niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:02 UTC Эх: https://news.mn/r/2830493/ 6e2b46dee9c7eefc… ← niitlelch.mn руу буцах

Шатахуунаа хангалттай нөөцөлдөг болбол хомсдол үүсэхгүй

Хуучирсан мэдээ: 2025.10.26-нд нийтлэгдсэн

Шатахуунаа хангалттай нөөцөлдөг болбол хомсдол үүсэхгүй

Шатахуунаа хангалттай нөөцөлдөг болбол хомсдол үүсэхгүй

Өөрсдөө газрын тосоо боловсруулдаггүй, түүхийгээр нь гаргачихдаг, бензин, шатахуунаа үйлдвэрлэдэггүй улсын зовлон гэж бий. Гадаад ертөнцөд геополитикийн асуудал үүсэж, олон улсын зах зээл савлангуут Монголын нийгэмд доргилт үүсдэг. Бензин, шатахуун хомсддог. Яг одоо тийм нөхцөл байдалтай байна. Энэ бол давтамжтай тохиолддог хүндрэл. Анх удаа ийм асуудалтай нүүр тулж байгаа юм биш. 1990 оноос хойш олон удаа ингэж бензин шатахууны хангамж доголдож байсан. Тухайн үед нь “гал унтаан” аргацааж байснаас биш асуудлыг уг үндсээр нь шийдэх алхам хийж, гарц хайж байсангүй. Наад зах нь жилээс жилд бензин, шатахууны хэрэглээ нэмэгдсээр ирсэн атал хангалттай хэмжээгээр нөөцөлж хадгалах агуулах сав шинээр барилгүй 35 жил болжээ. Ирэх жил Засгийн газар бензин шатахууны агуулах барих хувийн хэвшлийн ажил ахуйн нэгжүүдийн зээлийн хүүгийн татаасанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Аж ахуйн нэгжүүд 1.5 жилийн дотор агуулах саваа шинээр барьж, ахиухан шатахуун нөөцлөх боломжтой болчихвол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй. Манай улсын бензин шатахууны сарын хэрэглээ 220 мянган тонн. Энэ хэмжээний шатахуунаа даблдаад нөөцөлчихдөг болбол асуудал нэлээд цэгцэрнэ. Нэмээд импортын эх үүсвэрээ нэг бус хэд хэд болгох санаа бол бий. Жишээ БНХАУ-аас сард 15 мянган тонныг авахаар гэрээлсэн, цаашид энэ хэмжээг нэмэхээр яриа хэлэлцээ хийжээ. ОХУ гэрээ, хэлцлийн дагуу нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн, ирэх долоо хоногоос бензин, шатахууны асуудал хэвийн болох бололтой.

Агуулах саваа нэмэгдүүлэхээс гадна шатахуун түлш оруулж ирдэг орц гарц, хаалга үүдээ олшруулах хэрэгцээ шаардлага бас бий. Өнгөрсөн дөрөв, таван жилийн турш боомтын сэргэлт гэдэг сүржин аян өрнөсөн ч бензин, шатахуун оруулж ирдэг боомт Замын-Үүдээс өөр нэмэгдээгүй гээд бодохоор харамсалтай. Босоо Ганбаа гишүүн говьд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг эсэргүүцэн орилж, бөөн юм болж байхын оронд бензин, шатахуун оруулж ирдэг боомтуудын тоог нэмээч ээ, шатахуун нөөцлөх агуулах савнууд бариад өгөөч ээ гээд эрх баригчдыг шахаж шаардаж байсан бол эх оронч имижд нь хэрэгтэй байсан юм. Дорноговийн Алтанширээд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай яваа. 2027 онд ашиглалтад орчих юм бол дотоодын эх үүсвэр бий болно. Энэ мэт бодитой ажил, бодлогын алхмын үр дүнд шатахууны хараат байдал, хомсдол, хүндрэлээс гарна.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж