niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:34 UTC Эх: https://news.mn/r/2829769/ 3e548b739c9fb006… ← niitlelch.mn руу буцах

Бүтээн байгуулалт уу, бүтэлгүйтэл үү?

Хуучирсан мэдээ: 2025.10.22-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалт уу, бүтэлгүйтэл үү?

Бүтээн байгуулалт уу, бүтэлгүйтэл үү?

МАН дангаар засагласан сүүлийн жилүүдэд Монгол Улсад нэг ч цахилгаан станц шинээр баригдаагүй. Үүний улмаас Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажилладаг "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ачааллаа дийлэхгүйд хүрсэн.  Албаныхны мэдээлснээр эрчим хүчний салбарт аврал авчрах “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт санхүүжилтийг 600 сая ам.доллар буюу 2 их наяд 40 тэрбум төгрөг гэж тооцож байгаа. Тодруулбал, нэг мегаваттыг 2 сая ам.доллараар барих нь олон улсын жишиг үнэ гэдгийг хэлж байгаа юм. Гэтэл энэ байтугай мөнгийг өнгөрсөн жилүүдэд төрийн эрх баригчид бүтээн байгуулалт нэртэй "гацсан, мартсан, амжилтгүй болсон" төслүүдэд зарцуулсан байх юм. Мөн үүнээс ч илүүг цаашид зарцуулахаар төлөвлөөд байна.

ГАШУУНСУХАЙТЫН ГАШУУН СУРГАМЖ

Бидний "мухар" гэж нэрлэдэг төмөр замын төсөлд л гэхэд дулааны цахилгаан станц барихад шаардлагатай санхүүжилтээс хоёр дахин их мөнгө зарцуулсан байх жишээтэй. "Мухар" гэгддэг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар "Бодь интернэшнл" ХХК барьсан.

Харин тухайн "мухар" төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох гэрээг 2025 оны хоёрдугаар сард Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар байгуулж, 18 жилийн хугацаанд үргэлжилсэн Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын хэлэлцээрт цэг тавьсан юм. Гашуунсухайт бол бидний гашуун сургамж.

Гэсэн ч төсвийн мөнгө уйлдаггүй гэхчээр Засгийн газар ойролцоогоор 37.3 их наяд төгрөг шаардлагатай 14 мега төсөл, нийслэл ойролцоогоор 55.6 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 14 мега төслөөс зургаа нь, нийслэлийн 14 мега төслөөс дөрөв нь хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн хэрэгжилтийн бэлтгэл хийгдэж буй Засгийн газрын дөрвөн мега төсөл байгаа бол нийслэлийн таван төсөл байна. Харин судалгаа, төлөвлөлтийн шатанд Засгийн газрын дөрөв, нийслэлийн 14 мега төсөл байгаа юм.

Хэрэгжиж эхэлсэн МЕГА төслүүд:

  •  Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам
  • Газрын тос боловсруулах үйлдвэр
  • Ураны төсөл
  • Зэс боловсруулах цогцолбор
  • Гангийн цогцолбор
  • Эрдэнэбүрэнгийн 90 мат-ын усан цахилгаан станц
  • "Баянхошуу хот" орон сууцжуулах төсөл
  • "Сэлбэ хот" орон сууцжуулах төсөл
  • "Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц
  • Дүүжин замын тээвэр
  • Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам

МЕГА ТӨСЛҮҮД ГЭХ МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ

Бүр нарийн авч үзвэл Засгийн газрын болон нийслэлийн ердөө нэг нэг төслүүд л жил бүрийн тайлангаа ил тод, нээлттэй байршуулсан байх жишээтэй.  Бусад төслүүдийн тухайд ямар нэгэн веб сайт, мэдээлэл авч болохуйц эх сурвалж байхгүй байгаа юм. Эдгээр томоохон төслүүдэд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэх ёстой. Гэтэл ердөө Засгийн газрын дөрвөн төсөл, нийслэлийн гурван төсөл дээр л дээрх үнэлгээ хийгдсэн байна. Бусад төсөл дээр энэ үнэлгээ хийгдсэн үү, тийм бол хаана байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн эдгээр төслүүдэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан юм уу, тэр нь хэн юм бэ гэдэг нь маш чухал. Үүн дээр гэхэд л Засгийн газрын зургаан төсөл, нийслэлийн гурван төсөл л төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан, энэ компани ажиллаж байгаа гэх мэдээлэл нь нээлттэй байгаа юм.

Мега төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явц өөрөө тодорхой, хууль эрх зүйн суурьтай явах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдах ёстой байдаг. Энэ утгаар аваад үзвэл Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны баримт бичиг байх ёстой, үүнийг дунд хугацаанд буюу тав таван жилээр Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл гэж баталдаг. Гэтэл одоогоор Монгол Улсыг 2025-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичиг гэдэг зүйл байхгүй байгаа. Үүнийг уг нь өнгөрсөн жил батлах ёстой байсан.

Өөр нэг сонирхол татаж байгаа асуудал нь эдгээр төслүүдийн хэдэд нь Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ байгаа вэ гэдгийг харахаар Нийслэлийн 24 мега төслийн 12-т нь ТЭЗҮ болон заримд нь урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн 12-т нь огт байхгүй байгаа юм. Засгийн газрын 14 мега төслийн 10-т ТЭЗҮ хийгдсэн, дөрөвт нь байхгүй буюу мэдээлэл тодорхойгүй байна. Тиймээс эдгээр төслүүдийн төсөвт өртөг гэдэг зүйл зүгээр таамаглал болчхож байгаа юм.

ХУМСАЛСААР ХУМСАЛСААР ХУЛГАЙЧ

Нийслэлийн төсвийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Аж ахуйн нэгжүүдийн татвараар нийслэлийн төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг бол хувь хүний орлогын албан татвар дүүргүүд рүү чиглэж зарцуулагддаг онцлогтой. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны байдлаар нийслэлийн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 300 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Харин улсын төсөв 2024 оны мөн үетэй харьцуулахад хоёр их наяд орчим төгрөгөөр дутсан тул нийслэлээс нэмэлт эх үүсвэр татах шаардлага үүсч, өнгөрсөн долдугаар сард нийслэлийн 2025 оны төсвийг тодотгосон. Тодотгол хийсэн ч нийслэл ихэнх томоохон төслүүдээ гаднын зээл, хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа учраас нийслэлийн төсөвт хүнд ачаа болоогүй.

Дээр нь метро, дүүжин тээвэр, хурдны зам гэх мэт төслүүд энэ жил төслийн нэгдүгээр болон хоёрдугаар шатандаа л яваа.

Урин дулаантай зэрэгцэж зам засварын ажил эхэлдэг. Үүнтэй зэрэгцэн иргэдийн хэлдгээр “бордюр сольдог бизнес” ч мөн эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд энэ зун 15 байршилд нийт 59.6 км урттай явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд байгалийн чулуугаар хийсэн, халтирдаггүй, барзгар гадаргуутай шинэ хавтан ашиглаж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа ч бодит байдал дээр Хятадаас саарал хавтан оруулж ирж байгаагаа нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн.

Өнгөрсөн 2024 оны тухайд 35.6 тэрбум төгрөгөөр зургаан байршилд явган хүний замыг засч, шинэчилсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Харин энэ жилийн төсвийн мэдээлэл тодорхой бус байгаа юм. Үүнээс гадна Сэлбэ дунд гол дагуу 20 тэрбумаар бетонон хашаа барьсан, Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг 44 тэрбумаар тохижуулсан гэх мэтийг дурдаад байвал хумсалсаар хумсалсаар хулгайч гэдгийн үлгэр л болж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж