Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамирыг өргөжүүлж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлж байна.
Энэ зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газраас “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аяныг өрнүүлж, иргэдийг нас, хүйс, ажил мэргэжлээс үл хамааран тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэхийг уриалж байна.
Аяны хүрээнд аймгийн Усан бассейн, Биеийн тамир, спортын газрын спорт заал болон Цагааннуур, Дулаанхаан, Ерөө, Баянгол, Сайхан, Хүдэр, Алтанбулаг, Мандал сумын спорт цогцолборт иргэдийг хамруулсан дасгал хөдөлгөөн, спортын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ингэснээр аймгийн төвөөс гадна сумдын иргэдэд спортын үйлчилгээг ойртуулж, тогтмол хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ.
Тогтмол дасгал хөдөлгөөн нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн жинг хэвийн хэмжээнд хадгалах, булчин, ясны чийрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад тустай. Мөн стрессийг багасгах, нойрны чанарыг сайжруулах, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих эерэг нөлөөтэй.
Иймээс иргэд өдөр тутмын амьдралдаа алхах, дасгал хийх, спортоор хичээллэх зэрэг идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян нь иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгоход уриалж буйгаараа онцлогтой.