niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 04:38 UTC Эх: https://news.mn/r/2830876/ c0cf1bf9cb278b12… ← niitlelch.mn руу буцах

Хуучирсан мэдээ: 2025.10.28-нд нийтлэгдсэн

76:1

126:1 “Эрдэнэтийн ВВ”

126:1 “Эрдэнэтийн ВВ”

“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Булган, Хөвсгөл, Орхон аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг танилцуулж байна.


Цар тахлын нөлөөгөөр тэг зогсолт хийж, ажиллах хүчнийхээ 60 гаруй хувийг цомхотгохоос аргагүйд хүрч байсан аялал жуулчлалын салбарыг хөл дээр нь босгохын төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл чардайж ажилласан сайд бол Б.Бат-Эрдэнэ юм.

Инфлюенсерээр /нөлөөлөгч/ дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан, жуулчдыг татах бодлого хэрэгжүүлнэ гэхэд дэмжсэн хүн тун цөөн. Харин дэлхий дахинд танигдсан инфлюенсерүүд Монголд ирж аялан, инстаграм, фейсбүүктээ оруулсан зураг, бичлэгүүд нь хэдэн зуун сая хандалт аван шуугиулахад л сая утга учрыг нь олсон.

Хувийн хэвшлийн салбарынхантай хамтран хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний хүрээнд 2023 онд 651 мянган жуулчин татаж, Монголд 4.4 их наяд төгрөг орж ирсэн бол 2024 онд 809 мянган жуулчин хүлээн авч 1.6 тэрбум ам.долларын орлого олсон юм.

Энэ талаар тэрбээр “Дэлхий даяар 1.4 тэрбум жуулчин байна, 283 сая нь 1983-2002 онд төрсөн хүмүүс буюу инфлюенсерүүдтэй фэйсбүүк, инстаграмаар найз болсон байдаг. Тэд нөлөөлөгч нарын аяласан газарт аялахыг хүсдэг. Тийм учраас 283 сая хүнд зориулсан зах зээлийг эзлэхийг хүссэн. 40 инфлюенсерийн зах зээлд үзүүлсэн нөлөө 577 саяд хүрсэн” гэж тайлбарлаж байв. Үндсэндээ инфлюенсерээр дамжуулж Монголыг гадаадад сурталчлах ажлыг хамгийн ажилттай зохион байгуулсан гэж хэлж болно. Инфлюенсерээр дамжуулаад өөрийгөө ч Монголд таниулж чадсан. Тэрхүү нөлөөлөл нь 2024 оны УИХ-ын сонгуулиар хэрэг болж “Эрдэнэтийн ВВ” гэж нэрлэгдэж байсан Б.Бат-Эрдэнэ өнөөдөр хойд бүсийнхнийг төлөөлөн УИХ-д сууж байна.

Хойд бүс буюу УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт Орхон аймгаас гадна Булган, Хөвсгөл багтдаг. Дээрх тойрог нь нийт 201, 206 сонгогчтой бөгөөд тус сонгуульд 19 нам эвслийн 87 нэр дэвшигч өрсөлдөхөд тэрбээр 53,474 санал сонгогчдоос авч, саналынхаа тоогоор гуравт эрэмбэлэгдсэн юм.

УИХ-ын 126 гишүүн дотроо хэлэмгий доломгойд орно. Санал нийлэхгүй зүйлээ шууд л сошиалд бичиж, шуугиулах нь олонтаа. Тухайлбал, Монголбанкнаас өнгөрсөн хавраас эхлэн тэтгэврийн зээлд хязгаар тавьсныг тэрбээр эсэргүүцэж “Ахмадууд тэтгэврийн зээлээ яах нь дарга нарт ямар хамаа байна аа. Төр иргэдийн хувийн амьдралд ямар их оролцож, иргэнээ бухимдуулж байна вэ. Хэдхэн ахмадуудынхаа тэтгэврийн зээлээр оролдохоо болино уу. Зээлээ авна уу, болино уу. Ачдаа өгнө үү, өөрөө иднэ үү, өөрийнх нь л асуудал” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдсэн удаатай.

Монголбанк тэтгэврийн зээлд хязгаар тавих болсон шалтгаанаа “Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлт, мөн хэрэглээний зээл өсөж байгаа зэргийг харгалзан үзэж тэтгэврийн зээлд тавих шаардлагыг өндөрсгөсөн гэдэг тайлбар дагуулсан. Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Ахмадууд тэтгэврийн зээлээ өөрсөддөө зориулдаггүй үр хүүхэддээ зориулдаг гэсэн судалгаа гарсан. Өөрсдийнхөө амьжиргааг залгуулах мөнгөө сар бүр банкны зээлэнд суутгуулахаар ядуурч байна” гэдэг мэдээллийг холбогдох сайд нь өгч байсан юм.

Энэ асуудлыг ахмадуудад ээлтэй байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэдэг асуудлыг одоо ч хөндсөөр суугаа гишүүдийн нэг юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн талцаж хоёр хуваагдан нэг хэсэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зурсан бол нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах санал гаргахад аль, аль талд нь гарын үсэг зуралгүй үлдсэн байв. Энэ тухайгаа тэрбээр "Би УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах аль ч бичигт гарын үсэг зураагүй. Бид “Ард түмний төлөө ажиллана” гэдэг амлалт өгчихөөд МАН-аас бүрдсэн Засгийн газар, УИХ-ын эсрэг санал өгөх нь зарчимгүй явдал" гэдэг байр суурь илэрхийлсэн удаатай.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн есдүгээр сард “Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан албан тушаалтан баримт устгасан” гэж ярьсан юм. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ няцаасан. Тэрбээр “УИХ-д мэдээлэл сонсох эрх нь байгаа. УИХ-ын гишүүн Б.Эхбаярын ярьсан зүйлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нийгэмд үнэн бодит мэдээлэл өгөх ёстой.

Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан хүмүүсийг баримт устгасан гэж байж боломгүй зүйлд гүтгэж байна.

Би Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан.  Монгол Улс Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Үндэсний архивын сангийн тухай хуультай. Сайд нарт албан бичиг байхгүй, хэн ч тэр албан бичгийг устгасан гэж хэлээгүй. 2023 оны арванхоёрдугаар сард болсон нүүрсний сонсголд би ороолцсон.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд Монгол Улсын Засгийн газрын бүх гишүүд, дэд сайд нараас гадна Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага, онцгой байдал, төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл байдаг, ажлын албатай.  Архив албан бичиг хөтлөлтийн тухай хуулиараа тухайн бичиг хадгалагдах ёстой газраа хадгалагдана. Түүнээс биш сайд тэр албан бичгийн авч явах эрхгүй. Хоёрдугаарт тухайн устгасан гээд байгаа материалыг хууль хяналтын байгууллагад гаргаж өгнө гэж байгааг би гайхаж байна” гэж тайлбар хийсэн юм.

Түүх судлаач мэргэжилтэй тэрбээр НАМЗХ-гоор дамжиж улс төрд хөл тавьсан байдаг. Их улс төрд орж ирэхээсээ өмнө Шадар сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга, УИХ-ын гишүний зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг алба хашжээ.

Харин 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын даргаар ажилласан. Энэ хугацаанд хийсэн ажлын нэг нь "EBARIMT" аппликейшн ашиглан Монгол Улсад импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болгосон. Үндсэндээ тухайн машин осолд орсон эсэх,  цацрагт нэрвэгдсэн эсэхийг мэдэх боломжийг олгосон юм.

Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 85 сая, 450 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, хадгаламжиндаа 20 сая төгрөгтэй, 147 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 77 дугаар сургууль
  • 1999 онд Улаанбаатар их сургууль, түүх судлаач, солонгос хэлний орчуулагч
  • 2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академи, агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэжилтэн
  • 2010 онд Улаанбаатар их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2013 онд МУИС, Шинжлэх ухааны сургууль, улс төр судлалын докторант
  • 2022 онд Отгонтэнгэр их сургууль, эрх зүйн бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2010-2011 онд “JCI Монгол”-ын ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн дарга
  • 2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга
  • 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн
  • 2020 оноос "ББ САН"-ийн үүсгэн байгуулагч
  • 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи, Солонгос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж