niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:06 UTC Эх: https://news.mn/r/2830140/ 5db828c33d6c02f4… ← niitlelch.mn руу буцах

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2025.10.24-нд нийтлэгдсэн

LiveБ.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын өнөөдрийн /2025.10.24/ нэгдсэн чуулган 10:00 цагт хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 59
2025-10-24

Чуулганы хуралдааныг түр завсарлууллаа

УИХ-ын дарга Б.Пүрэвдорж:

-УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Одоо Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж сайдаар томилох асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг түр завсарлуулж байна. 

Засварлагааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон тухай захирамж гаргаснаар томилгоо албажиж байна.

Улмаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тангаргаа өргөв.

14 : 10
2025-10-24

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг танилцууллаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцуулж байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-УИХ-ын дэд дарга, Эрхэм гишүүд ээ…

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрдох заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлсэн. 

Улмаар энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хуралд танилцуулахаар 2025 оны аравдугаар сарын 01-ны өдөр Засгийн газрын 1-111 тоот албан бичгээр хүрнүүлснээс хойш 24 хоногийн хугацаа өнгөрөөд байна. 

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Л.Мөнхбаатарыг ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Б.Энхбаярыг томилох асуудлыг УИХ-д үүгээр танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайдаар томилогдох Б.Энхбаярын дэлгэрэнгүй намтарыг УИХ-д албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн болно.

Баттөмөрийн Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан. 

Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна. 

Баттөмөрийн Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жилийн туршлагатай, шилдэг, мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эр зоригтой, ард иргэдийн итгэлийг даах улс төрч гэж үзэж байна. 

Өнгөрсөн өдрүүдийн хий хоосон улстөржилт нь улс орон, ард түмэн, төр алба, хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвөлжилтийн бэлтгэл, бензин шатахуун, цалин хөлс зэрэг цаг үеийн шинжтэй нийгэм, эдийн засгийн хойшлуулшгүй, нэн яаралтай шийдвэрлэх олон асуудал байна.

Ард түмэн “Улс төр биш ажлаа хий, асуудлаа шийд” гэж Та биднээс шаардаж байгааг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна. Иймд Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай УИХ танилцаж, Засгийн газрын гишүүний тангараг өргөх боломжоор хангаж өгөхийг хүсье.

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ. 

Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ. 

Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхээ эдэлж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиг үүргээ биелүүлэхэд нийт ард түмэн болон УИХ дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.  

Баялагтаа эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна.

Монгол Улсад хулгай худал биш хууль, үнэн ялах болтугай!

Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж хуралдаж байгаа чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс хасч өгөхийг хүсч байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Та УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаандаа оролцох үүрэгтэй. Тиймээс хуралдаан даргалагчийн хувьд ирцээс хасах боломжгүй. Бусад асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгнө үү. 

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж олгохыг хүсч байна. Засгийн хуралдаан хуралдаж, асуудал шийдэхэд ХЗДХ-ийн сайдын санал дүгнэлт зайлшгүй шаардлагатай. 

Хоёрдугаарт, эцсийн дүгнэлт цагаан дээр хараар ҮХЦ-ийн дүгнэлт эцсийнх байна. Үүнийг УИХ хянан хэлэлцэхгүй гэж заасан байгаа. Цэцийн дүгнэлтээ бүрэн унших хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 

-ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хоёр асуулт асууя. Сүүлийн үед Монгол Улсад хулгай нэмэгдэж, төр томроод байгаагийн гол шалтгаан нь төрийн өмчит компаниуд байгаа. Тэгэхээр төрийн болон нийтийн өмчийн талаар та ямар бодлого хэрэгжүүлэх вэ? 

Хоёрдугаарт, төрийн нууцад оруулж байгаад өмч хөрөнгө шамшигдуулдаг, хулгай хийдэг асуудал байгаа. Тэгэхээр төрийн ил тод байдалтай холбоотой асуудлаар та ямар ажил хийх вэ? 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Төрийн нууц гэдэг тамганы ард олон хулгай байдаг нь ил болсон. Үүн дээр би зөвхөн ярих биш тодорхой үйлдэл хийж байсан. Тухайлбал, 2023 оны аравдугаар сарын сүүлээр миний бие ХЗДХ-ийн сайдын хувьд Засгийн газраас Төрийн болон албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулж байсан. Энэ нь албаны нууцыг тухайн төрийн өмчит компанийн захирлууд байгуулга агентлагийн захирлууд өөрийн үзэмжээр дарах эрхийг хязгаарлаж, тагнуулын байгууллагын дүгнэлтийг авсны үндсэн дээр тамга дарах өөрчлөлтийг хийсэн. 

Тэгэхдээ энэ өөрчлөлт хангалтгүй. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг миний бие бүрэн шинэчилж УИХ-д оруулж ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. 

Төрийн нууц гэдэгт ямар ямар нууц оруулахыг УИХ шийддэг байх ёстой. Одоогийн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу Засгийн газар үүнийг шийдээд байгаа. Тиймээс ард түмний төлөөллийн байгууллагын хяналтаас гарчхаад байгаа юм. 

ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт:

-Худлаа үгийг мянга давтвал үнэн болчихдог. Ямар нэг аргаар л ялж байх юм бол ялагчийг шүүдэггүй. Хуйвалдаад хууль зөрчөөд ялагчийг шүүдэггүй үзэл хандлага сүүлийн хэдэн жил ноёрхлоо. Үнэнд бас гүйцэгдэх өдөр ирдэг юм байна. 

Өнөөдөр тэмээг ямаатай харьцуулаад амьтан бол амьтан шүү дээ гээд байх юм. Засгийг газрыг Үндсэн хууль зөрчиж огцруулчхаад өмнө нь ингэж л огцруулсан шүү дээ гээд байсан. Гэхдээ үнэнд гүйцэгдэж, ҮХЦ шийдвэр гаргасан. 

Гэтэл одоо ҮХЦ-ийн дүгнэлтийг бас хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдэг асуудал яриад байна. Цэцийг шийдвэр албажаагүй байхад Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ томилох гэлээ гээд байх юм. ҮХЦ-ийн шийдвэр гармагцаа хэрэгжинэ гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. ҮХЦ их суудлын хуралдаанаар хуралдаж шийдвэр гаргасан бол эцсийнх байна гээд заачихсан. 

Тэгэхээр Үндсэн хуулийг дур зоргоороо тайлбарлаад, олуулаа дайраад ялагч болно гэж бодож байвал эндүүрэл шүү.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Нэр бүхий гишүүд надад хандаж асуудал ярьж байх шиг байна. ҮХЦ-ийн шийдвэр эцсийн шийдвэр байгаад энэ асуудлаар УИХ хүлээн зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргахгүй. Үүний дараагийн асуудал гэвэл Ерөнхийлөгчийн хоригийг хуулийн дагуу хэлэлцэх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол, Ерөнхий сайдыг огцруулсан Засгийн газрын тогтоол хүчингүй болно. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол тодорхой зөрүүтэй асуудлууд гарна. Эцсийн шийдвэр ҮХЦ-ийнх учраас Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. 

Хоёрдугаарт, ҮХЦ-ээс Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсан болохоос биш, аравдугаар сарын 16,17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы ирцийн тухай асуудлаар аливаа нэгэн иргэн хүсэлт өгөөгүй учраас энэ асуудлаар шийдвэр гараагүй. Тиймээс өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал албан ёсны байна гэдгийг хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Олон жил турш хулгай, авлигтай тэмцье гэж ярьсан. Энэ болгонд өчнөөн олон хүний нэр дурдагдасан. Гэвч бодитоор хариуцлага хүлээж ял авсан юм бэ? Энэ маш цөөхөн тоо гарах байх. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудыг удирдан чиглүүлэх нь мэдээж ойлгомжтой үүрэг. Гэхдээ үүнээс ч илүү чухал нь төрийн эрх зүйн бодлогыг хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчныг цогцоор нь сайжруулах чиг үүрэгтэй албан тушаал гэдгийг онцлох хэрэгтэй.

Өнөөдөр нийгэмд яригдаж буй нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудын уг сурвалж нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ил тод байдлын дутагдалтай шууд холбоотой гэж үзэж болно. Хэрвээ энэ компани 15 жилийн өмнө нээлттэй компани болж, ил тод засаглалын тогтолцоонд орсон байсан бол өнөөдрийн нөхцөл байдал өөр байх байсан болов уу гэж би хувь хүнийхээ хувьд боддог.

Үүнтэй уялдуулан, Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дугаар заалт хэрэгжихгүй, амь оролгүй 10 гаруй жил өнгөрөөд байна. Ийм нөхцөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд та энэ заалтыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг бодитоор амилуулах чиглэлд ямар манлайлал, бодит алхам хийхээр төлөвлөж байна вэ?

Хоёрдугаарт ТӨК-иудыг хэрхэн задлаж, хувьчлах ёстой вэ? Төрийн хяналтыг хэрэгжүүлэх гээд байгаа бол мөнгө санхүү удирдлагад нь биш, харин алтан хувьцааны хэлбэрээр оролцох боломжийг нь гаргах тал дээр та ямар бодол, саналтай байна вэ? 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-ХЗДХ-ийн сайд гэдэг хувиар нь бодлогын тодорхой асуулт асуусанд талархалтай байна. ХЗДХ-ийн сайдын гол чиг үүрэг бол Хууль зүйн бодлогын асуудал. Би өмнө нь долоон сарын хугацаанд ажиллахдаа энэ ажил дээр 90 хувьтай төвлөрч ажиллаж байсан. Хүмүүс намайг ХЗДХ-ийн сайдаар томилогдсоныхоо маргааш Төрийн ордноос нэг хүнийг бариад явчих байх гэж бодож байгаа байх. 

Энэ бол гэмт хэрэг мөрдөн шалгах байгууллагын ажил. Харин би улс төрийн манлайллаа бол илэрхийлнэ. 

ХЗДХ-ийн сайдаар томилогдсон тохиолдолд миний анхны санаачлах хууль бол Гэр бүлийн тухай хууль байх болно. Муу муухай бүхэнтэй муу муухай аргаар тэмцэж болохгүй. Би чөтгөрийг дарах гэж байгаад чөтгөр болж болохгүй гэдэг зарчимтай.

 

 

 

 

12 : 42
2025-10-24

Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулав. 

Түүнчлэн Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороодоос гарсан санал, төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцууллаа. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг ЭНД дарж уншина уу.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаах санал гаргав. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Манай гишүүд төсвийн зарлага нэмэгдүүлэх саналыг ихээр оруулж ирж байна. Үүний тулд нэр бүхий гишүүдийн гаргасан төсвийн зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж болно шүү дээ. Тэгэхгүйгээр шууд зардал нэмэх санал оруулж ирж байгаа нь учир дутагдалтай гэв. 

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцааснаар УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

 

 

 

11 : 09
2025-10-24

2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал үргэлжилж байна

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх асуудал үргэлжилж байна. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад явж байна. Үүнийг зарчмын хувьд зүй ёсны асуудал гэж бодож байгаа. Тэтгэвэр нэмэх асуудал ч мөн яригдаж байгаа. Монгол Улсын төсөв 2017 онд нийт 9 их наяд төгрөг байсан. Өнөөдөр бид орлогоо бууруулан байж 33 их наяд төгрөгөөр оруулж ирж байна. Урсгал зардал 2017 онд 7 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 24 их наяд төгрөгийн урсгал зардлыг батлах гээд хэлэлцэж байна. 

Боловсрол, эрүүл мэнд гэх мэт чухал салбарынхаа төсвийг нэмэх боломжийг юу гэж харж байгаа вэ? Дөрөв дахин өсчихсөн урсгал зардлын гол шалтгаан юу вэ, юунаас шалтгаалж өссөн бэ? 

Хоёрдугаарт төсвийн орлогын стратеги гэдэг зүйл байна уу? Төсвийн орлогыг бүрдүүлэх боломж бий юу? Цаашдаа тогтвор суурьшилтай төсвийн орлогыг бүрдүүлэх бодлого байгаа юу? 

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа бид өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон байсан. Гэвч одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаад орлогын төлөвлөгөөг бодитой түвшинд бууруулж тооцсон. Орлого буурахаар тооцсон гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой. Иймд шинэчилсэн төсвийн хүрээ өмнөхөөсөө илүү бодит, хэрэгжих боломжтой болсон гэж үзэж байна.

Төсвийн орлого бүрдүүлэх ажлын хүрээнд бид богино хугацааны стратеги хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, салбар бүрийн орлогын хувь хэмжээг тодорхойлж, ажлын эрэмбийг тогтоосон. Үүнтэй уялдуулан бүх төслөө эрэмбэлж, орлого нэмэгдүүлэхэд шууд нөлөөтэй гэж үзсэн төслүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн боловсруулалт ямар шатандаа явж байгаа вэ? уг хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа вэ?. Жишээлбэл Даланзадгадын дулааны цахилгаан станцын төсөл төсөв батлагдсаны дараа ямар хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжих талаар тодруулж өгнө үү.

Хамгийн гол нь заавал улсын төсөв гэхгүйгээр аймаг, орон нутгуудад асар их боломж бий. Үүнийг нь төрөөс дэмжинэ гэж сүүлийн 30 гаруй жил ярьж байна шүү дээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Р.Сэддорж гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар олон төслийг хэрэгжүүлэхэд манлайлж ажилласан. Гэвч бид аливаа төслийг хэрэгжүүлэхдээ усны асуудлыг орхигдуулж болохгүй. Ялангуяа говийн бүсийн хөгжлийн үндэс болсон Орхон–Онги, Хэрлэн–Тоонот зэрэг усны томоохон төслүүдийг урагшлуулахгүйгээр цаашид зөвхөн уул уурхай төдийгүй бусад салбарт ч төслүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх нь тодорхой байна.

Орхон–Онги төслийн техник, эдийн засгийн үндэслэл 2020 онд хийгдсэн боловч өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байгаа. Харин Хэрлэн–Тоонот төслийн хувьд Оюутолгой компанийн санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. Ер нь бид зураг төсөл, ТЭЗҮ-гээ бүрэн боловсруулж, дараа нь гадаад дотоодын санхүүжилт татах ажлаа эрчимжүүлэхгүй бол төслийн хэрэгжилт цааш ахихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иймээс бид төсөл, хөтөлбөрүүдээ эрэмбэлэхдээ усны дэд бүтцийн төслүүдийг тэргүүн ээлжид тавьсан. Ирэх оны Монгол Улсын жилийн төлөвлөгөөнд нийт 126 төсөл багтсан, үүний 76 нь улсын төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжиж байгаа. Харин үлдсэн 50 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа ч нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой байна. Тиймээс бид эдгээр төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг судалсны эцэст таний хэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Тэгэхээр энэ 50 төсөл Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжинэ. Аймаг орон нутгууд бие дааж төслөө хэрэгжүүлэх боломж олгоно. Нийслэл дээр түншлэлийн төсөл амжилттай хэрэгжээд байгаа шалтгаан нь таван салбарт, 100 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй төслүүдийг Засгийн газраас баталсан хялбаржуулсан журмаар хугацаа бага, үе шат бага байдлаар хэрэгжүүлж байгаа.

Энэ төсөв дагасан хууль батлагдсанаар аймаг орон нутгууд бүгд түншлэлийн төслөө бие дааж бололцоо бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: 

-Юуны түрүүнд Засгийн газрын гишүүнийг танилцуулах асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж оруулж ирлээ. Хоёрдугаарт, нэр дэвшиж байгаа гэх юм уу Б.Энхбаяр гэдэг хүн удаа дараа гишүүдийг сүрдүүлж байна. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр миний гаргасан саналыг унагаад, унагахдаа "намайг доромжилсны чинь төлөө энэ саналыг унагалаа" гэж хэлсэн. Энэ хүнд хууль зүйн салбар хамаагүй, хувийн өш хонзон л хамаатай. 

Гуравдугаарт, ҮХЦ-ийн дүгнэлтийг бид бичгээр аваагүй байхад, ҮХЦ өнөөдөр өглөө олон нийтэд нээлттэй байршуулчихсан. ҮХЦ-тэй холбоотой асуудлыг УИХ чухалчилж авч үзэхгүй бол болохгүй. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Х.Баасанжаргал гишүүн ээ ҮХЦ дээр очсон хүний чинь хувьд танд нэг зүйлийг хэлье. ҮХЦ бол хүсэлт өгөөд түүнийх нь дагуу шийдвэр гаргаж байгаа, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулсан тухай асуудлаар шийдвэр гаргасан. Тухайн хэлэлцэх явцдаа Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан. ҮХЦ-д аливаа нэгэн ирцийн талаар болон ҮХЦ-ийн шийдвэр гарахаас өмнөх бусад шийдвэрийн талаар асуудлаар хүсэлт өгөөгүй. Тиймээс өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал бол  ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. 

Үүнийг П.Сайнзориг гишүүнд бас хэлье. 

Хуралдааны ирц хангалтгүй байгаа учраас хэлэлцэж буй асуудалтай холбоотой санал хураалтыг түр хойшлууллаа. 

 

 

10:40
2025-10-24

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

Screenshot 2025-10-24 110834

УИХ-ын өнөөдрийн /2025.10.24/ нэгдсэн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байна. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "УИХ-ын дараагийн даргыг сонгох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын тогтоолд заасны дагуу УИХ-ын даргын бүхэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Өчигдөр УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар холбогдсон байсан. УИХ-ын тухай хуулийн 14.4 дүгээр зүйл дээр УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх, бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаар зааж өгсөн байдаг. Үүний дагуу УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганыг даргалах бүрэн боломжтой" гэх тодруулгыг өглөө. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт таван асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ үдээс өмнөх хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Түүнчлэн үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэх саналтай байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж та хэдэн асуултад хариулна уу. Нэгдүгээрт Засгийн газрын гишүүнийг танилцуулах тухай асуудал өмнө нь хэчнээн удаа хэлэлцэх асуудлын товд орж байсан бэ?

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал өмнөх чуулганы хоёр удаагийн тов дараалалд орж байсан. Тухайлбал өнгөрсөн Баасан гаригийн хуралдааны тов дараалалд байсан. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Тэгэхээр энэ асуудал өмнө нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дэмжигдэж, хэлэлцэгдэх гэж байсан гэсэн үг үү? 

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Тийм

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Хэлэлцэх асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшилсон учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын зургадугаарт оруулж байна. Үүнтэй холбоотойгоор хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулъя. 

Гишүүдийн 53.7 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж