niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 05:34 UTC Эх: https://news.mn/r/2829842/ 87722202f7adab8a… ← niitlelch.mn руу буцах

"Үндсэн хуулийг дураараа тайлбарлах, буруугаар хэрэглэх хэрээс хэтэрлээ"

Хуучирсан мэдээ: 2025.10.22-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийг дураараа тайлбарлах, буруугаар хэрэглэх хэрээс хэтэрлээ"

"Үндсэн хуулийг дураараа тайлбарлах, буруугаар хэрэглэх хэрээс хэтэрлээ"

 Монгол Улсын ШУА-ийн гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаагаас цөөн асуултад хариулт авлаа.


-УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулахдаа 2019 оноос өмнөх Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулсан жишээнүүдийг эш болгож, түүнтэй адил дэгээр хэлэлцсэн нь Үндсэн хуульд нийцэх үү?

-Эхлээд нэг зүйлийг албан ёсоор цохон тэмдэглэж хэлье. Ажил албаны шаардлагаар өнгөрсөн зуунаас энэ зууныг дамнан 200 жилийн дотор би намаас хол байгаа ч улс төрийн мэдрэмж бол гайгүй. Иргэн, байгууллага хэнбугайн ч хувьд Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглосон. Цэцийн гишүүдийн зураг хөргийг нийгмийн сүлжээнд тавиад эхэлсэн явдал бол нөлөөлж байгаа хэлбэр мөн. “Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг” гэж  өөрсдийгөө хэлдэг гэдэг нь зүй бус. Монголд төсөл хэрэгжүүлж байсан Германы иргэн Вилке нь УИХ буюу парламент, түүний гишүүн нь ард түмний удирдагч оройн дээд биш, Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэсэн утгаар зүйрлэн хэлсэн юм.

Дэлхий дахинаа 200-аад жилийн өмнө Францаас үүсэлтэй төрийн дээд байгууллагуудын хооронд эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу харилцан тэнцэлтэй, хяналттай байх үзэл баримтлалаар Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан. Дэлхийн улс орнуудад шашин шүтлэг давамгайлсан Үндсэн хууль, улс төр  давамгайлсан Үндсэн хууль, эрх зүй давамгайлсан Үндсэн хууль үйлчилдэг. Үүнээс Монгол Улс эрх зүй  давамгайлсан Үндсэн хууль бүрэн хэрэгжих хүртэл өдий байх шиг байна. Гол саад гацаа нь өнөөгийн  улстөрчид өөрсдөө болсон байна.

-Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн маргаан ид өрнөж байна. Та Үндсэн хуулийн манаачаар олон жил ажилласан. Үндсэн хуулийн Цэцийн дарга хийж явсан. Тиймээс энэ маргааныг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хууль тогтоомжийг Улсын дээд шүүх, харин Үндсэн хуулийн зүйл заалтыг Цэц албан ёсоор тайлбарлаж байна. Албан бус буюу онолын тайлбарыг эрдэмтэн багш, судлаачид тайлбар хийдэг. Гэтэл УИХ-ын гишүүд олон жил Үндсэн хуулийг, тэгэхдээ бүр өөр өөрөөр, эсрэг тэсрэгээр, урвуу зөрүү  тайлбарласаар ирлээ. Энэ бол тэдний хийдэг, эрхэлдэг ажил биш. Үндсэн хуульд ёс бусаар нэмэлт, өөрчлөлт оруулах, дур зоргоор тайлбарлах, буруугаар хэрэглэх нь хэрээс хэтэрч байна. 1992 онд баталсан Үндсэн хуульд 1999 онд анх удаа долоон зүйлд нь өөрчлөлт оруулаад, 2019 онд зургааг нь буцаан өөрчилсөн. 2019 онд УИХ-ын гишүүн нь сайд байх хязгаар тогтоогоод, төд удалгүй 2022 онд дахин буцаасан. Цэц хууль зөрчжээ гэж их ярих болжээ. Үндсэн хуулийн 64.2 дахь хэсэгт Цэц, түүний гишүүн ажил үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдана гэдгийг сайтар ухаж ойлгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн зөвхөн Үндсэн хуульдаа захирагдана гэж онцгойлон заасан.

-Төрийн аль ч байгууллага Үндсэн хууль зөрчих нь нийгэм, улс төрд ямар сөрөг үр дагавартай вэ?

-Аливаа улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, эрх зүйн тогтвортой байх баталгаа нь Үндсэн хууль өөрөө юм. Гэхдээ нийгмийн хөгжлийг хойш нь Үндсэн хууль татан чангааж саатуулж болохгүй. Хөгжлийн зүй тогтолоо дагаад хүний эрхийн үндэсний комисс зөвлөл, Монгол банк,  төрийн санхүү, үндэсний аюулгүй байдал гэх мэт асуудлыг дэлгэрүүлэн Үндсэн хуульд тодотгол хийх шаардлага гарч болох юм. Эрх зүйн акт хоорондоо зөрчилдвөл түүнийг шийдвэрлэх арга замыг аль эрт 2000-аад жилийн өмнө  эртний  Ромоос тогтсон нийтлэг журам байдаг. Ижил хоёр эрх зүйн акт хоорондоо зөрчилдвөл хамгийн сүүлчийнх нь илүү хүчинтэй, дээд доод шатлалын акт зөрчилдвөл дээд нь илүү хүчинтэй. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон атал хүчингүй болсон, хэрэглэхээ байсан, өмнөх заалт зөв гэх нь туйлын утга учиргүй зүйл болно гэж Үндсэн хуулийн Цэцэд зөвлөх байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж