НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж, нам дотор үүссэн хурцадмал асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж байгаа аж. Бүрэлдэхүүнд нь МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхболд, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар оржээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа. Нам дотор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, бүлэг дээр үүсээд байгаа асуудлыг ярьж үзээд ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг хоёр хоногт ажиллаад ойлголцохгүй, хуваагдаад байгаа асуудлыг нэгтгэж эв нэгдлийг хангах үүрэг чиглэл авсан.
Ажлын хэсэгт МАН-ын даргаар ажиллаж байсан ахмад гишүүдээ оруулаад байгуулсан.
Удирдах зөвлөлийн хураддаанаар ганцхан намын дотоод асуудлыг ярихаас гадна нийгэмд үүсээд байгаа асуудлыг ярилцлаа. Улсын төсвийг цаг хугацаанд нь батлахад парламент бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх чиглэлийг гаргалаа. Мөн Ерөнхий сайд шатахууны хомстол, багш, эмч нарын ажил хаялттай холбогдуулж мэдээлэл өглөө.
Парламентын даргын томилгоо хуультай. Хууль дүрмийн хүрээнд явах ёстой. Талцаад хугацаа өнгөрсөн тул хоорондоо ойлголцох үүднээс ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана.
МАН-ын Их хурал ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-нд болно, тус хуралд оролцох төлөөлөгчийг сонгох ажил ид явж байна. Намын их хуралтай холбоотой олон асуудлыг өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар мөн ярилаа" гэлээ.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12:00 цагаас хуралдана, үүний өмнө Бодлогын зөвлөл хуралдах юм. Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэдэг мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өгсөн.
Учир нь, МАН дотооддоо хуваагдсаны зэрэгцээ УИХ дахь МАН-ын бүлэг ч хагаралтай байгаа. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдсөн. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тул эгүүлэн татах, мөн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаад буй. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулахдаа дүрмийн бус хурал зарлаж шийдвэр гаргасан зэрэг маргаантай асуудлыг ч нэг талд гаргах шаардлага бий. Зарим сайд нарт хариуцлага тооцох тухай асуудал ч хэлэлцэгдэх мэдээлэл чих дэлсэж буй.
Дээр нь ирэх арваннэгдүгээр сарын 15-нд МАН Их хурлаа хуралдуулахаар товлосон.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Их хурлаар МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг баталгаажуулна гэсэн асуудал байхгүй. МАН-ын дүрмээр намын дарга, Бага хурал, Хяналтын хорооны гишүүдийг Их хурлаараа сонгодог. Үүний дагуу сонгууль зохион байгуулагдана” гэж мэдэгдээд буй.
Иймээс энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар олон асуудлыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ