niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:05 UTC Эх: https://news.mn/r/2830232/ 8eedd0242a74cb6b… ← niitlelch.mn руу буцах

БНХАУ НҮБ-ыг тууштай дэмжиж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.24-нд нийтлэгдсэн

БНХАУ НҮБ-ыг тууштай дэмжиж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулж байна

БНХАУ НҮБ-ыг тууштай дэмжиж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулж байна

~Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойд зориулав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Шэнь Миньжуань

2025 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. XX зууны эхний хагаст хүн төрөлхтөн хоёр удаагийн дэлхийн дайны гашуун зовлонг туулж, үүний сургамжаас улбаалан НҮБ үүсэн байгуулагдсан билээ. 80 жилийн дараах өнөөдөр НҮБ нь 193 гишүүн оронтой, дэлхийн хамгийн өргөн цар хүрээг хамарсан, төлөөлөл, эрх мэдэл өндөртэй Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болжээ. Тус байгууллага дэлхийн аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжлийг ахиулахад орлошгүй чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хятад улс нь НҮБ-ын үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд, энх тайван, хөгжлийн замыг тууштай баримталж, дэлхийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоор ирсэн юм. Мөн Хятад улс НҮБ-ын байр суурь, эрх мэдлийг тууштай хамгаалж, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхныг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна.

Нэг. Хятад улс олон талт үзлийг тууштай хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт дэлхийн нийтлэг бүтээгдэхүүнийг санал болгож, дэмжсээр байна.

Дэлхий дахинд өөрчлөлт, эмх замбараагүй байдал үүсээд буй энэ цаг үед, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хамтын ирээдүй, хувь заяаг тунгаан, цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг баримжаалж, “хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах” чухал санаачилга дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилга 8 жил дараалан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын тунхаглалд, мөн БРИКС-ийн удирдагчдын уулзалтын тунхаглалд 8 удаа тэмдэглэгдэж, гол үзэл санаа нь НҮБ-ын “Ирээдүйн гэрээ”-нд багтаж, өнөөгийн дэлхий дахинд онцгой ач холбогдол бүхий, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхныг илэрхийлсэн даян дэлхийн нийтлэг бүтээгдэхүүн болсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тэмдэглэхдээ, бид олон талт үзлийг хэрэгжүүлэх зорилт бол хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах явдал хэмээсэн.

Мөн Ши Жиньпин дарга дараалан Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга, Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүллээ. Эдгээр санаачилгууд нь олон талт үзэл санааны замыг тууштай баримталж, хүн төвтэй, хамтдаа засаглаж, хамтдаа хуваалцах зарчмыг эрхэмлэдэг бөгөөд улс орнуудад дэлхийн нийтлэг сорилтуудыг даван туулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, илүү шударга, оновчтой дэлхийн засаглалын тогтолцоо байгуулахад Хятадын оюун ухаан, арга шийдлийг бодитоор санал болгож байна.

Хоёр. Хятадын тал Дэлхийн Өмнөдийн талд тууштай зогсож, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын хөгжил дэвшлийг бодит үйл ажиллагаагаар дэмжиж байна.

Дэлхийн Өмнөдийн талын чухал орны хувьд Хятад улс нь 77 орны бүлэг болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнтэй идэвхтэй хамтран, ШХАБ болон БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын өргөжилт, гишүүнчлэл нэмэгдүүлэх үйл явцыг дэмжиж, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолой, нөлөөллийг дээшлүүлж байна.

Мөн Хятад улс нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаанд суурилсан, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, зөрчилдөөн бус харилцан яриагаар, эвсэл байгуулах бус түншлэн хамтрах, ялалт-хожигдлын тоглоом бус хамтдаа хожих шинэ төрлийн аюулгүй байдлын замналыг санал болгож байна. Хятад улс нь НҮБ-ын хоёр дахь том гишүүны хураамж төлөгч болон энхийг сахиулах үйлсэд санхүүжилт олгогч улс, мөн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас хамгийн олон энхийг сахиулагчдыг илгээдэг улс юм. Мөн энэ онд Хятад улс 30 гаруй улс оронтой хамтран Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага байгуулаад байна.

Хятад улс бүгдэд ашигтай хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг идэвхтэй дэмжиж байна. Нийт тарифын түвшинг 7.3% хүртэл бууруулж, дипломат харилцаа тогтоосон хамгийн бага хөгжилтэй бүх улс оронд 100% татварын хөнгөлөлт олгож байна. Өндөр чанартай “Бүс ба Зам” санаачилга өнөөдөр 150 гаруй улс болон олон улсын байгууллагад хэрэгжиж, дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр ойролцоогоор 30%-д тогтвортой барьж байна. Хятадын шинэ хөгжлийн зам дэлхийд шинэ боломжуудыг нээж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжил нь Дэлхийн Өмнөдийн орнуудад баялаг туршлага, чухал жишиг болж байна.

Хятад улс НҮБ “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаагаар олон улсын хөгжлийг бэхжүүлж, дэлхийн ногоон шилжилтийн хөгжлийг идэвхтэй урагшлуулж байна. Хятад улс “Дэлхийн хөгжил ба Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааны сан” байгуулж, 60 гаруй хөгжиж буй улс оронд 160 гаруй төсөл хэрэгжүүлснээр 30 сая гаруй хүн амд бодит ашиг тусыг хүртээжээ. Нэг сарын өмнө, НҮБ-ын 80 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхий сайд Ли Чян мэдэгдэл хийж, Хятад улс НҮБ-тай хамтран “Хятад–НҮБ-ын Даян дэлхийн Өмнөд–Өмнөдийн хөгжлийг дэмжих механизм” байгуулах, уг механизмд 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээ зарласан юм. Мөн Хятад улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Шанхайд Дэлхийн тогтвортой хөгжлийн төв байгуулахаар төлөвлөж байна.

10 хоногийн өмнө, Хятад улс Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Ши Жиньпин дарга мэдэгдэлдээ, ирэх 5 жилийн хугацаанд Хятад улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагад дахин 10 сая ам.долларын хандив өгөх бөгөөд “Дэлхийн хөгжил ба Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-д 100 сая ам.долларын санхүүжилт олгож, эмэгтэйчүүд, охидод нэн тэргүүнд ашиг тусыг хүргэх зорилгоор “жижиг болон үр өгөөжтэй” 1000 нийгмийн сайн сайхныг дэмжих төслийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. Эдгээр бодит алхмууд нь дэлхий дахинд, ялангуяа хөгжиж буй орнуудад эмэгтэйчүүдийн үйлсийг шинэ шатанд гаргахад түлхэц болж байна.

Гурав. Хятад улс НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гар нийлэн хамтран ажиллаж, Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд бодитоор дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улс нь Хятад улсын чухал хөрш, “Бүс ба Зам” санаачилгын чухал түнш болохын хувьд, Хятад улсын хөгжлийн тусламжийн чухал чиглэл юм. Энэ хүрээнд, Хятад улс НҮБ-ын байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллаж, Дэлхийн хөгжил ба Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгөөр Монгол Улсад 3 төсөл хэрэгжүүлээд байна. 2024 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол Улсад ой хээрийн түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийг хандивлаж, гал унтраах чадавхийг бэхжүүлэв. Энэ оны 5 дугаар сард “Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэг” болон Монголын Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох дэмжлэгийн төслийг хэрэгжүүлэж, 20 мянган гаруй хүн амд бодит ашиг тусыг хүртээжээ. Энэ оны 9 сард, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Улаанбаатар хотод монгол гэрийн нарны эрчим хүчний системийг шинэчлэх төслийг эхлүүлсэн бөгөөд 500 айл өрхөд нарны эрчим хүчээр халаах төхөөрөмж суурилуулж, Монгол иргэдэд өвлийг илүү дулаан, тав тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Тус Элчин сайдын яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ENSURE төслийн оролцогч Монгол малчдад зориулан БНХАУ-д богино хугацааны сургалтад хамрагдах боломжийг олгож байна. Түүнчлэн, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд таблет компьютер, GPS цаг хандивлаж дэмжлэг үзүүлээд байна.

Томоохон зорилгод хүрэхэд бодит ажил хэрэг шаардлагатай. Хятад улс цаашид НҮБ-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, НҮБ нь олон улсын үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, олон улсын шударга ёсыг сахих, дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах сайн сайхан зорилгод чиглэн олон улсын нийгэмлэгийг тасралтгүй урагшлуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж