niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:01 UTC Эх: https://news.mn/r/2830480/ c7829707edd03633… ← niitlelch.mn руу буцах

УЦС-ын төслүүд урагшлах уу?

Хуучирсан мэдээ: 2025.10.27-нд нийтлэгдсэн

УЦС-ын төслүүд урагшлах уу?

УЦС-ын төслүүд урагшлах уу?

Засгийн газар бүх төслөө эрэмбэлж, орлого нэмэгдүүлэхэд шууд нөлөөтэй гэж үзсэн төслүүдээ хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Үүний тэргүүн эгнээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрэмбэлэгдэж буй. Тухайлбал, говийн бүсийн хөгжлийн үндэс болсон "Орхон–Онги", "Хэрлэн–Тоонот" зэрэг усны томоохон төслүүдийг урагшлуулахгүйгээр цаашид зөвхөн уул уурхай төдийгүй бусад салбарт ч төслүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүснэ гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал онцолсон юм. Тэгвэл эдгээр төслүүд ямар шатанд хэрэгжиж байгаа талаар мэдээллийг хүргэе.


“ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙЖЭЭ

Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм. Эрчим хүчний төслүүд олон жил дамнан үргэжилдэг онцлогтой. Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.

Хамгийн сүүлд албаныхны өгсөн мэдээллээр Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.

Үүний дагуу ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид есдүгээр сарын 29-аас аравдугаар сарын 08-ны хооронд хээрийн судалгааг хийсэн байна.

"ХЭРЛЭН–ТУУЛ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-Г "ОЮУТОЛГОЙ" КОМПАНИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙЖ БАЙНА 

Монгол Улс говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх “Хөх морь” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү томоохон төслийн хүрээнд “Орхон–Онги” болон “Хэрлэн–Туул” гэсэн хоёр салбар төсөл хэрэгжиж, тус бүрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдаж байгаа юм.

“Орхон–Онги” төслийн ТЭЗҮ 2020 онд хийгдсэн ч өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэхээр шинэчлэх шаардлагатай болсон. Харин “Хэрлэн–Туул” төслийн ТЭЗҮ-г “Оюутолгой” компанийн санхүүжилтээр боловсруулж байна. Говийн бүс рүү чиглэсэн усны дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зураг төсөл, ТЭЗҮ-гээ бүрэн боловсруулах нь чухал бөгөөд үүний дараа дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажил эрчимжинэ.

Төслийн гол зорилго нь говийн бүсийн усны хангамжийг сайжруулж, усны дутагдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оршино. Усны хангамж хангалтгүй бол томоохон үйлдвэр, төсөл байнга дахин санхүүжилт шаардах эрсдэлтэй. “Орхон–Онги” төслийн хүрээнд Онги голын дагуу амьдарч буй ойролцоогоор 30 мянган хүн, мал, бэлчээрт усан хангамжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ 2026 ОНД ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах зорилготойгоор хэрэгжиж байна. Төслийн суурилагдсан хүчин чадал нь 90 МВт бөгөөд жилд 366 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Төслийн хэрэгжилт 2018 онд эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Эрчим хүчний яам 2021 онд БНХАУ-ын "Power Construction Corporation of China" болон "Power China Chengdu Engineering Corporation" компаниудтай түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан.

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих" төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Сангийн яамтай байгуулсан байна.

Төслийн хүрээнд Увс аймгийн 125 өрх, Ховд аймгийн 8 өрх, Баян-Өлгий аймгийн дунджаар 94% өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэжээ. Барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор барилгын талбайд ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж