niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:34 UTC Эх: https://news.mn/r/2829826/ cba65f60c29a2e36… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Шатахуунд дугаарласан машинууд түгжрэлийг нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шатахуунд дугаарласан машинууд түгжрэлийг нэмэгдүүлж байна

Сурвалжлага: Шатахуунд дугаарласан машинууд түгжрэлийг нэмэгдүүлж байна

Нийслэлд шатахуун олдохгүй, иргэд олон цагаар дугаарлаж байна гэх мэдээллийн дагуу бид бодит байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжлахаар Долоон буудал орчмыг зорилоо. Сүхбаатарын талбайгаас хойш чигээрээ яваад Хүнсний-4 өнгөрөөд 32-ын тойрогт очиход 17:00 цаг болжээ. 32-ын тойргийн урдхан байрлах Сод Монгол шатахуун түгээх станц руу орох машинууд замын нэгдүгээр эгнээнд дугаарлан зогсжээ. Ойролцоогоор 100 орчим метрт энэ цуваа үргэлжлэх аж.

Жолооч Д.Нэргүйгийн хувьд энд 15:00 цагийн үед ирсэн, цаг 30 минут дугаарлаж байгаа гэнэ. Биднийг очиход түүний өмнө арваад машин харагдаж байв. Түүний хувьд, өчигдөр орой /2025.10.20/ хоёр, гурван ШТС-ээр орсон ч шатахуун авч чадаагүй, бензиний шар гэрэл нь ассан тул өнөөдөр ийнхүү дугаарлахаас өөр аргагүйд хүрээд зогсож байгаа нь энэ. Тэрбээр, “Өчигдөр орой бараг шөнө 12 цагийн үед колонкууд маш их ачаалалтай байсан. Хоёр цаг гаран дугаарлаж, дугаарлаж очиход, бензин дууссан, дууссан гээд өгөхгүй байсан. Салбарын сайд нь шатахуун хэвийн байгаа гээд мэдээлэл хийгээд байх юм. Бодит байдал дээр иргэд хэчнээн цагаар дугаарлаж байгааг та нар өөрсдөө харж байгаа биз дээ. Тэгээд сүүлдээ иргэдийг бензин их авч, банкаа дүүргээд байгаа учраас зохиомол хомсдол үүсээд байна гэх зүйлийг хэлсэн байна лээ. Нэгдүгээрт, миний машин гэхэд приус-30 банкиндаа 30-35 литр шатахуун орно. Өөрөөр саванд өгөхгүй. Тэгэхээр нэг их хомсдол үүсэхгүй болов уу гэж бодож байна.

Гэсэн ч өвлийн хүйтэнд бензингүй болоод зам дээр зогсохыг хэн  ч бодохгүй биз дээ. Тэгээд ч хүн болгон банкаа дүүргээд байна гэж бодохгүй л байна.

Бараг 14 хоногийн өмнө л шатахуун олдоц муу байна гэж яригдаж байсан шүү дээ. Гэтэл одоо хэвээрээ л байна” гэж нэлээд бухимдаж байв.

Харин түгээгч эмэгтэйн хэлж буйгаар, тус шатахуун түгээх станцын хувьд бензиний нөөц хэвийн, иргэдэд авах хэмжээгээр өгч байгаа. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээллээс үүдээд өчигдөр оройноос хойш ачаалал эрс нэмэгдсэн гэдгийг хэлж байсан юм.

Тус колонкоос хөдлөөд нэг километр орчим яваад МТ шатахуун түгээх станц дээр очиход нөхцөл байдал эсрэгээрээ нэг ч машин байхгүй байв. Түгээгчид байрлах байранд хоёр эмэгтэй сууж байх бөгөөд шатахуун тасарсан зүйл байхгүй гэдгийг хэлэв. Тухайн колонкод бензин хэвийн олгож байгаа ажээ. МТ колонкийн тухайд бензин дуусах бүрт татан авалт хийдэг. Оройн цагаар жолооч нар нэлээд ирж байна гэв.

Бид 32-т байрлах МТ ШТС-аас хөдлөөд, Сансарт байрлах Шунхлай ШТС дээр очив. Тус колонк дээр очиход оройн 18:30 цаг болж байв. Энд колонк руу баруун талаас орох талд ачаалал ихтэй зүүн тийш чиглэлийн замын нэгдүгээр эгнээнд бензин дугаарлах машинуудын урт цуваа үүсчээ. Харин зүүн талаас орох урсгалыг төмөр хаалтаар хаасан байв. Энд дугаарлаж байгаа иргэдийн хувьд нэлээд бухимдалтай түгээгч эмэгтэйтэй зарим жолооч нар маргалдах бол зарим нь жаахан бензин 10,20 мянган төгрөгт өгөхийг гуйж байлаа.

Тэдний нэг Д.Төмөрбаатар. Түүний хувьд мөн л өмнөх өдөр нь бензин авч чадаагүй учир ийнхүү авах гээд цаг гаруй зогсож байгаагаа хэлэв. Тэрбээр, юу, юугүй машин унтарлаа. Бага насны хүүхдүүдээ нааш, цааш нь зөөдгөө учирлаж, жаахныг ч болов өгөх арга алга уу гэж зогсож байгаа нь аргаа барсныг илтгэнэ. Ингэж зарим уурлаж, гуйж байхтай зэрэгцээд биднийг очоод арван минут ч болоогүй байхад, түгээгч эмэгтэй бензин дууссаныг хэлж, бензиний нөөц дахин хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна. “Мэддэг хүмүүсээс нь асуу” гэсээр байр руугаа орж хаалгаа дотроос нь түгжиж мэдээлэл өгөхөөс татгалзав.

Ингээд тухайн колонкийн замын зүүн болон зүүн хойно байх Петровис ШТС дээр очвол мөн л бензин дууссан байдалтай, машин оруулахгүй гэж тууз татаж хаасан байдалтай байх ажээ. Харин түгээгч эмэгтэй мөн л хэзээ бензин ирэхийг мэдэхгүй гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Тэгвэл 20:00 цагийн үед Офицеруудын ордноос зүүн тийш 500 орчим метр зайд байрлах "NES OIL" ШТС дээр 200-300 метр урт машины дараалал үүсчээ. Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд шатахуун түгээх станцад дугаарлах машинуудаас болж нэлээд түгжрэл үүссэн, зарим орон сууцууд руу орох хөдөлгөөн хаагдсан байдалтай байв.

Жолооч нарын хэлж буйгаар мөн л 1-2 цаг зогсож байж бензин авч байна. Зарим газрууд 20-30 мянган төгрөгт хязгаартай бензин олгож байна. Энэ машин тэргээ халаахаас эхлээд хурдан дуусдаг. Мөн дараагийн өдөр нь дахин бензин хайж явсаар байтал дуусч байна.

АИ-92, АИ-95 аль байгааг нь авахаас өөр сонголт алга гэдгийг хэлсэн юм.

Г.ДАМДИННЯМ: ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙЛГАХ ҮҮДНЭЭС ХЯЗГААРЛАЛТТАЙ ОЛГОЖ БАЙНА

Шатахууны хомсдолтой холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр, “Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог. АИ-92 автобензиний аравдугаар сарын ОХУ-с авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-с өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна. Ялангуяа Улаанбаатар хотод хэрэглээ эрс нэмэгдэж хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье. Өмнөх жилүүдэд байсан хэмжээнээс илүү ихээр худалдан авах, нөөцлөх хандлагатай байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна.

Иймд зарим үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд оруулж байгааг ойлгож хүлээн авна гэж найдаж байна. Шатахуун импортлогч ААН-тэйгээ хамтран хүндрэлийг даван гарахын тулд байнга ажиллаж байгаа болно.

Цаашид олон жилийн турш яригдаж бодитой үйлдэл хийгдээгүй явж ирсэн түлш, шатахууны агуулахаа яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна” гэв.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас шатахууны хомсдолтой холбоотой нэгдүгээр эгнээнд машинууд дугаарласнаас үүдэж түгжрэл, замын ачаалал нэмэгдсэн гэдгийг хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж