нийт ес орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарах санал явж байна" гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ даргаар ажиллаж буй. Түүний хувьд 2016-2020 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал сүүлд мэдээлэл хийхдээ "Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 37 гишүүн ирсэн. Намын бүлэг бол УИХ-ын үндсэн бүтэц. Долоо хоног бүрийн Даваа гарагт бүлэг хуралддаг бөгөөд энэ дагуу бид хуралдсан" гэдгийг онцолж байв.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон:

Тэрбээр 1968 онд Монгол Улсын их сургуулийг төгсч, түүхийн багшийн мэргэжил эзэмшжээ. Их сургуулиа төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчйн улс төрийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

Ажлын хэсэгт багтсан дараагийн хүн бол Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар. УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүнээр ажиллаж байхад нь намаас нь даалгавар өгч, нийслэл рүү явуулсан. Түүнийг 2023 оны аравдугаар сард НИТХ-аас Улаанбаатар хотын захирагчаар 78.57 хувийн саналаар томилж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ батламжилж байв. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилладаг.
МАН-ын Нарийн бичгийн дарга П.Энхбаатар:

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар МАН-ын хагарлын асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллана. Тэрбээр 2021 оны зургадугаар сард МАН-ын Бага хурлаас МАН-ын нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалыг хүлээн авсан бөгөөд өмнө нь намын газрын даргаар ажиллаж байсан юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ