niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:30 UTC Эх: https://eguur.mn/704435/ d5768e0af11a9637… ← niitlelch.mn руу буцах
Гадаад мэдээДЭЛХИЙ

2027 онд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл өсөж магадгүй ч үнэ түүхэн дээд түвшинд хэвээр байна

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нь зэсийн баяжмал. Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) өнгөрсөн сард нийтэлсэн тайландаа  дэлхийн боловсруулсан зэсийн зах зээл 2027 он хүртэл нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байх аж. Мөн илүүдлийн хэмжээ 2026 оны 104 мянган тонноос 2027 онд 368 мянган тонн болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Тус байгууллага мэдээлснээр, дэлхийн боловсруулсан зэсийн үйлдвэрлэл 2026 онд 0.4 хувь, 2027 онд 3.4 хувиар өсөх төлөвтэй байна. Ирэх онд үйлдвэрлэл нэмэгдэхэд Индонез, Энэтхэг болон Европын Холбооны орнуудад хайлуулах үйлдвэр, цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэл нь эрчимжих нь голлон нөлөөлнө гэж “ICSG” үзжээ. Боловсруулсан зэсийн бодит хэрэглээ 2026 онд 1.5 хувь, 2027 онд 2.5 хувиар өсөх төлөвтэй байна.

Тодруулбал, 2027 онд дэлхийн боловсруулсан зэсийн үйлдвэрлэл 29.67 сая тоннд хүрэх бол хэрэглээ нь 29.30 сая тонн байх тооцоо гарчээ. Харин 2026 онд үйлдвэрлэл 28.69 сая тонн, бодит хэрэглээ 28.59 сая тонн байх төлөвтэй гэж “ICSG” үзсэн юм.

Гэвч “Fitch”-ийн судалгааны нэгж болох “BMI” зэсийн зах зээл 2027 оноос нийлүүлэлтийн алдагдалд орно гэж үзэж байгаа аж.

Зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эсэхээс үл хамааран зэсийн үнэ 2027 онд түүхэн өндөр түвшинд байх төлөвтэй байна. Дэлхийн банк аравдугаар сард тайлан гаргахдаа 2027 оны зэсийн үнийн төлөвийг 18 хувиар нэмэгдүүлж, тонн тутамд 13,000 ам.доллар болгосон юм. Энэ нь 2026 оны дундаж үнээс 1.5 хувиар буурсан үзүүлэлт ч гэсэн түүхэн дээд түвшинтэй ойролцоо хэвээр байна. Харин “Goldman Sachs” хамгийн өөдрөг таамаг дэвшүүлж, 2027 онд зэсийн үнэ тонн тутамд 15,400 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.

“ICSG” 2027 онд үүснэ гэж тооцоолж буй 368 мянган тонны нийлүүлэлтийн илүүдэл нь дэлхийн жилийн хэрэглээний 1.3 орчим хувьтай тэнцэх бага хэмжээ юм. Дэлхийн зэсийн хэрэглээгээр тооцвол 368 мянган тонн гэдэг нь 4–5 хоногийн хэрэгцээтэй тэнцэнэ. Дэлхийн жилийн хэрэглээ 29.3 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 80 мянган тонн байдаг.

Ийм учир томоохон уурхайнуудын аль нэгэнд саатал гарах, эсвэл эрэлт таамгаас бага зэрэг давахад энэ илүүдэл арилж магадгүй. Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойр хадгалагдана шинжээчид үзэж буй нэг шалтгаан нь энэ юм.

Харин Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох коксжих нүүрсний үнэ буурах төлөвтэй байна. Австралийн Ерөнхий эдийн засагчийн газрын есдүгээр сард гаргасан тайланд дурдсанаар, төмөрлөг үйлдвэрлэлийн нүүрсний үнэ өндөр түвшнээс буурч, 2031 онд үнэ тогтворжих төлөвтэй байгаа юм. Энэ хугацаанд нийлүүлэлт, эрэлт ерөнхийдөө тэнцвэртэй байна гэж тус тайланд бичжээ.

Эх сурвалж: ICSG, Australia’s Office of the Chief Economist

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert