УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан өнөөдөр /2025.10.28/ багш, эмч нарын цалинг нэмэх болон ипотекийн зээлд багш нарыг түлхүү хамруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, миний хувьд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Орон нутгийн багш нар нийслэлийн багш нарыг бодвол илүү давуу талтай байдаг. Тухайлбал, орон нутгийн багш нар үндсэн цалин дээрээ нэмээд, орон нутгийн нэмэгдэл 40 хувь, гурван жил тутамд зургаан сарын нэмэгдэл цалин авдаг. Харин нийслэлийн багш нар нэмэгдэл цалин хомс байдаг. Нийслэлийн багш нарын ачаалал хөдөө орон нутгийн багш нарыг бодвол өндөр байдаг. Тиймээс миний хувьд нийслэлийн багш нарын цалин хөлс дээр ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Засгийн газраас багш нарын цалинг 20 хувь нэмэх асуудлыг ярьж байна. Тодруулбал, 1,2-1,3 сая төгрөгийн цалинтай. Үүнийг 20 хувь нэмэхэд 1,8 сая орчим төгрөг болохоор байсан. Үүнийг би хангалтгүй гэж үзэж байгаа юм. Учир нь, нийслэлийн багш нар ачаалал ихтэй өөрөөр хэлбэл, нэг ангид 40-50 хүүхэд сурч байгаа. Тиймээс багш нарын цалинг нийтээр нь нэмэх бус ачааллыг нь харж өөр, өөрөөр нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Хэрвээ багш нарын цалинг нийтээр нь нэмвэл Монгол Улсын төсөв дээр 3 их наяд төгрөгийн ачаалал үүснэ гэж тооцоолсон.
Багш нарын цалинг нэмэхээс гадна цаана нь эрүүл мэндийн салбар, цэрэг цагдаагийнхны цалинг нэмэгдүүлэх гээд олон асуудал бий. Гэхдээ миний хувьд, багш нарын цалин нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Тиймээс, нийслэлийн багш нар дээр 40 хувийг адилхан нэмэх ёстой мөн гурван жил ажилласан тэтгэмжийг Улаанбаатар хотод багшилж байгаа багш нарт нэмэх шаардлагатай. Ингэхдээ, эдийн засгийн нөхцөл байдалд хүнд байгаа энэ үед шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танах ёстой.
Багш нарын цалинг 3,5 сая төгрөгт хүргэдэггүй юм гэхэд эхний ээлжид 2,5 сая төгрөгт хүрэх ёстой гэж үзэж байгаа юм.
Хэрэв багш нарын цалинг үнэхээр нийтэд нь нэмэх юм бол орон нутгийн багш нарын цалин гурван сая төгрөг болох магадлалтай. Тиймээс төсвийн байнгын хорооны гишүүний хувьд энэ долоо хоногт болох төсвийн байнгын хорооны хурал дээр нийслэлд багшилж буй багш нарт ялгамжтай хандах хэрэгтэй гэдэг саналаа хэлнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат багш нарын цалинг 3,5 сая төгрөг болох саналыг тавьсан би үүнтэй санал нэг байгаа. Миний хувьд боловсролын салбарт ойр ажилладаг тэр утгаараа нийслэлийн сургуулиудаар явж уулзсан байдаг. Тэр үеэр багш нар цалин, ипотекийн зээлийн асуудлыг ярьдаг. Миний хувьд ипотекийн зээлийг ахалж ажиллаж байгаа. Ирэх жилээс 500 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гарахаар төлөвлөсөн. Уг санхүүжилтээс багш нар, эрүүл мэндийн салбарын ажилчдад квот олгох ёстой гэж бодож байна. Арилжааны банкаар дамжуулж хамрагдахаар 1,3 сая төгрөгийн цалинтай багш нар шаардлага хангахгүй байгаа юм. Нэг талаараа үе, үеийн сайд дарга нар багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан ч шийдэлд хүрээгүй.
Сайн багшийг цалингаар тогтооно. Багш тогтворгүй байх тусам хүүхдэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс багшийг тогтвортой, сэтгэл хангалуун байлгах нь цалин юм. Иймд багш нарын цалин нэмэхийг 100 хувь дэмжиж байна. Ипотекийн зээлийг бид бүхэн судалж байгаа бөгөөд одоогоор ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд олгосон зээлийг хууль тогтоомжийн хүрээнд олгосон эсэхийг судалж байгаа. Ипотекийн зээлтэй холбоотой маш их гомдол мэдээлэл ирдэг. Тухайлбал, дараалал урагшлуулах, авлига өгсөн тохиолдол, арилжааны банкууд санхүүжилт өгсөн барилгаас авахыг шаарддаг гэх мэт олон хүндрэлүүд байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас баялгийн сантай холбогдуулан ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж байгаа. Ипотекийн зээлийн санд Монголбанк ихэнх санг бүрдүүлж байсан. Одоо баялгийн сан бий болсноос Засгийн газрын санхүүжилт их болж эхэлсэн.
Засгийн газар эх үүсвэр оруулж байгаа бол бодлого гаргаж багш нар, эмнэлгийн ажилчид болон бага дунд орлоготой, анх удаа байр авах гэж байгаа иргэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
Арилжааны банкаар дамжуулан өгөхөөр зээл олгосон барилгаас ав гэдэг шаардлага тавьдаг. Мөн дараалал дээр өөрчлөлт оруулсан тохиолдол байдаг. Иймд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.
3,607.57





















































Холбоотой мэдээ