Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын чуулганы аравдугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хэлэлцэн, Үндсэн хуулийг зөрчсөн гэх санал дүгнэлт гаргасан юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан Их хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тайлбарлахдаа гурван үндэслэлийг онцолсон. Тодруулбал,
- Ерөнхий сайд Г.Занданшатарыг ТББХ-ны саналын томъёоллоор санал хурааж, огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа “Дэмжээгүй саналыг дэмжье” гэж ТББХ-ны саналыг үндэслэж, санал хураасан нь Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэв.
- УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчин өмнөх өдрийн ирцээр ирц авсан, ингэхдээ Баасан гаригийн чуулгандаа суугаагүй 19 гишүүнийг саналын тоонд хууль бусаар оруулж тоолсон. Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн зөрчилд нэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 29.3-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж суулгаж өгсөн.
Иймээс Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрсөн гэж үзсэн. Тэгвэл Үндсэн хуулийн 29.3-т зааснаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах асуудал ирэх долоо хоногийн гол улс төр болж магадгүй байна.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтныг дараах зохицуулалтын дагуу хэлэлцэнэ гэж заасан. Үүнд,
85.1.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
85.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт, хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй;
85.1.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй тухай дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан тухай Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдэх;
85.1.4.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 85.1.2-т заасан албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэх;
85.1.5.нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх;
85.1.6.Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчилд холбогдсон албан тушаалтан санал хураахын өмнө Байнгын хорооны хуралдаанд 5 минутаас илүүгүй хугацаанд, нэгдсэн хуралдаанд 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;
85.1.7.энэ хуулийн 85.1.4-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах, эсхүл бусад хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх;
85.1.8.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
85.2.Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсан бол нэгдсэн хуралдааныг олонхын бүлгээс сонгогдсон дэд дарга, бусад тохиолдолд Улсын Их Хурлын дарга даргалан хуралдуулна.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ