Ж.Ганбат: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох боломжгүй
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч, хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Улсын төсөв 2021 онд 15.6 их наяд, 2022 онд 18.1 их наяд, 2023 онд 22.5 их наяд, 2024 онд 30.5 их наяд, 2025 онд 33.4 их наяд болж хоёр дахин өссөн. Энэ хугацаанд ахмадуудын тэтгэвэр яаж нэмэгдсэн бэ. 2021 онд ахмадууд хэдэг төгрөгийн тэтгэвэр авч байсан бэ, тэтгэврийг дабльдаж нэмж чадсан уу. Доод тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжтой юу. Ямар үндэслэлээр доод тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байна вэ судалгаа хийж үзсэн үү?

Ахмад настан Ц.Алтанзул:
-Төрийн ордны гадаа ахмадууд 40 шахам хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудсан. Миний бие ч адилхан муудсан, хавагнасан. Одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бна уу. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэд банкны зээлтэй, ямар ч орлогогүй учраас хоёр дахин нэмэгдүүлж өгөөч гэдэг санал гаргасан юм. Халамжаас тэтгэвэр авдаг 7400 ахмад байдаг, тэд сард 397.5 мянган төгрөг авдаг, үүнийг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх боломж бна уу.
Тэтгэврийг гурван үе шаттай нэмнэ гэсэн. Эхний ээлжинд тэтгэврийг 50 хувиар нэмэх боломж бна уу. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 281,200 ахмад тэтгэврийн зээлтэй байна, амьдрал дээр маш хүнд байгаа. Ихэнх нь эмнэлгээр явж байна. Үр хүүхэдгүй ганц бие ахмадууд олон байдаг. Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь руу буулгаж өгөөч гэдэг санал бас тавьж байна.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул:
-2022 онд тэтгэврийн хэмжээг 15-43 хувиар нэмсэн. Үүний дараа дундаж тэтгэвэр 549.5 мянган төгрөг болсон. Тухайн жил ахмад настнуудын тэтгэврийг нэмэхэд зориулж 637 тэрбум төгрөг зарцуулсан. 2025 оны байдлаар дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг байна.
2020-2025 оны хугацаанд дундаж тэтгэврийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:
-Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. 2025 оны төсөв 1 их наяд төгрөгөөр тасарсан байгаа. Нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор төсөв амаргүй байна. Төсвийн тодотголоор зардлыг 2 их наяд төгрөгөөр бууруулаад байхад нөхцөл амаргүй байна. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох боломжгүй.

Ажлын хэсэг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байгааг онцлов. Одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай байгаа бөгөөд оны эцэст 8.6 хувьтай байна гэсэн тооцоог Монголбанк хийжээ.
Засгийн газраас баталсан аргачлалын дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлсэн нь бодит инфляцаас 0.8 хувиар дутуу тогтоогдсон гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тооцсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 9.5 хувь байхаар баталсан дээр уг зөрүүг нэмж 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг тус яамнаас 2026 оны төсвийн төсөлд өгсөн байна. Үүнд одоо төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардагдах юм. Энэ хэмжээгээр ирэх онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, 6.0 хувь дээрээ нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.
Мөн ажлын хэсгээс Монголбанк эдүгээ 150 хувь байгаа тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг тэтгэдрийн зээлийг орлох бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын өөрсдийн хүсэлт, санаачилгаар банк хооронд хүндрэлгүй шилждэг байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч онцолсон.
Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц цалин, тэтгэвэр нэмнэ гэж попролгүй, инфляцийг хөөрөгдөхгүйгээр нэмэх шийдэл олох шаардлагатай гэсэн бол Б.Пунсалмаа гишүүн бага тэтгэврийг нэмэгдүүлж, өндөр тэтгэврийг нэмэх шаардлагагүй гэлээ. Мөн Л.Мөнхбаясгалан гишүүн зоримог реформыг эрс шийдвэртэй хийхгүй бол ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.
Байнгын хорооны дарга цэрэг, армийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс даах нь зөв боловч үүний хажуугаар хууль, хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдын шимтгэлийг хариуцах болсон нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Ахмадын тэтгэвэр, тэтгэврийн зээл, асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын хувьд дэмжиж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
170 мянган ахмадын тэтгэврийг бодит тогтоох ёстой хэмжээнээс доогуур тогтоожээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр /2025.10.21/ 09:00 цагт товлосон бөгөөд Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч, хэлэлцэж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Ахмад настнуудын 92 хувь нь өнөөдөр бага тэтгэвэр авч байна. Ахмад настнууд хамгийн бага тэтгэврийг доод тал нь 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан. Энэ хэмжээнд хүргэхийн тулд үе шаттай дорвитой нэмэгдүүлэх шаардлагатай.
Тэтгэврийг 2018 онд 27 мянган төгрөгөөр, 2019 онд 24 мянган төгрөгөөр, 2020 онд 25-40 хувиар, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10-22 хувиар, 2024 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмсэн.
Судалгаа хийж үзэхэд 170 мянган ахмадын тэтгэврийг бодит авах ёстой хэмжээнээс нь доогуур тогтоосон байна. Жилд 3000 орчим ахмад сүүлийн таван жилд НДШ-ээ огцом өндөр төлж, тэтгэврээ өндөр тогтоолгосон нь харилцан адилгүй тэтгэвэр авахад хүргэсэн.
Иймээс тэтгэврийн зөрүүг эхэлж арилгах шаардлагатай. Тэтгэврийн зөрүүг арилгахад 150 тэрбум төгрөг шаардлагатай.
Засгийн газар ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр 2026 оны төсөвт суулгасан. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан байсан. Салбар яамнаас нь гаргасан саналын дагуу тэтгэврийг инфляцитай уялдуулж 10 хувиар нэмэгдүүлэх. Дээр нь мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх шаардлага байна.
Ахмадуудын 92 хувь нь 692 мянгаас 800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Бага тэтгэвэр авдаг учраас зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт 97 хувьтай байхад хамгийн эрсдэлтэй зээл гэдэг ангилалд оруулсныг эргэн харах шаардлагатай гэв.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ